Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН ХУУЛИЙН ТӨСӨЛД ХИЙСЭН АНАЛИЗ

УЧИРЛАХ НЬ:

Юуны өмнө би хуульч биш. Төрийн албаны болоод судалгааны ажлын багаахан туршлагатай. Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Баян-Өндөр сумаас сонгогдоод 2 сарын нүүр үзэж буй. Гэхдээ бас “хэвшсэн ойлголт ёсны” улс төрч бүр биш. Монгол хэл бичгийн мэргэжилтэй. Сонгуульд нам эвслийн гишүүнчлэл, улс төрийн үзэл баримтлалаар бус нутаг усаа дээдэлж, төрт ёсны үзэл санааг эрхэмлэж оролцсон нэгэн.

УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй эдүгээ мөрдөгдөж буй эл хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэгч ИТХ-ын төлөөлөгчийн үүднээс танилцаж үзэв. Хэлэлцэж буй хуулийн төслийг одоогийн хуультай харьцуулан иргэний хувиар ажиглаж, иргэдийн төлөөлөгчийн хувиар анализ хийснээ мэргэн ардад айлтгах, хуулийн төсөлд санал өгөх иргэний эрхээ эдлэх нь зүйтэй мэт үзэж нийтэлсэн минь энэ.

БАГ, СУМДЫГ НЭГТГЭХ НЬ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Энэ хууль бол маш том реформын хууль орж ирж байна” гэдгийг хэлээд 330 сумаа нэгтгэж хөгжүүлэх талаар хөндсөн нь олны анхаарлыг татсан юм.

13 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх

Энэ талаар бүтэн нэг зүйлийн 7 заалтаар зохицуулахаар тусгасан. Нэгжийг өөрчлөх гэдэг нь зарим аймгийн төвүүдийг хот болгох, зарим сумыг тосгон болгохоос өөр асуудал. Энэ талын зохицуулалтыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгонд шилжүүлэх гэсэн Дөрөвдүгээр бүлгээр шийдэж байгаа. Энэ бол баг, сум, дүүргийг нэгтгэх, хуваах асуудал юм.

Хуулийн төсөлд “Аймаг, сум, дүүргийг өөрчлөх асуудлыг Засгийн газар санаачилна” /Төслийн 13.2/ гээд тухайн нэгжийн иргэдийн саналыг авсан байхаар заасан боловч иргэдийн санал УИХ-ын шийдвэрт саад болох эсэх талаар дурдсангүй. Одоогийн хуульд байгаа “Хилийн цэсийн асуудлаар аймаг, нийслэл харилцан адилгүй саналтай байсан нь уг асуудлаар Улсын Их Хурал шийдвэр гаргахад саад болохгүй” гэсэн жишгийн дагуу санал авах журамд тусгах боломжтой.

Багийг өөрчлөх болон хилийн заагийг тогтоохдоо аймгийн Засаг дарга өргөн мэдүүлснээр аймгийн ИТХ шийдвэрлэнэ гэж заасан. Энэ нь аймгийн Засаг даргад эрх мэдлийг төвлөрүүлсэн, хэтрүүлсэн бөгөөд сум алгасаж, багийн иргэд, иргэдийн Нийтийн Хурлын эрх хэмжээний асуудал руу гар дүрсэн, хүч түрсэн хэрэг болохоор харагдаж байгаа юм. Хуулийн төслийн дагуу аймгийн Засаг даргын бүрэн эрх үнэмлэхүйгээр өргөжин тэлж байгаа талаар дараагийн хэсгүүдэд өгүүлнэ.

Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёс хэмээхийн үүднээс бол дээд шатны байгууллага нь доод шатны байгууллагын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэж үл болох юм. Нутгийн өөрөө удирдах ёсны талаар мөн дараагийн хэсэгт өгүүлнэ.

Одоогийн хуульд нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах талаар нэгэн товч зүйл бий боловч яг энэ асуудлаар хоёрхон тойм заалт байхаас биш хилийн цэс, өөрчлөн байгуулахыг хориглох заалт зэргээр хязгаарлагддаг юм. Тодруулбал, шинэчилсэн найруулгын төслөөр нэгжийг өөрчлөх асуудлыг илүү нарийвчилж, олон заалтаар зохицуулсан байгаа нь Т.Доржханд гишүүний олж харсан 330 сумаа өөрчлөн нэгтгэх асуудал энэ хуулиар үүд хаалгаа нээх, биеллээ олоход чиглэгдэх төлөвтэй юм.

Аймгийн төвдөө буюу төвлөрсөн хөгжилтэй газраа ойрхон, түүнээ дагаад хөгжил багатай жижиг сумд, хоорондоо ойрхон бөгөөд байгаль цаг уур, нийгэм соёлын онцлог, засаг төрийн үйлчилгээний хувьд холбоотой сумдыг нэгтгэх нь эдийн засаг, нийгмийн үр өгөөжтэй байхыг үгүйсгэхгүй. Гэвч газар нутгаа эзэнтэй байлгадаг хилийн сумдыг нэгтгэхээс өгсүүлээд ер нь сумдыг өөрчлөн зохион байгуулах асуудал үндэсний эв нэгдэлд хохирол учруулах, эмх замбараагүй байдал, үнэт зүйлсийн зөрчил үүсгэхээс одоохондоо хэтрэхгүй мэт санагдана.

2. АШИГТ МАЛТМАЛЫН БҮЛЭГЛЭЛИЙН АШИГ СОНИРХОЛ БА АРД ИРГЭДИЙН ХҮСЭЛ ЗОРИГИЙН ХҮЧГҮЙДЭЛ

Түүнчлэн Нэгжийн хуулийн төсөлд нуусан нэг томоохон ашиг сонирхол бол уул уурхайн бүлэглэлийн шунал, түүнийг биелүүлэх зорилт буюу ард иргэдийн хүсэл зоригийн эсрэг, түүнийг хүчгүйдүүлэх, нутгийн өөрийн удирдлагын бүрэн эрхийг хязгаарлахад чиглэсэн заалт оржээ гэж хардах үндэслэл байгаа юм.

Хуулийн төслөөр газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх /Төслийн 62.1.13/, газар нутгийнхаа тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах санал боловсруулж, Хуралд оруулж шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах /Төслийн 62.1.14/ бүрэн эрхийг баг, сумын Засаг даргаас хасаж, зөвхөн аймгийн Засаг даргад төвлөрүүлжээ.

Одоогийн хуулиар энэ бүрэн эрх бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын нийтлэг бүрэн эрх /Хуулийн 18.1.2:К, 29.1.3:З, 30.1.12/ болж, эрх мэдлийн тэгш хуваарилалт, нутгийн өөрөө удирдах ёс хэрэгжиж, эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашиж байдаг билээ.

Одоо ЕС-ын шадар хүн болох аймгийн Засаг дарга том, жижиг гэлтгүй аймгаа ч засаглана, баг, сумын газрын маргаан, тусгай хамгаалалтыг ч шийдэх болоод байна. Дээр дурдсан багийг өөрчлөх болон хилийн заагийг тогтоохыг ч аймгийн дарга л шийдэх нь. Багийнхаа асуудлыг багийн иргэд нь, харьяалдаг сум нь мэддэг байх нь зүй ёсны бөгөөд гарах шийдвэр нь иргэдийн хүсэл зоригт нийцсэн баймаар санагдах.

Дээр дандаа газрын харилцаатай холбоотой асуудлуудыг сум, багийн бүрэн эрхээс хасаж, аймгийн Засаг даргын бүрэн эрхэд төвлөрүүлсэн байгаа нь харагдана. Энд тодорхой, нарийн учир шалтгаан байна гэж хардах үндэслэл бий.

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.13. “тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 171820 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг хэлнэ гэж томьёолжээ. Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд Газрын харилцааны талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг дурдахдаа, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрхийн дотор 20.2.5-д газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг газар эзэмшигч болон тухайн шатны Засаг даргатай тохиролцсоны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх хэмээн заасан.

Өөрөөр хэлбэл, сум өөрөө тусгай хэрэгцээнийхээ газрыг тогтоосноор тэнд нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарлах буюу хориг үүсэх боломж хуулиар бий болдог.

Тэгвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр сум газар нутгийнхаа тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудал үгүй болж, аймгийн Засаг даргад эрх нь шилжих болжээ. Нэгжийн хуулиндаа тусаагүй боловч Газрын тухай хуулиараа зохицуулагдана гэж тайлбарлаж магад.

Гэвч Нэгжийн хуулийг баталсантай холбогдуулан, дагалдан батлах “Тус хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн 1.3 дахь хэсэгт “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүлэх”-ийг ЗГ-т даалгасан байгаа. Тухайлбал, Газрын тухай хуулийн дээр дурдсан сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхтэй хэсэгт өөрчлөлт оруулж, хасахыг үгүйсгэхгүй юм.

Аймгийн Засаг дарга сум, багийн иргэдийн өмнөөс шийдвэр гаргадаг нь томоохон зөрчил үүсгэдэг, иргэдийн эрх ашиг, хүсэл сонирхлын эсрэг болдог нэг тод жишээ бол Ашигт малтмалын тухай хуулийн 17.2 дахь заалт.

Энд аймгийн Засаг дарга Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-аас ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгаруулалтын талбайг солбицлоор тодорхойлох, батлуулах мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор АМГТГ-т хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэж заасан.

Энэ бол тухайн орон нутгийн иргэдийн хүсэл зоригийн эсрэг үнэхээр хачирхалтай заалт билээ. Газар нутгийнхаа төлөө тэмцэгч олон хүн энэ заалтыг “45 хоногийн дотор АМГТГ-т хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналаас татгалзсан гэж үзнэ” гэж өөрчлүүлэх талаар санал гаргадаг.

Яагаад гэвэл аймгийн Засаг дарга ИТХ-аас санал авалгүйгээр эл мэдэгдлийг 45 хоног сейфэндээ дарчхад, сумын иргэд ч мэдэлгүйгээр, даргын гарын үсэг ч үгүйгээр, буух эзэнгүй эс үйлдэхүй нь өөрөө зөвшөөрөл автоматаар олгогдох нөхцөл бүрэлдүүлж байна гэсэн үг. Тэгэхээр газрын харилцаатай холбоотой сум, багийн бүрэн эрх хасагдаж, аймгийн Засаг дарга руу шилжсэн асуудал, Ашигт малтмалын тухай хуулийн энэ заалт хоёр нэг зоосны хоёр тал мэт санагдана.

Тэр тусмаа одоогийн хуулийн  төслөөр хасагдаж байгаа сумын Засаг дарга, ИТХ-ын бүрэн эрх явсаар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбоотой харилцааг өөрсдөө зохицуулах, хазаарлах сумын цор ганц боломж байсан үед.

Монгол Улс стратегийн 15 ордтой. Стратегийн ордоо төр иргэдээс асуулгүйгээр захиран зарцуулах эрхтэй. Энэ 15 ордыг битгий хэл томоохон 3-5 ордоо зөв ашиглахад л болчих юман дээр заавал аймгийн Засаг даргаар дамжуулж, бусад жижиг уул уурхай руу гар дүрэх гээд байдгийн учрыг уул уурхайн бүлэглэлийн шунал гэж харах, хардахаас өөр зам үлдэхгүй нь.

3. ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАСАГЛАЛЫН НОЁЛОЛ БА НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ ХУМИГДАЛ

Үнэндээ Нэгжийн хуулиар бий болох хамгийн том шинэчлэл буюу реформын өөрчлөлт бол Ерөнхий сайдын ноёлол, давуу эрх, засаглалын хүчирхэгжил, эрх мэдлийн тэлэлт болон нутгийн өөрөө удирдах ёсны доройтол, эрх хэмжээний хумигдал байхаар харагдана. Гуравдугаар бүлэг доторх гуравдугаар дэд бүлгийн Засаг даргыг томилох зүйлээс энэ сэдэв анхаарал татах боловч одоогийн хуультай харьцуулж, төслийн эхний хэсгийг эргээд нухацтай харвал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх хумигдсанаас анзаарч болно. Үндсэндээ Засаг даргыг томилох, чөлөөлөх асуудалд дээд шатны байгууллага хэт оролцсоноор нутгийн өөрөө удирдах ёс алдагдаж байгаагаараа хуулийн төсөл Үндсэн хуультай зарим нэг талаар зөрчилдөж байж болох юм гэж мэргэжлийн бус хүний учир таамаглаж байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

Тавин есдүгээр зүйл.

1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ.

2.Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна.

        Жаран хоёрдугаар зүйл.

1.Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна.

2.Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.

ЗАСАГ ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

58.2.Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлж болно.

58.5.1. ИТХ-ын төлөөлөгч, ИНХ-д оролцогч дангаараа буюу хамтарч, түүнчлэн дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх санал гаргаж болно.

Эндээс юу үүсэх вэ гэхээр аймгийн Засаг даргаар жишээлэхэд, Ерөнхий сайд хэн нэгнийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал болгоно. Мэдээж тэр этгээд тэдний намынх байх төдийгүй түүний багийн хамтрагч, магадгүй багын анд, амин найз, гарын, лоббины гэх зэрэг таалсан хүн нь байна. Аймгийн ИТХ Ерөнхий сайдын санал болгосон хүнийг дэмжилгүй, нутгийн өөрөө удирдах ёсны дагуу өөрийн удирдлагыг хэрэгжүүлж, аймгийнхаа Засаг даргад хамгийн тохирох хүнээ томилуулахаар Ерөнхий сайдад хүргүүлтэл мань хүн өөрийнх нь хүнийг унагаагаад нэр дэвшүүлж оруулж ирсэн, магадгүй нөгөө намын, эсвэл өөрт нь таалагдахгүй “бачка”-г томилохоос татгалзаж орхино.

Хуулийн төсөл ёсоор “Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” /Төслийн 58.7/. ИТХ-ын шийдвэрт Засаг дарга хориг тавихдаа үндэслэлийг нь тодорхой тусгасан байхаар заасан боловч Засаг даргыг томилохоос татгалзахад үндэслэл байх шаардлага тавигдсангүй. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бүрэн эрхээ хэрэгжүүлсэн шийдвэрт дээд шатны дарга хориг тавихад үндэслэл шаардлагагүй байгаа нь Засаг дарга, Ерөнхий сайдын таалал, түүний багийг Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсноос дээгүүрт хүндэтгэн үзэх ёстойг илтгэх санаа цухалзаж буй мэт.

Хэрэв томилохоос татгалзвал ИТХ өөр хүнийг нэр дэвшүүлнэ /Төслийн 58.8/. Одоогийн хуулийн 26.4-т “... томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй” гэж байдаг. Тодруулбал, ИТХ ахин хуралдаад мөнөөх хүнээ дахиад дэмжиж, нэр дэвшүүлбэл ЕС заавал батлахаас өөр аргагүй. Нэг ёсондоо нутгийн өөрөө удирдах ёс л хэрэгжээд байна гэсэн үг. Одоогийн Нэгжийн хуулийн Нутгийн өөрөө удирдах ёсны баталгаат байдлыг хангасан, Үндсэн хуульдаа нийцсэн давуу тал энэ.

Тэгвэл хэлэлцэж буй хуулийн төсөл ёсоор бол ЕС татгалзвал түүний таалалд нийцээгүй “этгээд”-ийг солиод, аймгийнхаа эрх ашгийн үүднээс даргад таалагдах, багт нь орчих, дэмжлэг авчих боломжтой нөхрийг олж сонгож даргаар өргөмжилнө. Мэдээж ИТХ-аас Засаг даргад хамгийн сайн тохирох хүнээ эхний ээлжинд нэр дэвшүүлсэн болохоор, тэр нь байг гэхэд, лам олдохгүй бол буцахдаа залахуйц хоёрдугаар ээлжийн нөхөр байж таарна. Гэхдээ ихэвчлэн дээдсийн тааллыг гажаахгүй тулд даргын урьд нь санал болгосон хүн байх нь дамжиггүй. Дээдсийн таалал гажваас, аймаг, орон нутаг хөгжлөөрөө, ард иргэд амьдралаараа хохирч л үлдэнэ шүү дээ.

Тэгэхээр дарга болохын тулд даргад таалагдах долоолт, уралдаан эхэлж, зусардал бялдуучлал, урваан шарваан, хуувилдаан газар авна. Эдгээрийг гүйцэтгэж, шунаж зүтгэсэн хүнээс юуг хүлээж найдах сан билээ. Ерөнхий сайдаас нийслэл, 21 аймгаар эхэлсэн энэ уралдаан 9 дүүрэг, 330 сум, 150 хороо, 1500 багаар үргэлжилж, улс даяараа даргын уралдаан, долоолтын шинэ сорилд орох уу? Мэдээж аймаг, сум, баг тоолонд энэ муу ам биелэхгүй боловч ийм жишиг газар авах нь дамжиггүй болно.

Аймгийн Засаг дарга аймгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдтэй ойр шадар, Ерөнхий сайдын шууд үүргээр ажиллах төдийгүй хуулийн төсөл ёсоор болбол аймгийн Засаг даргын бүрэн эрх өргөжиж байгаа юм. Үндсэндээ иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг, сумын Засаг даргын бүрэн эрх хумигдах хэрээр аймгийн Засаг даргын бүрэн эрх өргөжих боломжтой болжээ. Одоогийн хуулиар тэдний хэрэгжүүлдэг бүрэн эрхийг аймгийн Засаг дарга руу шилжүүлсэн зүйлс олон байна. Адаглаад л ИТХ-аас олонхын саналаар иргэнийг төрийн дээд шагналд тодорхойлох эрх зөвхөн аймгийн Засаг даргын үзэмж, үнэлэмжээр шийдэгдэхээр шилжирсэн байгаа юм. Шагнал бол нийгмийг хөдөлгөх томоохон хөшүүрэг болдог учраас төр иргэнээ шагнаж урамшуулсаар ирснийг энд нурших илүүц биз. Тэр хөшүүрэг буруугаар ашиглагдаад, зөвхөн аймгийн даргын эрх ашигт үйлчлээд ирвэл бас л гажуудал үүснэ ээ дээ.

Хуулийн төслөөр цаашлаад, Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын ноёлол, давуу эрх улам ноцтой гүнзгийрч, нутгийн өөрөө удирдах ёсны эрх хэмжээ улам бүр хумигдана.

Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд доод шатны Засаг даргыг хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл Засаг даргыг огцруулах шийдвэр гаргана /Төслийн 66.2/ гэж байгаа юм. Хурал үүнийг хэлэлцэж, олонхын шийдвэр гаргах эрхгүй бөгөөд зүгээр л өөрсдийн олонхын саналаар томилсон Засаг даргаа үг дуугүй огцруулаад, 15 хоногийн дотор дээд даргын таалал өршөөлд багтсан захиалгат хүнийг 15 хоногийн дотор шинээр нэр дэвшүүлж, сунтгийн адис хүртээх аж /66.3/. Гол нь захиалгат хүн байх ёстой. Эс бөгөөс доод шатны Засаг даргыг ямар нэгэн жижиг шалтаг өө гаргаад шийдвэр, үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж, огцруулж болохын адил шинэ нэр дэвшигчээс ахиад ч татгалзах нь ЕС, дээд шатны даргын бүрэн эрх мэдсэн хэрэг. Энэ бол дээд шатны даргын тааллыг хуулиар баталгаажуулсан зүйл болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ хэвээр батлагдсанаар 2024 оны сонгуулийг хийх ч хэрэггүй, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байхын ч шаардлагагүй болмоор санагдах. 2028 оноос эрх баригчид коммунизм байгуулах эхний зорилтыг зарлаж болмоор бодогдох. Гэвч өнөөгийн байгаа эрчээс харахад энэ хугацаа түүнээс ч наашаа байх боломжтой мэт.

“Коммунизм” хаалга тогшиж, хуулиар шагайх цаг дор...

С.Чулуунпүрэв

2020.12.22

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан