Ази-Номхон далайн бүсийн Нүд судлалын Академи нь тив, дэлхийд нэр хүндтэй мэргэжлийн байгууллага, Тус байгууллага 2020 оны Хүндэт шагналыг тус бүс нутагтаа нүдний тусламж үйлчилгээ, эмч нарын сургалтыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг үнэлж жил бүр нэг эмчийг сонгон шалгаруулж Хүндэт Шагналаа гардуулдаг уламжлалтай.
Ази-Номхон далайн бүсийн Нүд Судлалын 2020 оны Хүндэт шагналыг Монгол улсын нүдний эмч, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн эрхлэгч, Зөвлөх зэргийн эмч П.Бүрэнжаргалд олгохоор шийдвэрлэснийг тус Академийн Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Клемент Там албан захидлаар мэдэгдэж, Бүрэнжаргал эмчид тухайлан баяр хүргэсэн байна.
Уг захиадалдаа, 2020 оны наймдугаар сарын 6-9-нд Ази, Номхон далайн бүс нутгийн нүдний эмч нарын 35-р их хуралд хүрэлцэн ирж дээрхи шагналаа ёслол төгөлдөр гардан авахыг урьжээ. Энэхүү хурал нь энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Сиамэн хотод Бүх Хятадын Офтальмологийн Нийгэмлэгийн 25-р их хуралтай хамт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан боловч короновирусын халдварын байдлаас шалтгаалан ирэх наймдугаар сар хүртэл ойшлогджээ. 2020 он бол Ази-Номхон далайн бүсийн нүд судлалын Академи байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа онцлог жил байна. П.Бүрэнжаргал нь 2008 онд Монголын Нүдний эмч нарын нийгэмлэгийн “Монгол улсын Нүдний уран мэс засалч” өргөмжлөлөөр шагнагдсан манай шилдэг эмч мэргэжилтэн, багш сурган хүмүүжүүлэгч юм.