Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.12/ болж, нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах, дотоод үнэт цаас гаргах, төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг сайжруулах асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар нийслэлийн төсвийн орлого, зарлагын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын санхүүжилт болон төсвийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат танилцуулга хийв. Танилцуулгад дурдсанаар, 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар нийслэлд 83.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ДНБ-ий өсөлт 7.3 хувь, инфляц 12.9 хувьтай байна.

Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах асуудлыг хэлэлцэх үеэр төлөөлөгч Б.Золтуяа татан төвлөрүүлэх хөрөнгийг ямар төсөл, арга хэмжээнд зарцуулах, хэрэгжих хугацаа, эдийн засгийн үр өгөөж, болзошгүй эрсдэлийн талаар тодрууллаа. Мөн санхүүжилтийн шийдвэрийг мэргэжлийн инженер, техникийн байгууллагын тооцоо, судалгаанд үндэслэх шаардлагатайг онцолсон юм.
Үүнтэй холбогдуулан холбогдох албаны төлөөлөл уг санхүүжилтийг Дэнжийн мянгад барих 58 МВт-ын хүчин чадалтай хийн дулааны станц, шингэрүүлсэн байгалийн хий хадгалах, хийжүүлэх байгууламж болон холбох шугам сүлжээний бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөснийг тайлбарлав. Төслөөр эхний ээлжинд 58 МВт-ын станцыг санхүүжүүлж, цаашид хүчин чадлыг 93 МВт болгон өргөтгөх төлөвлөгөөтэй байна. Төслийн хүрээнд нүүрсний хэрэглээ, агаарын бохирдлыг бууруулж, хийн суурьтай хотын дэд бүтцийг хөгжүүлэхээр зорьж байгааг танилцууллаа.

Мөн төлөөлөгч О.Зундуйдорж нийтийн тээврийн үйлчилгээний зардлын төлөвлөлт, авто зогсоолын ашиглалт, түүнээс төвлөрүүлэх татвар, төлбөрийн орлогын бүрдүүлэлт, уг орлогыг нийслэлийн бүтээн байгуулалтад зарцуулж буй байдалд анхаарч, энэ чиглэлийн бодлого, хяналтыг сайжруулах талаар санал, асуулт тавив. Түүнчлэн төлөөлөгч Б.Золтуяа төсвийн тодотгол хийхэд хүргэж буй орлого, зарлагын төлөвлөлтийг нягтлахын зэрэгцээ хэрэгжилт хангалтгүй төсөлд нэмэлт санхүүжилт олгохдоо хариуцлагыг хамтад нь авч үзэх шаардлагатайг тэмдэглэв.
Хуралдаанаар, Кибер аюулгүй байдлын хороо байгуулах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, төрийн дээд шагналд тодорхойлж уламжлах тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.
























