УЕПГ-аас Прокурорын байгууллагын 2024 оны хяналтын ажлын дүн мэдээ, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийлээ.
Зөрчлийн хэрэг 4.4 хувиар өсчээ
2024 онд улсын хэмжээнд 3,325,634 зөрчлийн хэрэг гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар өсчээ. Зөрчлийн хэргийн 73.6 хувь нь Нийслэлд, 26.4 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Нийт зөрчлийн хэргийн 2,885,418 буюу 86.7 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, 113,818 буюу 3.4 хувь нь Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 54,501 буюу 1.6 хувь нь Автотээврийн тухай хууль зөрчих, 17,650 буюу 0.5 хувь нь хүний биед халдах зөрчил байна.
Үүнээс зонхилон үйлдэгддэг зарим төрлийн зөрчлийн хэргийн гаралт буурчээ. Тодруулбал, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 0.3 хувиар буюу 28,214-өөр буурсан бол Хүний биед халдах зөрчил 11.5 хувиар, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 11.2 хувиар тус тус буурсан байна. Харин Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 9.6 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.1 хувиар тус тус өсжээ.
Прокуророос зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрүүдийг хянаад, гомдол, мэдээллийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан 3114 шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан 47,519 шийдвэрийг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн, зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна. Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудад 272 шаардлага хүргүүлж, 384 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ.
Гэмт хэргийн шинжтэй гомдол 14.9 хувиар өсчээ
Прокурорын байгууллага 2024 онд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 126,413 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хяналт тавьж, хуулийн дагуу шалгуулсан байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл 2023 онтой харьцуулахад 14.9 хувиар өссөн бөгөөд 78.7 хувь нь Нийслэлд, 21.3 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Үүнээс Цагдаагийн байгууллага 98.7 хувийг, Авлигатай тэмцэх газар 1.2 хувийг, Тагнуулын байгууллага 0.1 хувийг нь хүлээн авч, шалгасан байна.
Сэжигтнээр баривчлагдсан хүний тоо буурсан
Прокурорын байгууллага 2024 онд хэрэг бүртгэлтийн 74,438, мөрдөн байцаалтын 28,543 хэрэгт хяналт тавьж, 15,969 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 520 хүнийг сэжигтнээр баривчилж, яллагдагчаар татагдсан 1268 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад сэжигтнээр баривчилсан хүн 42 хувиар, цагдан хорих таслан сэргийлэх арга авсан хүн 9.2 хувиар тус бүр буурсан үзүүлэлттэй байна.
Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 1.7 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
2024 онд гэмт хэргийн улмаас бусдад 3.7 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 1.7 их наяд төгрөг буюу 46 хувь нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлөгджээ. Прокурор гэмт хэрэг үйлдсэн хүнээр хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 157.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. Мөн 304 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх зөвшөөрлийг мөрдөгчид олгож, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авчээ.
Авлига албан тушаалын хэрэг 4.9 хувиар өсчээ
Прокурорын байгууллага энэ онд авлига, албан тушаалын 1742 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.9 хувиар өсжээ.
Үүнээс 306 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал,
- Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 197,
- Хахууль авах, өгөх 128,
- Үндэслэлгүйгээр хөрөнгөжих 8,
- Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 3 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах зорилгоор гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн 3.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилж, 85.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авчээ.
Авлига, албан тушаалын гэмт хэргийн 66.6 хувь нь Нийслэлд, 33.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт авлига, албан тушаалын хэргийн 78 хувийг эзэлж байгаа бол Хахууль авах гэмт хэрэг 16.6 хувь, Хахууль өгөх гэмт хэрэг 10.9 хувь, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг 4.5 хувийг эзэлж байна.
Мөнгө угаах гэмт хэрэг 4.5 хувиар буурсан
Прокурорын байгууллага 2024 онд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан 294 Мөнгө угаах хэрэгт хяналт тавьж, 75 хүнд холбогдох 60 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Мөнгө угаах гэмт хэргийн 17 хувь нь Авлига, 13.9 хувь нь Хулгайлах, 10.2 хувь нь Татвар төлөхөөс зайлсхийх, 1 хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр шалгагджээ.
Гэмт хэргийн улмаас 27.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 11.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад 336.8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, 51.8 сая төгрөгийн эд хөрөнгийг хураан авчээ.
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт дийлэнх нь 18-30 насныхан холбогдсон
Прокурорын байгууллагаас 2024 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 405 хэрэгт хяналт тавьж, 228 хүнд холбогдох 198 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх буюу 69.4 хувь нь 18-30, 22.8 хувь нь 31-44, 3 хувь нь 45-аас дээш, 4.8 хувь нь 18 хүртэл насны иргэд байна. Хүйсийн хувьд 86 хувь нь эрэгтэй, 63.6 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 87.2 хувь нь Нийслэлд, 12.8 хувь нь Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Төв, Хөвсгөл аймагт бүртгэгджээ. Энэ төрлийн хэрэг 2023 онтой харьцуулахад 13 хувиар өссөн байна.