Хоргын тогооны дэргэд байх бөгөөд Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал галт уулын халуун хайлмал бодисонд боогдон тогтжээ. Цэнгэг устай, 16 километр урт, хамгийн өргөн хэсгээрээ 6 километр, талбай нь 61 хавтгай дөрвөлжин километр, гүн нь 20 метр, далайн төвшнөөс дээш 2060 метрт оршдог. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм.
Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол бөгөөд цааш 50 километр урсаад Чулуутын голд цутгана. Нуурын голд жижиг арал оршиж шувууд үүрээ засаж өндөглөнө. Сүүлийн жилүүдэд нутгийн иргэдийн замбаараагүй загас олборлолт болон хар галуу их ирснээс үүдэж загасны баялаг нь эрс цөөрчээ. Хар галуу 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог учраас тоо толгой нь ихэдвэл байгал экологид сөрөг нөлөөтэй ажээ. Нуурын тухай нэгэн домог бий, Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэг овоо бүхий дөрөлж байдаг гэнэ. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Тэр их цагаан нуурыг хараа” хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу “Тэрхийн цагаан нуур” гэдэг нэр бий болсон гэдэг. Тэрхийн цагаан нуураас 3 километр зайд Хөдөө нуур гэж байдаг. Талбай нь 10 гаруй хавтгай дөрвөлжин километр.