Салхинаас эрчим хүч гаргах өргөн боломж бий. Монгол Улсын салхины эрчим хүч гарган авах нөөцөөрөө 0.2 терраватт цахилгаан үйлдвэрлэх бололцоотой гэсэн тооцоо гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол нутгийн газар зүйн байрлал болон салхины хэмжээ, урсгал, чиглэлийг нь тооцвол Хятадыг бүхэлд нь цахилгаанаар хангаад зогсохгүй илүү их эрчим хүч үйлдвэрлэх нөөц бололцоо бий гэсэн судалгаа гарсан байдаг. Салхины энэ нөөцөө ашиглаж чадвал өдрөөс өдөрт хүн ам, зах зээл нь өргөжин тэлж буй хоёр хөршдөө эрчим хүч нийлүүлэх ирээдүй харагдаж байгаа юм. Энэ бүгдийг тооцож үзээд АНУ-ын хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулах сонирхолтойгоо илтгэжээ. Тэгэхээр энэ талаар төрийн бодлого, хууль эрх зүйн орчин нь тодорхой, тогтвортой, харилцан ашигтай байж гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах учиртай.
Салхины эрчим хүчний нөөцийн дээрх судалгааг АНУ-ын Засгийн газар 10 жилийн өмнөөс ерөнхийд нь хийж байж. Үүний дараа Азийн хөгжлийн банк, хөгжлийн хөтөлбөрүүд нэлээд судалж тогтоосон аж.
Иймд АНУ-ын төрийн департаментийн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн бодлого хариуцсан газрын захирал Раймонд Грийнэ, Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) ахлах мэргэжилтэн Атуул Кэшап нар салхинаас эрчим хүч гарган авах төсөл, төрийн бодлого, тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын талаар ярилцахаар Монголд иржээ. Тэд өчигдөр эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубийн гишүүдтэй уулзаж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АНУ-ын төрийн департаментын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн бодлого хариуцсан газрын захирал Раймонд Грийнэ “Монголын албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Үүний гол сэдэв нь эдийн засгийн хамтын ажиллагаагаа яаж өргөжүүлэн хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрхэн хамтран ажиллах тухай байсан. Ази Номхон далайн орнуудын эдийн засаг, эрчим хүчний салбарт хамтарч ажиллах ирээдүйн боломжуудын талд илүү их анхаарал хандууллаа. Монгол Улсын төрийн бодлогод сэргээгдэх болон байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх асуудал хэрхэн тусгагдсан нь чухал. Монгол Улс зөвхөн өөрийн эрчим хүчний бие даасан байдал, аюулгүй байдлаа хангаад зогсохгүй Ази Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний үйлдвэрлэлд хувь нэмэр оруулах бүрэн боломж бий” гэв.
Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) ахлах мэргэжилтэн Атуул Кэшап “Монгол Улсын төр засгийн холбогдох байгууллагынхантай бид уулзахдаа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин маш тодорхой байх ёстой. Сэргээгдэх эрчим хүчний энэ төсөл бол алсыг харсан 20, 30, 40 жилээр тогтвортой, ил тод байх зарчимд үндсэлсэн бодлого эрх зүйн бичиг баримтаа боловсруулахад хамтарч ажиллах тухай ярилцсан” гэсэн билээ. Үүнээс гадна АНУ-ын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний салбарт ажилладаг өөрийн улсын компаниудад Экспорт, импортын банкаараа дамжуулж хөнгөлөлттэй зээл олгох боломж бий аж. Ийм хөрөнгө оруулалтын зээл олгох шалгуур үзүүлэлтэд хөрөнгө оруулж буй хүлээн авагч улсын хууль эрх зүйн бичиг баримт ямар байгаа нь их чухал үүрэгтэй байна.
Раймонд Грийнэ “Манай Засгийн газар Монгол болон АНУ-ын хувийн компаниудыг худалдаа, хөрөнгө оруулалтын талаар холбож өгөх бүрэн боломжтой. Одоо Веьтнамд эрчим хүчний асуудлаар төсөл хэрэгжүүлэн яриа хэлцэл хийж байна. Үүний адил Монгол-АНУ-ын эрчим хүчний салбарт ажилладаг компаниудыг холбож өгөх, дэмжих ажил зохион байгуулна гэж төлөвлөсөн” хэмээсэн билээ. Тэгэхээр манайхан нүүрсээ шатааж эрчим хүч үйлдвэрлэхээс гадна салхины нөөцөө ашиглах боломжтой ажээ.