Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүүхдийн архаг өвдөлт болон булчингийн чангарлыг эмчлэх, оношлох дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг анх удаа эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж байна.

Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулсны үндсэнд манай эмнэлэг “Мэдрэлийн мэс заслын навигацийн систем” болон “Нойрны гүн хэмжих мониторын систем”-ийг хүлээн авлаа.

Эдгээр орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр манай төв хүүхдийн архаг ба хүчтэй өвдөлт, хавдрын шалтгаант өвдөлт, тархи болон нугасны гэмтэл, төрөлхийн болон олдмол эмгэгээс үүдэлтэй булчингийн чангарлыг эмчлэх, мөн нойрны гүн, чанарыг нарийн тодорхойлж нойрны эмгэгийг эрт илрүүлэн оновчтой эмчилгээг нарийн төлөвлөн үзүүлэх бүрэн боломжтой болж байна






















