Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн байгууллагын нэр хүндэд халдсан, шүүхэд нөлөөлсөн гэж прокурорын байгууллагад гомдол гаргасан байна. Түүнийг Хэнтий аймгийн шүүхийн хэлэлцсэн найман ишиг хулгайлсан гэх хэргийг сурвалжилж, мөн иргэдийн индэр ажлуулсан нь шүүхийн нэр хүндэд халдаж, нөлөөлсөн гэж буруутгажээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гомдол гаргасан бөгөөд хоёр хоногийн өмнө сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг гэрчээр тогтоосон байна. Гэвч өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын байгууллагаас Н.Өнөрцэцэгийг яллагдагчаар татахаа мэдэгдэж, дуудан ирүүлэх прокурорын мэдэгдэх хуудас ирүүлсэн талаар мэдээллээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Би магадгүй шүүхэд нөлөөлсөн бол Шүүхийн ерөнхий зөвлөл нь гарч ирээд Н.Өнөрцэцэг ингэж нөлөөлсөн гээд асуудлаа тайлбарлах хэрэгтэй. Цагдаагийн байгууллага нь намайг яллагдагчаар татах хүртэл шүүхэд нөлөөлсөн гэж тогтоосон байж болно. Гэхдээ би эхлээд сэжигтэн байж байгаад яллагдагч болох ёстой биз дээ. Энэ процессын алдаагаа засаад, асуудлаа ил тод нээлттэй яриад явъя. Би өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ төрлийн 60 гаруй гомдол дээр шалгагдаж байсан. Гэхдээ нэг ч удаа эрүүгийн хуулиар шийтгүүлж байгаагүй. Шүүх дээр долоон хэрэг байдаг. Бас гүтгэсэн нь тогтоогдож байгаагүй. Эрүүгийн хэрэгтэн юм шиг зүйл заалтаар намайг шалгаж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гомдол дээр гайхаж байна. Дарамтад орж, айж байна. Цэргийн асуудлыг хөндсөн гээд тагнуулын хэрэг болгохоос айж байна. Тийм учраас олон нийтээсээ дэмжлэг хүсч байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цэрэгтэй холбоотой асуудалд Засгийн газраас томилсон ажлын хэсгийг ахалсан юм. Тэр сайд тоомжиргүй хандаад байгаа учраас би бухимдаад байгаа юм. Энэ олон хүүхдүүдийн гомдлыг тайлж өг. Долоон үндэслэлээр шүүхийн нэр хүндэд халдсан, шүүхэд нөлөөлсөн гэж гомдол гаргажээ. Гэрч байсан хүнийг ямар ч мэдүүлэг аваагүй мөртлөө шууд яллагдагчаар татаж болдог юм уу. Би ажлаа л хийсэн. Гэмт хэрэг хийгээгүй. Найман ишиг хулгайлсан гэх хэргийн асуудлыг хөндөж сурвалжилсны төлөө шүүхийн нэр хүндэд халдсан гэж буруутгаж байна. Найман ишиг байтугай, хэдэн тэрбумаар нь хулгайлсан хүмүүст шүүх байгууллага хариуцлага тооцож чадахгүй байна шүү дээ” гэв.