ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, хоёр авто лабораторид нийт 14987 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд халдвар илэрчээ.
Манай улсад нийт батлагдсан тохиолдол 907 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 378541 хүнд шинжилгээ хийгээд байна.
Гашуун Сухайт боомтод халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гэсэн хариу гарчээ. 2500 гаруй эрүүл мэндийн ажилтан улс даяар халдвар эсэргүүцэх арга хэмжээ авч ажиллаж байна.
ХӨСҮТ-ын Тандалт судалгаан албаны дарга А.Амбасэлмаа ХӨСҮТ-ийн ажилтнуудын талаар дараах мэдээллийг өглөө.
-Манай эмнэлгийн ариутгагч батлагдсан тохиолдлын эд зүйлсийг тээвэрлэх, ариутгах ажилтай хүн. Ажлаа хийх явцад буюу хувцсаа тайлах явцад алдаа гарсан байж болзошгүй.
Манай лаборант энэ сарын 9-нд халдвар авсан нь тогтоогдсон. Энэ хүний ойрын хавьтлуудаас халдвар илрээгүй байна. Мөн манай сүрьеэгийн тасгийн нэг сувилагчид онош энэ сарын 20-нд батлагдсан. Эдгээр гурван ажилтны ойрын хавтал 94 хүнийг тусгаарлах байранд ажиглан, шинжилгээ авч байна. Тэднээс халдвар илрээгүй байна. ДЭМБ-аас мэдээлснээр нийт эмч нарын 14 хувь нь халдварт өртжээ. Энэ үзүүлэлт зарим оронд 39 хувьд хүрсэн. Тэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх явцдаа халдварт өртөж байна. Иймд бид ажилтнуудадаа тасралтгүй сургалт явуулах, хамгаалах хувцасны хангамжийг нэмэх, ачааллыг нь бууруулахаар тусгай ажлын хэсэг гарган ажиллаж байна. ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.