Кино урлагт санхүүгийн хувьд хамгийн эрсдэлтэйд тооцогддог хүүхэлдэйн киноны төслийг санаачилан хэрэгжүүлж яваа зоримог залуу “ЧУКА СТУДИ”-г үүсгэн байгуулагч Бизнесийн удирдлагын магистр Соёлтбаатарын Чулуунтогтохтой ярилцлага хийлээ.
Сайн байна уу? Юуны өмнө манай улсын кино урлагын салбарт орхигдоод байсан хүүхэлдэйн киноны төслийг хэрэгжүүлж байгаа таньд баяр хүргэе. Энэ төслийг санаачилах болсон шалтгаан тань юу вэ?
Бага балчир наснаасаа л хүүхэлдэйн кино үзэж өслөө. Хүүхэлдэйн киногоор хүмүүждэггүй хүүхэд гэж байдаггүй шүү дээ. Бас кино урлагт их дуртай. Тэгээд өөрийн мөрөөдөл болох нэг кино хийх, кинонд тоглох юмсан гэж их бодож явдаг. Хувийн бизнес маань ч бас анх эхлүүлж байснаа бодвол амжилттай яваад байна. Энэ үедээ л эхлүүлэх нь оновчтой гэж бодсон юм. Тэгээд 6 жилийн өмнөөс л хийх юм сан гэж бодож яваад нөхцөл нь одоо бүрдэж байна. Би мөрөөдлөө биелүүлэх гэж энэ төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд эхлээд бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гаргах, түүнээс гадна комикс ном, үлгэрийн ном, мөн цаашлаад цуврал бүтээлүүдийг хийж Монгол брэнд үүсгэх зорилго агуулан төлөвлөн ажиллаж байна. Бид анхныхаа хүүхэлдэйн киногоо “ШИДЭТ ХУУДАС” хэмээн нэрлэсэн нь бас учиртай. Энэ тухай одоогоор нууцлах хэрэгтэй байх гэж бодож байна.
Та өөрийн мөрөөдлөө ажил хэрэг болгож яваа хүний хувьд яагаад заавал энэ хүүхэлдэйн киноны төслийг хэрэгжүүлэх болов? Арай эрсдэл багатай киног сонгож болох байсан биш үү?
Монгол улсад хүүхэлдэйн кино хөгжих боломж, цаг үе нь ирээд байна. Учир нь олон мянган авъяастай залуучууд маш их болсонтой холбоотой. Өөрийн сонирхол мөрөөдөлдөө хөтлөгдөн бие даан судалдаг олон залуучууд байгааг би анзаарсан. Бас маш олон хүмүүсийн мөрөөдөл нь энэ байдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Энэ урлаг бол дүрслэх урлаг, уран зурагтай салшгүй холбогддог. Тиймээс энэ чиглэлээр сурдаг, сураад төгссөн залуучуудын мөнхийн мөрөөдөл нь энэ урлаг дээр төвлөрөөд байгаа юм. Энгийнээр тайлбарлавал хийх сонирхолтой хүмүүсийн илүүдэл бий болж байна гэсэн үг. Тиймээс энэ олон хүмүүс ямар нэгэн байдлаар эрт оройгүй, сайн муу гэлтгүй уран бүтээлүүдийг ар араасаа л гаргаж ирнэ. Тэр цаг үе нь өнөөдөр юм. Тиймээс энэхүү салбарыг хөгжүүлнэ гэж бодож явдаг байсны хувьд зоригтойгоор орохоор шийдсэн.
Энэ салбарт зоригтой хөл тавихад гарах бэрхшээл дагуулах эрсдэл юу байна?
Бид киногоо арт хэлбэрээр хийе гэж анхандаа их ярилцаж байсан. Гэтэл яг үнэндээ монголын үзэгчид маань кино хийдэг баг уран бүтээлчдээсээ илүүтэйгээр хөгжсөн байгаа. Гэтэл монголын хүүхэлдэйн кино урлаг тасраад 25 жил шахуу болж байна. Энэ нь өөрөө үзэгч, бүтээгчид хоёрын ялгааг харуулж байгаа хэрэг. Энэ урлаг уналтанд орсон энэ хугацаанд нөгөө айхтар Холливууд, гадаадын бүтээл хоосон орон зайг нөхөж байсан, байсаар ч байна. Яах аргагүй туршлагатай орны бүтээлийг үзэж харж өссөн үзэгчид маань өндийх гэж ядаж байгаа өөрийн орны бүтээлийг голох нь аргагүй. Өөрөөр хэлвэл 25 жилээр хоцорч яваа уран бүтээлчид өндөр хөгжсөн үзэгчдийн энэ дайнд хүрнэ гэдэг хэцүү гэж бодож байна. Гэхдээ энэ эрсдлээс айгаад одоо хийхгүй бол хэзээ хийнэ гэж. Бид үнэхээр гологдохгүй уран бүтээл хийхийг л зорьж тэмүүлж яваа хамт олон.
Кино урлаг гэдэг бол багын ажиллагаа гэж ярьдаг. Та багаа хэрхэн бүрдүүлж байна?
Хамгийн хэцүү даваа нь энэ байсан. Багаа бүрдүүлэхдээ хэт их биеэ тоосон, бас өөрөө өөртөө их бардсан тийм хүмүүсээс аль болох татгалзсан. Учир нь их мэдэгч нар олон болвол зангидах асуудал нь зорилго мөрөөдөл гэхээсээ илүүтэйгээр санхүүгээр л базахаас өөр гарцгүй болно. Тийм хүмүүсийг санхүүгээр базаад явах нөөц бололцоо маш хэцүү. Тиймээс бид хар зураг боломжийн зурчихдаг хүүхдүүдийг хайж эхэлсэн ер нь санасныг бодвол сайн хүүхдүүд ирсэн. Ерөнхий зураач маань тэдэнтэй тулж ажлаад ажлыг нь жигдрүүлчихдэг. Харин аниматер талдаа бол олон жилийн туршлагатай бас маш их хүсэл мөрөөдөлтэй найз маань хамтран ажиллаж байгаа. Найз маань ерөнхийдөө хурдан хөгжих боломжтой графикчдыг сургаж ажиллуулж байгаа.
Баг болж ажиллахад сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл ажиглагдав уу?
Ер нь манай залуучууд их чадварлаг мөртлөө ганц ганцаараа кино хийх гээд энд тэнд тараад суугаад ямар нэгэн юм оролдоод байгаа харагддаг. Нэгдээд юм хийе гэхэд бас л санхүү хүндрэлтэй гээд хойш тавих явдал их байна. Тэрнээс гадна бүх зүйлийг л өөрөө хийх гээд байдаг мах руу монгол чанар байна. Уг нь багын системээр сайтар ажиллаад ажлаа хуваарилчих юм бол олон олон кинонууд гараад хоорондоо өрсөлдөж сайжрах боломжтой. Би бас ийм хүүхэлдэйн кино хийх гэж байгаа хүмүүстэй нэлээдгүй л таарч байсан гэтэл өөрөө дүрээ гаргаад өөрөө зургаа зураад өөрөө компьютер дээр ажиллаад бүгдийг нь хийх аргаа сурчихсан хүмүүс байдаг юм байна. Тэгээд нэгдээд хийх бололцоо бүрэн байна. Хүсэл зорилготой, мөрөөдөлтэй залуучууд маш их байна. Санхүү мөнгө гэхээсээ илүүтэйгээр зорилгоо чухалчилж ажиллаж байгаа залуусаас манай баг бүрдэж байна. Олон янз бүрийн авъяас чадвартай залуусыг нэг хүн мэт болгож баг болгон ажлуулна гэдэг бол амаргүй ч манай ажлын хамт олон маш хурдтай нэгдэж чадаж байгаа.
Танай багыг юу нэгтгэж байна вэ?
Үнэхээр хийе бүтээе гэсэн зорилго хүсэл мөрөөдөл нэгтгэж байна. Бид багаа санхүүгээр гэхээс илүүтэйгээр хүсэл мөрөөдлөөр нэгтгэхийг илүүд үзсэн. Хэрвээ санхүүгээр нэгдвэл санхүүжилт байхгүй гээд ажлаа хийхгүй хойш суугаад байдаг сул талтай. Бас санхүүжилт суларвал төсөл царцах аюултай. Уг нь хийнэ бүтээнэ дуусгана гэдэг зорилгоо бодох юм бол санхүүжилт чинь түүндээ орчих жижиг деталь зүйл юм байгаа юм.
Шинэ зүйлийг эхлүүлэхэд санал хүсэлт шүүмжлэл их ирдэг. Тэр талаар та дурдаж болох уу?
Зураач нараа авах гээд зар өгч байхад олон аниматерууд чи өөрөө хийж үзсэн үү? Зураг зурж харандаа барьж үзээгүй тийм хүн яагаад ч хийж чадахгүй гэх мэтээр шүүмжлэлд их өртсөн. Би бол киногоор ярьвал продюсер юм лдаа. Уран бүтээлч нар нь уран бүтээлээ хийнэ. Харин би бол үзэгчийн хүсэлд нийцсэн бүтээлийг л гаргаж таниулах хүн шүү дээ. Мундаг сүрхий хүн болох гээд тэдэн оноос хүүхэлдэйн кино хөгжсөн, монгол улсад хүүхэлдэйн кино хөгжихгүй байгаа шалтгаан энэ тэр гэж онолдохоосоо илүүтэйгээр хийсэн зүйлээр харуулахыг эрхэм болгож байгаа.
Аливаа зүйлийн анхдагч байна гэдэг хэцүү биз?
Бид анхдагч бол биш. Маш олон хүмүүс хийж байгаа. Хамгийн гол нь тэд анх хөл тавих учраас чанартай бүтээл гаргахыг эрхэмлэж байгаа. Бид ч ялгаагүй гэхдээ анхдагчдийн нэг гэдэг тодотголд орж байгаа болохоор их баяртай байна. Тиймээс анхдагч байдаг гэдэг өөрөө маш их хариуцлага үүрч байгаа хэлбэр юм. Энэ урлагийг ядаж л хөгжих эхлэлийг тавьж ул нь болж өгвөл ар араас гарч ирэх уран бүтээлчид чанар дээшилж хөгжилд их хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Тиймээс л бид зоригтой айхгүй эхлэж байгаа юм.
Бусад хүүхэлдэйн кино хийх гэж байгаа хүмүүст та юу гэж зөвлөх вэ?
Би зөвлөөд байхаар мундаг хүн биш. Олон шинжилгээ судалгааг өөрийнхөө хэмжээгээр хийчихдэг арга барилтай хүний хувьд хамгийн энгийн зүйлээс эхлэх хэрэгтэй. Наад зах нь боломж, давуу тал сул тал, аюулаа сайтар тусгаад биччих. Өөрөөр хэлвэл СВОТ шинжилгээг маш сайн гарга. Тэгээд сул талаа давуу талруу оруулах арга шийдлүүдээ, аюулаа боломжруу оруулах шийдлүүдээ тусгаад үзээрэй. Тэгвэл үнэхээр энгийн болж өөрт чинь хийх арга зам чинь гарч, тодорхой төсөөлөл буй болж ирнэ. Хаана хүрэх газраа харж чадахгүй хөдлөнө гэдэг үнэхээр боломжгүй зүйл. Тиймээс ажлын төлөвлөгөөгөө нарийн гаргаад ажил үүргээ сайтар хувиарлах хэрэгтэй. Хамгийн чухал нь зоригтой эхлэх хэрэгтэй эхэлчихсэн явахад санаж явбал бүтэнэ, сажилж явбал хүрнэ гэдэг чинь л болно. Иймэрхүү маягаар хэцүүг даваад гарч болно шүү.
Уншигчидад төслийнхөө хүүхэлдэй киноныхоо талаар танилцуулж болох уу?
Бид үзэгчид болон уран бүтээлчдийн гол ялгааг бодолцож үзээд үзэгчдэд зориулсан өнгө хийцтэй дүрслэлтэй хийхээр шийдсэн. Мэдээж л монгол хүн хийж байгаа болохоор аль болох монгол зан ахуй, соёлоо тусгаж монгол дүрийг гаргах гэж хичээж байгаа. Нэг ёсондоо арилжааны гэх тодотголтой уран бүтээл болж байгаа юм. Нэгэнт арилжааны хүүхэлдэйн кино руу орсон болохоор бас чанараа сайжруулна мөн олон хүмүүст таниулан сурталчиллах зорилгоор хэд хэдэн шаттай маркетинг сурталчилгаа боловсруулж байгаа. Бид энэхүү төсөл маань амжилттай болвол дараагийн хүүхэлдэйн кино төслийнхөө санхүүжилтийг босгочих байх гэж харж байгаа. Тэр үед бид дэлхийд гарах Монгол бүтээлийг хийхийг төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл дараагийн хүүхэлдэйн кино төсөл маань олон улсад чиглэсэн монгол имиж бүхий хүүхэлдэйн кинонууд байх болно. Хүүхэлдэйн кино бол дэлхийд гарах монголын нэг гарц мөнөөс мөн юм. Үүнийг дэмжиж хэвлэл мэдээллийн сайтууд нэгдэж эхэлсэн. Залуу.ком тэргүүтэй АСК буюу Ардчилсан сайтуудын клуб дэмжиж байгаад талархаж байна. Цаашид ч бас бусад ХМХ байгууллагууд дэмжиж ажиллах байх.
Ажлын явц хэр байна вэ?
Ажлын явц ерөнхийдөө 20 гаруй хувьтай явж байна. Зохиолыг маань 2 чадварлаг залуу зохиолч нар бичсэн. Манай ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа хүн бол компьютер график дизайн чиглээр дээд сургууль төгсөөд шууд КУДС-д кино найруулагчийн ангид суралцаад одоо төгсөж байгаа чадварлаг уран бүтээлч байгаа. Бага наснаасаа л уран зураг зурж өссөн болохоор хүүхэлдэйн кинон дээр ажиллахад өөрт нь их дөхөм санагдаж байгаа байх. Яг үнэндээ монголд хүүхэлдэйн киноны найруулагч гэж бэлддэггүй юм билээ. Тиймээс манай найруулагч маань хүүхэлдэйн кинотой хамгийн ойр хүн юм. Энэ нь бидний давуу тал болж байна. Тийм болохоор киноныхоо бүх зүйлийг хийж чадахаар хүн. Одоогоор манайх хориод хүний бүрэлдэхүүнтэй ажил явж байгаа юм.
Нууц биш бол санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Нууц юу байхав дээ. Өөрийн хөрөнгөөр төслөө эхлүүлсэн. Бид хийгээд эхэлсэн. Хэрэв хүн хүчээ нэмэгдүүлээд ажиллавал илүү хурдтай илүү үр дүн чанарт их тус болно. Тиймээс бид хэд хэдэн үндэсний гэх тодотголтой газарт ерөнхий ивээн тэтгэгчийн санал хүргүүлсэн байгаа. Нааштай хариунууд ирж байгаад талархаж байна. Хамгийн гол нь хоосон төсөл барьж ивээн тэтгэгчид хайгаагүй. Ажлын явц 20 хувьд хүрчихсэн байна. Хүсэл мөрөөдлөөрөө нэгдэцгээсэн болохоор ажил маань алхам алхамаар урагшилж байна. Мөн цаашид олон олон байгууллагуудад санал хүргүүлэн ажиллаж байгаа юм. Зоригтойгоор нэгдээд хамтран ажиллах байгууллага, хувь хүн гарч ирнэ гэж бүрэн итгэж байна. Монголчууд хүүхэлдэйн кино хийж чадахгүй, хийсэн ч олигтой болохгүй гэсэн башир бодлоосоо бид салмаар байгаа юм. Үнэхээр хийж чадна гэдгийг бид харуулна. Харин зоригтой нэгдэж чадсан тэр байгууллага л нэр хүндээ өндөрт өргөж чадна. Бид бас тэдгээр байгууллагуудад харилцан ашигтайгаар туслаж хамтран ажиллах болно.
Одоогоор гол дүрүүд маань гарчихсан. Дээр дурдсан маркетингийнхаа талаар хэлэхэд одоо киноны маань дуу клипны хэсэг гарна. Удахгүй тэр бүтээлээрээ дахин уулзая. Бас хамтран ажиллах байгууллага хүвь хүмүүс, уран бүтээлчид, зүрх сэтгэлээрээ нэгдэн ажиллах киноны маань дууг дуулах, санал өгөх дуучид маань саналаа ирүүлээрэй гэж хүсэж байна. Бид ямартай ч сайн бүтээл хийж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Хамгийн чухал зүйл бол нэгдэж чадвал амжилтанд хүрдэг гэдгийг кинондоо маш тодоор харуулж өгсөн байгаа. Монголчууд нэгдэж чаддаггүй гэдэг бол худлаа. Зүгээр л ийм үгийг ард түмний толгойд суулгаж өгсөн том гүрнүүдийн бодлогод бид их автлаа. Бүүр сүүлдээ нэгдэж чадахгүй юм чинь дээ гээд зөнгөр хаяаад сул суудаг хүмүүс ихсэж байна. Бид киногоороо ч уран бүтээлээрээ ч ажил бизнесээрээ ч нэгдэж чадвал хаана хүрдэгийг харуулах том зорилго өвөрлөж яваа залуучууд юм.
Таньд баярлаа. Таны ярилцлагын төгсгөлд хэлдэг өгүүлбэрүүд их таалагдлаа. Тиймээ Монголчууд үнэхээр нэгдэж чадна бас бүтээж чадна гэдэгт сэтгүүлч миний хувьд итгэж явдаг. Танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.
За баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.
“Chuka studio” -н бүтээж буй "ШИДЭТ ХУУДАС" хүүхэлдэйн кинотой холбоо барихыг хүсвэл: Утас: 8809-1577 дугаар болон Маркетингийн менежер: Б. Мөнхтуяа. холбогдох утас: 8010-8100