Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өгөхдөө “Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15 цагийн нислэгээр нэг гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчоод ирснээ мэдээлэлгүй ирснийг хууль, хяналтын байгууллагаар дамжуулан хайж олон байгаа. Иргэн Ш, Б нар бага насны хүүхэдтэйгээ хамт Итали улсад зорчоод ирснээ худал мэдүүлсэн нь эрүүл мэндийн байгууллага болон хуулийн байгууллагад чирэгдэл үүсгэлээ.
Тэд хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч Женев-Милан-Женев-Франц гэсэн маршрутаар зорчоод Москвагаар дамжиж ирчихээд ажилдаа очсон байна. Энэ бол хариуцлагагүй үйлдэл” гэсэн юм.
Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын өнөөдрийн мэдээллээр тус өвчнөөр 3283 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 95424-д хүрсэн бол 53351 хүн эдгэрчээ.