МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 1-ний өглөө БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутан, нэг хүүхэд эх орондоо ирсэн. Дээрх 32 иргэнээс гадна нисэх багийн гишүүд, инжeнeр тeхникийн ажилтан, мэргэжилтнүүд нийлсэн 27 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, эмчийн үзлэг шинжилгээнд хамруулаад байсан юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тодруулга хийсэн юм.
Тэрбээр “Уханиас ирсэн 31 оюутан нэг бага насны хүүхэд хүлээн авч тусгаарлаж, тандалт судалгаа, эмчийн үзлэгт оруулж байна. Биеийн байдал сайн. Тэдгээр оюутнаас коронавирусийн халдвар илрээгүй. Дүрэм ёсоор 14 хоног хяналтад байж байгаад эмнэлгээс гарна. Бямба гаригт Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор зорчигчид нэвтрэн орж ирэх үед Эрээн хотод амьдардаг байсан 3 хүнийг хяналтад авсан, тэдгээр иргэдийн шинжилгээний хариу гарсан, коронавирусийн халдвар илрээгүй гэлээ.
Коронавирусийн голомтод бүсээс 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр эх орондоо ирсэн оюутнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.
Оюутнуудын биеийн байдал сайн байна. Бид цаашид биеийн байдлыг нь хянаж ажиллана. Түүнчлэн оюутнуудыг онцгоцоор авч ирсэн 15 хүнийг ч хяналтад байлгаж байна.
Амралтын өдрүүдэд Дорнод аймагт амьдардаг хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн хавьталт хүмүүсийн хамт тэнд нь тусгаарласан талаар мэдээлсэн. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар аваагүй гэж гарсан.
Бид нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш нийт 71 хүнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд эдгээр иргэдийн хариу бүгд сөрөг гараад байна. Одоогоор Монгол Улсад тус өвчин бүртгэгдээгүй.
Түүнчлэн НЭМҮТ-өөс 1000 хүний дунд шинэ коронавирусийн талаар ямар мэдээлэлтэй байгаа талаар судалгаа явуулахад 85-86 хувь нь эерэг үзүүлэлттэй гарсан байна" гэдгийг хэллээ.