Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГССҮТ Европ стандартыг хангасан Эрчимт эмчилгээний тасгаа хүлээж авлаа

Гэмтэл согог судлалын үндэсний төв иж бүрэн засвар хийсэн, Европын болон олон улсын стандартад нийцсэн Эрчимт эмчилгээ болон Хүүхдийн тасгаа өнөөдөр хүлээж авлаа. Эрүүл мэндийн сайд өөрийн багцаас 240 сая төгрөг шийдвэрлэж өгсний үр дүнд ийнхүү дотоод халдвараас бүрэн хамгаалагдсан, иж бүрэн эрчимт эмчилгээний аппарат тоног төхөөрөмж, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслэлээр бүрэн хангагдсан тасаг үүдээ нээсэн нь энэ.

Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ж.Батмагнай болон бусад албаны хүмүүс оролцов.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ярихдаа “Өндөр ачаалалтай ажилладаг эмнэлэг маань шинэ оны эхний өдрүүдэд Эрчимт эмчилгээнийхээ тасгийг Европ стандартад нийцүүлэн засварлаж, тоног төхөөрөмжөөр хангагдсанд маш их баяртай байна. Нэг үйлчлүүлэгчид иж бүрэн тоноглогдсон тусгай өрөө, эмчилгээ болон тусламж үйлчилгээ үзүүлэх нэг эмч, нэг сувилахуйн мэргэжилтний баг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болсонд талархаж байна. Яаралтай тусламж, үйлчилгээ авахаар ирсэн үйлчлүүлэгч маань цаг алдахгүй, анхаарал халамжийн гадна үлдэхээргүй боллоо. Бас нэгэн том давуу тал нь дотоод халдварын асуудал гарахааргүй болсон явдал юм. Мөн Хүүхдийн гэмтэл согогийн 1 дүгээр тасагт цоо шинээр засвар хийгдэж хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн боллоо. Осол гэмтэлд өртсөн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд цаг алдахгүй үзүүлэх боломжийг бүрдүүлж чадсан ГССҮТ-ийн хамт олондоо чинь сэтгэлээсээ талархаж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч байна” гэлээ.

Шинээр тохижилт үйлчилгээ хийгдсэн Эрчимт эмчилгээний тасаг нь эмнэлгийн дотоод халдвараас бүрэн хамгаалагдсан, дуу чимээнээс тусгаарлагдсан бие даасан тусгай Боксын  зохион байгуулалттай болж буй юм. Тухайлбал,  нэг үйлчлүүлэгчдэд иж бүрэн тоноглогдсон тусгай өрөө, эмчилгээ болон тусламж үйлчилгээ үзүүлэх эмч, сувилахуйн мэргэжилтний баг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр зохион байгуулагджээ. Мөн эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн багийн ажиллах тусгай зориулалт бүхий эмчилгээний өрөө нь ариутгал, халдваргүйжүүлэх болон агааржуулалтын системтэй. Иж бүрэн эрчимт эмчилгээний аппарат тоног төхөөрөмж, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслэлээр бүрэн хангагдсан байна. Түүгээр ч зогсохгүй үйлчлүүлэгчийн тусгай өрөө бүр  дотоод сүлжээ, интернэт, хяналтын камертайгаас гадна SMART LED дэлгэцтэй USB, HDMI, AV WiFi-тай олон үйлдлийг зэрэг хийж гүйцэтгэх чадвартай ухаалаг дэлгэцээр дотоод сүлжээний тусламжтай интернэт орчинд эмч үйлчлүүлэгчийн биеийн байдлыг харж үнэлэх, хяналт тавих, түүнчлэн үйлчлүүлэгчийн талаархи мэдээллийг  үйлчлүүлэгчийн ар гэрт дүрс, дуутай дамжуулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.  Түүнчлэн эмнэлгийн дотоод сүлжээнээс авсан үйлчлүүлэгчийн мэдээ мэдээлэл, өвчний түүх, эмчилгээний карт, бүх төрлийн оношлогооны хариуг дэлгэцээр шууд дамжуулан үзэж эмч нарын зөвлөгөө хийх бүх нөхцөлийг нэг цэгт төвлөрүүлжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан