Украины нийслэл Киев хотод болж байгаа эсэргүүцлийн цуглаан, эмх замбараагүй байдлыг намжаах, хэв журам сахиулахын тулд хэд хэдэн дүүрэгт дотоодын цэрэг оруулж захиргааны албан байруудыг удаан хугацаагаар хамгаалж байгаа цагдаагийн ажилтнуудыг солихоор тус улсын Дотоод явдлын сайд Виталий Захарченко шийдвэрлэсэн байна. Харин хаана хэдэн тооны цэрэг оруулахаа мэдэгдээгүй байна. Арванхоёрдугаар сарын 2-ны өглөө гэхэд Киевт мянга орчим цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байсан юм. Кременчугаар дамжин таван автобус цэрэг орж ирсэн бол Московскийн гүүрээр долоон машин, Броваровын талаас мөн тусгайгийн хэд хэдэн “Газон” машинтай цэрэг орж ирснийг хэвлэлүүд мэдээлж байна. Киевийн төвд хэдэн мянган хүн оролцсон жагсаал цуглаан үргэлжилж Үйлдвэрчний эвэлийн ордон, хотын даргын албан байр зэргийг эзлэн
Ерөнхийлөгчийн ордон руу орохыг санаархаж байна.
Жагсагчид цагдаа нартай мөргөлдөх үеэр хэдэн зуун хүн бэртэж гэмтсэний дотор 30 орчим сэтгүүлч сурвалжлагч байна. Мөн Киев болж байгаа эсэргүүцлийн жагсаалд оролцохоор явж байсан 200 орчим хүнийг Днепропетровскийн галт тэрэгний буудал дээр зодсон явдал гарсан юм.
Засгийн газарт итгэх эсэхийг Рада хэлэлцэнэ
Дээд Радагийн Төрийн байгуулалт, орон нутгийн удирдлагын байнгын хороо Николай Азаровын Засгийн газарт итгэл хүлээлгэхгүй гэсэн тогтоолын төслийг даваа гарагт парламентад өргөн барьсан гэж Интерфакс агентлаг дамжууллаа. Энэ төслийг тус хорооны найман гишүүн дэмжиж, нэг гишүүн түдгэлзжээ. Тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэнэ гэж сөрөг хүчин УДАР намын депутат Виталий Кличко хэлсэн байна.
Саакашвили Киевт иржээ Гүржийн “Долоо хоногийн үйл явдал” сонин, тус улсын Ерөнхийлөгч асан Михаил Саакашвили украины сөрөг хүчнийг дэмжихээр Киевт ирсэн гэж мэдээллээ. Харин Гүржийн парламентын тэргүүн Давид Усупашвили украинчуудын байдал муу болбол, өөрийнх нь эх оронд ч таатай зүйл болохгүй гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Европын интеграцид нэгдэхийн тулд Украин, Молдав, зүүн европын бусад орнуудтай бид нягт хамтрах ёстой” гэсэн байна.
Украинд цэргээ оруулахыг Путинээс хүсчээ
Украины Севастополь хотын зөвлөлийн депутат Сергей Смольянинов ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан тус улсад бий болоод байгаа эмх замбараагүй байдлыг намжаахын тулд цэргээ оруулахыг хүссэн байна. Тэр хүсэлтдээ “АНУ-ын болон НАТО-гийн түрэмгийлэгчдээс хамгаалахын тулд Украинд ОХУ-ын зэвсэгт хүчнийг оруулах талаар манай Засгийн газартай хэлэлцэхийг хүсч байна” гэжээ. Тэр бас өнөөдөр Украинд “барууны тусгай алба, тэдний тагнуулууд” хууль ёсны Засгийн газрыг түлхэн унагаахыг оролдож байна гэсэн байна.
Үүнтэй зэрэгцээд Януковичийг эсэргүүцэгчид америкийн ерөнхийлөгч Барак Обамад бас хандсан мэдээ байна.
Владимир Путин: Энэ бол гадны явуулга
Украинд болж байгаа үйл явдал бол хувьсгал биш харин түрэмгийлэл гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин армяны ерөнхийлөгч Сержем Саргянтай хэлэлцээр хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Тэр “Украинд болж байгаа үйл явдал хувьсгал гэхээсээ түрэмгийлэл. Миний бодлоор бол энэ нь Украин, Европын холбооны хамтын ажиллагаатай тун бага холбоотой” гэжээ. Түүнийхээр бол украины өнөөгийн энэ явдал тус улсад ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэлтэй холбоотой гэсэн байна.
Ерөнхийлөгч Янукович Орост очиж магадгүй
Улс оронд нь жагсаал цуглаан эмх замбараагүй байдал гараад байгаа Украины Ерөнхийлөгч Виктор Янукович ойрын үед ОХУ-д очиж хоёр орны хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр гарын үсэг зурна гэж Украины Ерөнхий сайд Николай Азаров телевизэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна.
Түүнийхээр бол энэ сарын 3-6-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийгээд дараа нь Орост айлчилж хоёр орны хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах гэнэ.
Украин улс Европын интеграцид нэгдэх тухай ЕХ-той хийж байссан хэлэлцээрээ зогсоож ОХУ болон тусгаар улсуудын хамтйн нийгэмлэгтэй харилах боллоо гэснээс үүдэж ерөнхийлөгч Януковичийг эсэргүүцэн жагсаал цуглаан болж энэ нь эцэстээ эмх замбараагүй байдал болж хувираад байгаа юм.
Ц.Хас