Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бичигтийн амны зураг (БАЯНХОНГОР)

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Их Баян уулын Бичигтийн амны хаданд эртний хүмүүс олон зуун хүн, амьтан, тамга тэмдгийн зураг цоолборлон сийлж үлдээжээ. Бичигтийн амны орчим хүн нутаглахад одооныхоос илүү тохиромжтой, байгаль газарзүй, цаг уурын нөхцөл бүрэлдсэн нутаг байсан нь тодорхой. Тиймээс энд наад зах нь хүрэл зэвсгийн үеэс буюу ойролцоогоор  Х.Т.Ө 3000  жилийн тэртээгээс дундад эртний үе буюу манай эриний наймдугаар зууныг хүртэлх түүхийн олон үеийн туршид энэ амны хадны зургийг дахин дахин нэмж цоолборлосоор ирсэн ажээ.

Энд хамгийн олон зурсан амьтан бол янгир, дараа нь буга орно. Тэдгээрийг ганц хоёроос авахуулаад бүхэл бүтэн сүргээр нь цоолборлосон байдаг. Янгир, бугыг анчид ганц нэгээрээ буюу хэсэг бүлгээрээ нум сумаар харван намнаж буй байдлыг үзүүлсэн сэдэвтэй зураг олон байгаа нь тэр үеийн хүний амьдралд ан агнуур хичнээн чухал байсныг харуулах чухал баримт юм.

Говь-Алтай нурууны салбар уулс болох энэ нутагт одоо хүртэл янгир олон арваараа сүрэглэн нутагласаар байдаг бол харин эрт цагт энэ нутаг буга нутаглахаар зөөлөн чийглэг уур амьсгалтай, ой мод, өвс ургамал элбэгтэй байж уу гэдэг асуудал эрдэмтдийн анхаарлыг зүй ёсоор татдаг билээ. Хэдэн зуун километрийн алсад орших хангай нутгийнхны дунд эрхэмлэгдэн, тэдний урлагт хүндтэй байрыг эзэлдэг буга говь нутагт түгэн тархсаны улмаас Бичигтийн амны хаданд ийнхүү олноор нь дүрсэлсэн ч байж болох билээ.

Бугын энд бодит байдлаар дүрслэхдээ гадна шувуу шиг урт нарийнхан хошуутай, хээ угалз мэт олон салаа урт эвэртэй, гоёмсог урт биетэй, ихэд загварчлан харуулсан байна. Амьтныг ийнхүү дүрслэх аргыг Ази, Европын эртний урлаг судлалд “Амьтныг загварчлан дүрслэх арга” гэж нэрлэдэг бөгөөд анх хүрэл зэвсгийн үед Монгол, Төв Азийн нутагт үүсэж төмөр зэвсгийн түрүү үед Ази, Европын хээр талын бүс нутаг даяар арган тархсан юм. Үүнээс гадна энд чоно, ирвэс, шилүүс зэрэг араатнууд аргаль, янгир, буга зэрэг амьтдыг элдэж хөөсөн, тойрч бүслээд барьж идэхийг завдан буй байдлыг дүрсэлсэн байх олонтаа. Эдгээр араатнуудыг амаа ангайж, шүдээ ярзайлгасан их догшин дүртэй зурж чадсан нь тухайн хадны зургийн урын гайхамшигтай тал билээ.

Мөн мушгирч тахиралдсан могойн зургийг олонтаа зурсан нь Төв Азийн эртний нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, сүсэг бишрэлийн ойлголтоор бол могой доод ертөнцийн амьтан бөгөөд түүнээс айж эмээн аргадан хүндэтгэдэг байсны тусгал болно. Бичигтийн амны зургийн бас нэг чухал сэдэв нь мал аж ахуйн юм. Адуу, үхэр, тэмээ мал хөтлөөд явж буй эсвэл морь, тэмээ унаад явж буй ан гөрөө хийж буй хүмүүсийг олон дүрсэлсний гадна морин тэрэг хөлгөлсөн хүний зураг бас байна. хүмүүс морь малыг зайдан, бас эмээлтэй унасан байна. Хүмүүс тэргийг сэдэж морь малыг зүтгэх хүч болгон ашигласан нь хүн төрөлхтний тээврийн хэрэгслийн түүхэнд гарсан асар том дэвшлийн нэг билээ. Хүнд анжсанд үхэр хөллөөд нэг хүн хөтөлж хоёр дахь хүн нь араас нь анжсаа залан газраа хагалж буй байдлыг харуулсан зураг олдсон нь Монголын говь нутгаас олдож буй газар тариалангийн холбогдолтой тун ховор дурсгал билээ.

Бичигтийн амны хаданд морьтой явган, нум сумаар харвалдан байлдаж буй хүмүүсийг дүрсэлсэн сэдэв бүхий зураг олон бий. Нум сум бол эртний хүмүүс дундад чулуун зэвсгийн үед анх модны уян хатан чанарыг ашиглан зохион бүтээсэн холын тусгалтай зэвсэг бөгөөд XVI  зуунд галт зэвсэг дэлгэрэх хүртэл арван хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүчтэй холч мэргэн зэвсэг болж ирсэн түүхтэй. Бичигтийн амны зургийг үзэхэд энгийн, зүймэл хоёр төрлийн нумыг хэрэглэж байсан нь илт мэдэгдэж байна. зүймэл нумыг хийхэд эвэр, шөрмөс зэргийг нааж хүч оруулдаг тул тусгал нь хол, бат бөх байдаг.

Эртний хүмүүс хад чулуунаа элдэв зураг дүрсийг сийлж мөнхжүүлэхдээ ан ав олзтой байгаасай, дайсны хүчийг ялан дийлэх юмсан хэмээн хүсэл эрмэлзэллээ илэрхийлэхээс гадна бас ан амьтан үржих олон болоосой, хүний өөрсдийнх нь үр сад ах дүү амраг садан, овог, аймаг энх тунх өсөн үржихийн билэгдлийг илэрхийлэн янз янзын секс зургийг бас цөөнгүй зурсан байдаг. Бичигтийн амны зураг нь тоо хэмжээ, илэрхийлсэн сэдэв, зохиомж, дүрслэлийн арга барил, уран сайхан, урлагийн бүхий л шинж чанараараа зөвхөн Монгол орны төдийгүй, хадны сийлмэл зураг өргөн тархсан Өмнөд Сибирь, Казакстан, Киргиз, Узбекстан, Баруун хойд Хятадын хадны зургийн дотор эрдэм шинжилгээний чухал ач холбогдол бүхий томоохон дурсгалын тоонд зүй ёсоор орно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан