Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын явцтай танилцав. Энэхүү цогцолбор баригдснаар хөнгөн үйлдвэрийн салбарт шууд 2300, үйлчилгээ ханган нийлүүлэлтийн салбарт шууд бусаар 5000 гаруй ажлын байрыг шинээр бий болгох юм.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэхэд мал аж ахуйн түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал. Газар дээр нь танилцахад дэд бүтцийн ажлууд ахицтай явж байна. Энэ цогцолбор бол эдийн засгаа төрөлжүүлэх, цар хүрээг нь өргөтгөх том боломж” гэлээ.
Монгол Улсын ажиллах хүчний 40 хувийг бүрдүүлдэг 288 мянган малчин, малын эрүүл мэндийн салбарын 1200 гаруй эмч, түүхий эдийн тогтолцооны 2400 гаруй иргэдийн амьдралд эдийн засгийн үр өгөөж авчрах төсөл юм.
Дархан арьс ширний цогцолборын хүрээнд үйл ажиллагаа явуулах үйлдвэрүүд нь жилд 10 сая ширхэг арьс шир боловсруулах, 10 мянган тонн ноос, ноолуур угаах самнах хүчин чадалтай байх юм.
Төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээс хойш бохир ус цэвэрлэх байгууламж, цахилгаан түгээх, дамжуулах дэд станц, дулааны шугам хоолой татах, ноос угаах, самнах үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын ажил явагдаж байна. 2020 оны 8 сараас эхний үйлдвэрийг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.