Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурвалжилга: Ажил нь их ч, алдар багатай алба

 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэст ажиллаж, байцаагч нарын ажлыг сурвалжиллаа. Нэг сая хол давсан хүн амтай, ид бүтээн байгуулалт өрнөж буй том хотын барилга, авто зам, авто тээвэр, газрын тос, хот байгуулалт, барилгын материал, ус хангамж, өргөх механизм, цахилгаан, хэмжил зүй, харилцаа холбоо хэмээх томоохон салбарын асуудлуудыг 37-уулаа хянаж шалгадаг юм байна.

Хяналт шалгалт хийж бусдад аюулгүй амьдрах боломж бий болгон, иргэдийн гомдлыг шийдвэрлэж буйг нь хараад урамтай байсан ч энэ салбарын гүн рүү орох тусам цухалдмаар их ажил, төөрмөөр олон салбарын хяналт, хууль дүрэм, журам, иргэдийн хэл ам... Хяналт шалгалт хийж, зөрчлийг нь илрүүлдэг болохоор ч тэр үү байцаагч нартай хүмүүс наанаа сайхан харьцаад байгаа мэт боловч эвгүй үйлдэл гаргах л юм бол хадан цохио руу түлхүүлэхэд бэлэн алба Мэргэжлийн хяналтын байцаагч аж.

Байцаагч бүр хариуцсан чиглэлээрээ төлөвлөгөөт шалгалт, урьдчилан сэргийлэх шалгалт хийж, зөвлөмж боловсруулах, тандалт судалгаа хийх, иргэдийн гомдлын дагуу шалгалт явуулах, Улсын комисст ажиллах, илрүүлсэн зөрчлүүддээ хэрэг нээх, хэргээ шийдвэрлүүлэх, онцгой үеүд буюу сонгууль, наадам, сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэгт хуваарь гаргаж хяналт шалгалт хийх, хийж буй ажлаа олон нийтэд таниулах гээд тоймгүй их ажилтай аж. Эдгээр ажлыг амжуулах явцад зөрчил гаргасан холбогдогч торгуулиа төлж барагдуулахгүй бол шүүхдэнэ. Хэргийн холбогдогч гэм буруугаа үл ухамсарлан харин бүр байцаагчийг эргүүлэн шүүхэд өгөх, АТГ-аар шалгуулах нь хүндрэлтэй ч даваад гарахаас өөр аргагүй даваа аж.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангахын тулд энэ их ажлыг амжуулдаг ч алдар нэрээс хойно хоцордог тэдний ажлаас бага ч гэсэн мэдэрч, хуваалцахыг хүссэн юм.

Галын шугамд тэд л зогсдог аж

2020.06.08-ны өглөө. Их дэлгүүрт гал гарч, цагдаа нар хамгаалалтад авчээ. Хэдэн талынх нь замыг хаасан ч хаалтын гадна их дэлгүүрт үйлчилгээ явуулж байсан хүмүүс цугларсан байв. Хэдийгээр Их дэлгүүрийн гадуур хөл хөдөлгөөн их ч гал гарсан хэсэгт нам гүм. Учир нь, Мэргэжлийн хяналтынхан орж шалгалт хийгээд цагдаа, онцгой байдлынхан болон бусад албаны хүмүүст зааварчилгаа өгөх ёстой. Ингэснээр дараагийн үйл ажиллагааг явуулах боломжтой болно.

Их дэлгүүрт гарсан гал зургадугаар давхрын баруун хойд талаас эхэлсэн гэдгийг дэлгүүрийн ажилчид хэлж байлаа. Яг гал гарах үед Их дэлгүүрийн эргэн тойронд байх галын машин цэнэглэх зориулалт бүхий худгууд ажиллаагүй байна. Тиймээс зөөврийн усаар галыг унтраажээ. Мөн барилга доторх галын крантууд бүрэн ажилласан ч давхар бүрт хэрэглэсэн ахуйн галын хор хэвтэх аж. Их галыг тийм жижиг хороор унтраана гэдэг бүтэшгүй. Үйлчилгээний байгууллагууд зориулалтын том галын хор нөөцлөх ёстой аж.

Сүхбаатар дүүргийг хариуцдаг Барилгын техникийн улсын байцаагч “Урд шөнөжин л галын тухай мэдээг сонсоод нойргүй хонолоо. Хариуцсан дүүрэгт маань том хэмжээний гал гарсан учраас тайван байж чадсангүй. Хэрхэн ажиллахаа бодсоор өглөө ажилдаа ирлээ” хэмээсэн. Гэртээ байхдаа ажлаа март гэдэг. Тэгвэл Мэргэжлийн хяналтын байцаагч нарт ажлаа мартах “зав” алга.

Энэ долоо хоног галаар эхэлсэн шигээ бас л галаар дуусах байжээ. Баасан гарагийн орой ажлаа тарсны дараа Зайсанд баригдаж буй орон сууцны барилга шатлаа гэх мэдээлэл гарав. Галыг Онцгой байдлынхан унтрааж, Мэргэжлийн хяналтын байцаагч нар бямба гарагийн үүрийн 05.00 цагт үзлэг шалгалт хийх дуудлага авлаа. “White hills гэх нэртэй орон сууцны хорооллын нэг блок нь түймэрт өртөж, зэргэлдээх нэг блок нь нүүрэн талаасаа галд автжээ. Хан-Уул дүүргийг хариуцдаг Барилгын техникийн улсын байцаагчид, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч ажиллахаар болов. Гал гарсан барилга дээр очиход цагдаа нар цуглажээ. Тэд мөн л Мэргэжлийн хяналтын байцаагч нарын зөвлөмжийн дагуу барилгад үзлэг шалгалт хийхээр цуглаад байлаа. Шалгалтын үеэр байцаагчийн гутал руу хагарсан шил зоогдсон ч түүний хувьд өмнө нь барилга дээр ажиллаж байсан туршлагатай учир мэдрэмжээрээ шилийг арай л хөл рүүгээ оруулсангүй гэсээр гарч ирсэн. Манай багт тохиолдсон аюул үүгээр дууссангүй. Барилга дотор угаар их байснаас байцаагч нарын толгой эргэж, дотор муухайрсныг хэлж байлаа... Ямар ч аюул, байгалийн гамшиг болсон мэргэжлийн хяналтынхан түрүүнд явдаг. Тэд аюул байгаа эсэхийг биеэрээ “туршаад”, дараагийн хүмүүстээ анхааруулж, зааварчилгаа өгснөөр цаашид ажил үргэлжлэх боломжтой болдог байна.

Тэд одоохондоо аюулыг биеэрээ л “туршиж” байна. Тэдэнд гал гарсан байшин руу орохдоо гартаа барих гар чийдэнгээс өөр тоног төхөөрөмж алга. Адаглаад хорт утааг хэмжих багаж, утаанаас хамгаалах хийн баг ч /газов/ байхгүй...

Мэргэжлийн хяналтын газарт гомдол мэдүүлдэг “тогтмол” ажилтай хүмүүс бий...

“Хавар болохоор л танилууд их болчихдог юм” хэмээн НМХГ-ын ДБХХ-ийн улсын байцаагчид ярилцан инээлээ. Тус байгууллагаар тогтмол орж гарч, байнга гомдол гаргадаг хүмүүс  байдаг аж. Тэд ихэвчлэн “Манай байрны хажууд явган хүний зам дээр барилга барьчихлаа” гэж хэл ам хийж, гомдол гаргасаар байцаагчийг ажиллуулж, хэрэг үүсгээд шалгаж байтал гэнэт хохирлоо буцааж, гомдолгүй хэмээн “тохуурхдаг” байна. Нэгэнт хэрэг хохирогчгүй болсон тул уг хэргийг хаахаас өөр аргагүйддэг аж. Харин энэ хүртэл байцаагч хэрэгт холбоотой бүхий л зүйлийг цуглуулах гэж бөөн бичиг болсон байдаг байна. Гэтэл өнөө хохирогч маань барилгын эздээс “авлагаа” аваад амаа үддэг тохиолдол цөөнгүй. Бүр дүүрэг дамнан, барилгуудыг ингэж шантаажилдаг хүмүүс ч байдаг аж. Тэд хавар барилгын ажил эхлэх цагаар идэвхждэг гэв. Гэсэн ч иргэн гомдол гаргасан бол түүнийг нь шийдвэрлэх үүрэг байцаагчид ногддог...

Улсын байцаагчид ажил уддаг бас нэгэн зүйл бол Улсын байгууллагуудын уялдаа холбоогүй байдал, дүрэм, журмын давхардал... БГД-ийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эй Ди Эйч” ХХК барилга барьж буйтай холбоотойгоор иргэд гомдол гаргажээ. Тус компани нь газар дээрх граашийг буулгаж, 9 давхар үйлчилгээний зориулалттай барилга барихаар зөвшөөрлөө авсан ч иргэдийн гомдлын дагуу Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас тус барилгыг зэргэлдээх байрнуудын өндрөөс илүү гаргахгүй буюу 3-аас дээш давхар бариулахгүй байх шийдвэр гаргаж, барилгын ажлыг зогсоож өгөхийг хүссэн албан бичиг НМХГ-руу хаяглажээ. Энэхүү гомдлын дагуу Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч ажилласан байна.

Энэхүү хэрэгт Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн газраас НИТХ-ын 2014 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Орчны газар эзэмшигч, оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд тус архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох үндэслэл болно” гэсэн заалтыг барьж ажиллажээ. Гэвч тус заалт нь хүчинтэй эсэх талаар уг компани Хууль зүйн яамнаас тодруулга авч, хүчингүй болохыг нь тогтоосон байсны дагуу ахлах байцаагч НИТХ-д хүсэлт тавьж, тодруулахад “хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа” хэмээн хариу өгчээ. Тиймээс дахин Хууль зүйн яамнаас тодруулахад компанид ирүүлсэнтэй адил хариу ирсэн тул хэргийг хааж, компанийг буруутгасан үндэслэл хууль эрх зүйн чадамжгүй гэдгийг тогтоосон байна. Тус компани 9 давхар барилга барихдаа заавал оршин суугчдаас зөвшөөрөл авах шаардлагагүй болж, цутгалтын ажлаа үргэлжлүүлэн хийж эхлээд байв. Энэ хэрэг шийдэгдэх хүртэл сар гаруй тус барилгын ажил зогссон байна.

Гэтэл дахиад гомдол ирлээ. “Тус барилга нь шөнөөр үйл ажиллагаа явуулж байна. Барилга хоорондын зай нь зөрчилтэй” гэх гомдлын дагуу Хот байгуулалтын асуудал хариуцсан Барилгын техникийн улсын байцаагч нар ажиллаж, тус барилгыг норм, дүрэмд нийцэж байгаа эсэхийг шалгасан. Энэ үеэр гомдол гаргасан иргэдийн төлөөлөл “Өмнөх байцаагч хэрэг үүсгээд шалгаж байсан ч, хэргээ хаачихсан. Гэтэл энэ барилга баригдсанаар иргэд бидний эрх зөрчигдөж байна. Тиймээс тэр байцаагчийг АТГ-аар шалгуулна” хэмээн ярьсан... Шалгалтын явцад өнөөх барилга нь норм дүрмээрээ зөрчилгүй болж таарсан. Нэг төрийн байгууллага нь зөрчилтэй гэх шийдвэр гаргаад нөгөөх нь шийдвэрийг нь няцаачихлаар иргэдэд хардалт төрөх нь мэдээж...

Төрийн алба хэцүү, ачаалал их. Тэгвэл Төрийн байгууллагууд уялдаатай, хамтын ажиллагаа сайтай бол ачааллаа бага ч гэсэн хөнгөвчилж болмоор. Иргэдийн гомдлыг асуудал хариуцсан газар нь таслан зогсоож чаддаг бол дараагийн шат руу шилжиж сунжрахгүй...

Нэгэн иргэн “Тоолуураа сольсноос хойш тоолуурын заалт хоёр дахин их гарах боллоо. Шалгаж өгнө үү” гэсэн гомдол гаргаж, үүний дагуу Хэмжил зүйн хяналтын улсын ахлах байцаагч ажиллав. Гомдол гаргасан иргэн ярихдаа “Анх зуслангийн байшин барихдаа цахилгааны тоолуураа байшингийнхаа гадаа байрлуулсан байсан. Гэтэл “Улаанбаатар ЦТС” ТӨХК-ийн инженерүүд тоолуураа гэрлийн шонд байрлуулах ёстой гээд манай хашаанд байгаа гэрлийн шонд байрлуулж өгсөн ч баталгаатай шонд байрлуулна гээд айлын хашааны шон руу шилжүүлсэн. Гэтэл заалт авч болохгүй байна гээд буцаагаад манай хашааны шон руу зөөчихсөн. Энэ бүрт надаас хураамж, шаардлагатай цахилгааны утас авахуулж байсан. Гэтэл нэг өдөр хоёр инженер хашаа давж орж ирээд тоолуурыг салгаад аваад явсан. Юу болов гээд араас нь ажил дээр нь очтол тоолуурыг маань задалчихсан байсан. Клемийг нь хөндийрүүлж хэрэглэсэн байна гэж загнаад шинэ тоолуур ав гэсэн. Тогоо залгуулах гээд шинэ тоолуур авч тавьсан ч цахилгааны мөнгө өмнөхөөсөө хоёр дахин их гарах боллоо” гэв.

“Улаанбаатар ЦТС” ТӨХК-ийн тухайн бүсийг хариуцсан инженертэй хамт ажиллаж, тоолуурыг нь задлуулан Хэмжилзүйн үндэсний төвд шалгуулахад шинэ тоолуур нь найдвартай болж таарав. Тоолуур тайлаад шалгуулах гэж авто замын түгжрэл дунд явсаар өдрийн тал барагдав. Нийслэлд Хэмжилзүйн чиглэлээр ажилладаг хоёр л улсын байцаагч бий. Тэд цахилгаан соронз, хий шингэн, радио давтамж гэх зэргээр 12 чиглэлд хяналт тавьж ажилладаг. Мэдээж, ажлын ачаалал их. Гэвч иргэний гомдлыг шийдвэрлэх үүрэг түүнд бий. Гэвч энэхүү иргэний асуудал яг сэтгүүлчийн өнцгөөс харахад цахилгааны инженер иргэнтэй ярилцаж ойлголцоод шийдвэрлэгдэхээр асуудал байсан юм.

Томоохон бүтээн байгуулалтыг хянаж, шалгаж ажилласнаараа бахархдаг

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар цаг наргүй ажиллаж, гэр бүлдээ зарцуулах зав хомс. Илүү цагаар ажиллахгүй байх нь ховор юм. Ажлын цагт багтааж хяналт шалгалтаа дуусгаад оройн цагаар бичиг цаасаа эмхлэх ажилтай залгах аж. Гэвч ингэж ажиллаад хангалттай цалин авч чадахгүй...

Био комбинатын алдарт модон гүүрийг шинэчилж, шинэ гүүр барьжээ. Энэхүү ажлыг шалгахаар Авто замын хяналтын улсын байцаагчид ажиллаа. Сонгинын амралт руу ороход Туул голыг давдаг хуучин модон гүүртэй холбоотой гомдол иргэдээс байнга ирдэг аж. Тэр бүрт нь мэдэгдэл өгч, засч янзлуулдаг ч сүүлдээ засвар авахаа больжээ. Тиймээс өнгөрсөн жил аргагүй эрхэнд акталсан байна. Ингээд шинэ гүүрний төсөв гэрлийн хурдаар шийдэгдэж, одоо хэзээ мөдгүй ашиглалтад өгөхөд бэлэн болоод байгаа аж.

Гүүрний норм стандартыг шалгах зуураа “Сүүлийн жилүүдэд нийслэлд шинээр баригдсан гүүрнүүдийг барих явцад нь хяналт шалгалт хийх, ашиглалтад хүлээж авахад нь бид оролцсон. Томоохон бүтээн байгуулалтуудад ажиллах бахархалтай санагддаг” хэмээн ярьсан байцаагчийн үгнээс хэдий ажил их, цалин бага, хэл ам ихтэй ч хийсэн ажлаараа бахархаж чаддаг хүмүүс л энэ албыг хашдаг гэдгийг ойлгосон юм.

Барилгын ажлыг 7 сараас дээш хугацаагаар зогсоосон бол хамгаалалтын горимд шилжүүлэх ёстой

Нийслэлийн 84 дүгээр сургуулийн урд дутуу баригдаад зогссон 12 давхар орон сууцны барилга бий. Барилга барих явцдаа ашиглаж байсан өргөгч нь угсраатай чигээрээ орхигджээ. Иргэдийн гомдол удаа дараа ирсэн ч барилгын эзэн холбогдогч тодорхойгүй. Тиймээс НМХГ-аас тус барилгын өргөгчийн буулгах ажлыг “Жавхлант өрнөх” компанитай хамтран зохион байгуулсан юм. Өргөх механизмыг хариуцдаг Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч нар ажилласан юм. 12 давхар барилгаас өндөр өргөгч краныг буулгах ажил бүтэн өдрийн турш үргэлжилдэг аж. Буулгаж буй хүмүүсийнх нь аюулгүй ажиллагаанд хяналт тавьж, өндөр дээр ажиллаж буй хүмүүсийн хөдөлгөөн бүрийг нь ажиглаж, анхааруулна, иргэдийн аюулгүй байдлыг хангуулна гэдэг харахад амархан ч хариуцлагатай ажил. Тус барилгын оршин суугчид Өргөгч краныг нь буулгаж байгаад баярлаж байсан ч “Энэ барилга зөвшөөрөлгүй баригдаад, одоо ажил нь зогсчихсон. Хүүхдүүдийн аюулгүй байдлаа бодсон ч, хотын өнгө үзэмжээ бодсон ч тэр барилгыг нь ч бас буулгачихвал таарна” хэмээн ярьж байсан. Мөн “Барилгыг явган хүний зам руу оруулж барьсан, барилга баригдлаа гэхэд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол байхгүй. Ийм газар яах гэж анхнаасаа зөвшөөрөл олгодог байна аа” гэж уцаарлах иргэн ч байв. Энэ бол хот төлөвлөлт хариуцдаг байгууллагын нэгэн хариуцлагагүй үйлдэл мөн аж.

Уг нь хууль, дүрмээрээ барилгын ажил 7 сараас дээш хугацаанд хийгдээгүй, зогссон бол тус барилгыг хамгаалалтын горимд оруулах ёстой аж. Гэтэл дүрэм журмаа дагаж мөрддөг нь ховор. Тиймээс НМХГ-ын ДБХХ-ийнхэн санаачилж, 7 сараас дээш хугацаагаар зогссон барилгуудыг аюулгүй ажиллагаанд шилжүүлэх мэдэгдэл нааж эхэлсэн юм.

Норм дүрэм стандарт хэрэгжүүлэгчид “норм”-гүй ажиллаж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Улсын байцаагчийн хөдөлмөрийн жишиг норм, норматив ажлын гүйцэтгэлийн норм гэж бий. Түүнд нь жилдээ дунджаар 230 хоног ажиллахаар тооцжээ. Ингэхдээ НМХГ-ын байцаагч нар 100 гаруй хоногт нь шалгалтын ажлаа хийхээс 80 гаруй хоногт нь төлөвлөгөөт, 20-иод хоногт нь төлөвлөгөөт бус шалгалтын ажил хийх ёстой. Үлдсэн 80 гаруй хоногт нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаад, бодлого боловсруулах, дотоод ажилдаа 40-өөд хоног зарцуулна хэмээн тусгажээ.

Гэтэл бодит байдал дээр улсын байцаагч иргэдийн өргөдөл, гомдлыг барагдуулахад голчлон ажиллаж байна. Ажлынх нь 10 хувийг л эзлэхээр зохицуулагдсан ч 90 хувийг нь эзэлж байна. Гэсэн ч төлөвлөгөөт бус шалгалт хийх ажлын хоног дууссан гээд зүгээр суух, иргэдийн гомдол их байна гээд бусад ажлаа орхигдуулах эрхгүй л ажилладаг. Гэвч гомдол бүр улсын байцаагч дээр ирж овоорох биш эхлээд асуудлыг хариуцсан мэргэжлийн байгууллагууд нь хянаж, шийдвэрлэх боломжтойг нь шийдвэрлэдэг зохицуулалт шаардлагатай байна. УБЦТС, УБДС, ОНААУГ, НЗАА инженерийн байгууламжийн хэлтэс, НАЗХГ, Нийслэлийн газрын алба зэрэг байгууллагад иргэний гомдлыг хамгийн ихээр мэддэг, шийдвэрлэх гарц гаргалгааг мэддэг мэргэжилтнүүд ажиллаж буй.

Өмнө нь байцаагч нар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг барьж ажилладаг байжээ. Уг хуульд Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хэрхэн ажиллах эрх, үүргийг тодорхой тусгаж өгсөн байдаг байна. Гэтэл 2017 оны долдугаар сарын 1-ээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр зөрчилтэй холбоотой хэргүүдийг уг хуулиар шийдвэрлэдэг болсон байна. Ингэхээр ажлын ачаалал хоёр дахин нэмэгдсэн гэхэд болно. Хуучин зөрчилд арга хэмжээ авсныхаа дараа шийтгэлийн хуудсаа прокурорт хянуулдаг байсан бол одоо хэрэг нээх, нээсэн хэргээ прокуророор хянуулна гэх зэргээр нааш цааш явдал чирэгдэл нэмэгджээ. Зөрчил гаргасан холбооны компанийн захирал мэдүүлэг өгөхөөр ирээд байцаагчийн асуусан асуултад эхнээс нь хариулж байснаа “Та нар чинь одоо цагдаа шиг мэдүүлэг авдаг болчихсон юм уу” хэмээсэн. Үнэхээр Мэргэжлийн хяналтын байцаагч нар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас дутахааргүй ажил хийж байна. Гэтэл тэдний ажлын үүрэг чиглэл нь өөр...

“Манай байгууллага өмнө нь элэгдэж муудсан машинуудтай байсан. Харин сүүлд шинэчлэгдээд арай дөнгүүр болсон. Иргэд “Өөрсдөө ийм эвдэрхий машин уначихаад юун норм дүрэм, стандарт яриад байгаа юм бэ” л гэдэг байсан” хэмээн нэг байцаагч ярьсан нь инээдэм биш. Одоо ч гэсэн машинууд нь шинэчлэгдсэн ч хүрэлцээ муутай. Нэг хэлтэст нэг машин, заримдаа хоёр хэлтэст нэг машин хуваарилагддаг. Гэвч нэг хэлтэс дунджаар 20 гаруй хүнтэй. Тэд бүгд л хяналт шалгалтаар гадуур явах болдог тул дүүрэг дүүргээрээ хуваарь гаргаж машинаа хэрэглэдэг байна. Иргэдийн гомдлыг шийдвэрлэх хуулийн хугацаандаа баригдаад хувийн машинаараа явах болдог. “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 11.1.1-д “Улсын байцаагч хяналт шалгалт хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж явахдаа хот, суурингийн доторх нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон тохиолдолд хувиас гарсан зардлыг тогтоосон журмын дагуу тухайн байгууллага нь нөхөн олгоно” хэмээсэн байдаг ч тэр бүр тээврийн зардал тооцуулж авч чаддаггүй байна.  

Мэргэжлийн хяналтын хил, байгаль орчны чиглэл хариуцсан байцаагч нар албаны хувцастай. Бусад чиглэлийнхэн тэр загвараар өөрсдөө хувцас хийлгэж өмсдөг. Түүнээс бүгдэд нь нормын хувцас, батлагдсан загвар ч гэж байдаггүй. Хяналт шалгалт хийх гэж очиж байж энгийн иргэдээс ялгарах зүйлгүй байх нь учир дутагдалтай. Энэ жил НМХГ-ын ДБХХ-ийн байцаагч нар гадуур хувцасаар жигдэрчээ. Хэдийгээр цалингаасаа хувцас хийлгэх мөнгөө илүүчилдэг ч өмсөхөд хөнгөн, ажил хийхэд саадгүй, үзэмжтэй гэдгийг хэлсэн. Төрийн албан хаагчийн цалингаас албаны хувцас хийлгэх мөнгөө илүү гаргана гэдэг бас л асуудалтай.

Үнэхээр норм дүрэм, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг эдгээр алба хаагчдад нормын хувцасгүй, ажлын цагийн нормоороо ажиллах эрхгүй, стандартад нийцсэн тоног төхөөрөмжийн хангамж, машин техникийн хүрэлцээгүй, тэгээд хийдэг ажилдаа таарсан цалин хангамжгүй... Тоочоод байвал асуудал их аж. Гэвч байцаагч нар ард иргэд, ААН-ийн эрүүл аюулгүй орчинд амьдарч ажиллуулахын төлөө өглөө нарнаас үдийн бүрий болтол цаг завгүй ажилласаар байна.

Б.ЦЭДЭВСҮРЭН

 

6 Сэтгэгдэл
хамгийн хариуцлагатай алба. ард түмний аюулгүй байдлын манаанд ажилладаг. хүн бүр муу хэлж урамыг нь хугалж байдаг. бидний төлөө ажиллаж байгааг мэддэггүй. ийм сайхан хүмүүсийг хайрлаж хамгаалах л хэрэгтэй дээ
МХЕГ ажилчидын орон сууц гэж байдаг юм уу бусад албан газар бараг бүгд бага ч гэсэн орон сууц бариулсаан цагдаагын нэг хэлтэс л ажилчиддаа орон сууц бариулаад хямд өртөгөөр оруулчихаж бга ш дээ
barilgiin aji
Ажил нь их ч, алдар багатай алба гэж зөв зүйтэй бичсэн байна. Үнэхээр ард иргэдийн аюулгүй байдлын төлөө эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилладаг байгууллага шүү. Цагдаа, Онцгойн алба хаагчидтай хамтран хамгийн тэргүүнд ажилладаг хүмүүс, ажиллаж чадаж байна ч гэж бодож байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Төр түмэн олны аюулгүй байдлын төлөө улсын байцаагч нар ажилдаг ч сайн нэр төр үгүй шүү дээ гэхдээ бид сайн сайхан харагдахаасаа илүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаас харж ажилдагдаа
Хийсэн ажлаа байнга суртчилаад байх завгүй хүмүүсийг ард түмэн юу хийдгийнь мэдэхгүй гомдоллодог, төр засгийнхан өөрсдий нь шалгадаг болохоор ад үзээд бдгий маа, зөв юм бичжээ. Одоо нэг үеэ бодвол мэргэжлийн хүмүүсийг томилдог болж, хөдөө бол хэцүү дээ тэс өөр мэргэжлийн хүн мэргэжлийн ажил шалгана шүү дээ, үүнийг л болиод шилдэг мэргэшсэн хүмүүс ажилдаа эзэн болоод байвал болно доо
Хамгийн их уншсан