Лхагва гарагийн орой Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Казахстан, Киргиз, Узбекистан, Тажикистан улсаас 175 иргэнээ татан авсан гэж Улсын онцгой комисс мэдээллээ.
Харин Япон улсаас 258 иргэнээ татан авахаар МИАТ компанийн тусгай үүргийн онгоц пүрэв гарагийн өглөө 08.09 цагт Токио руу хөөрлөө. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр бага насны хүүхэдтэй 52 гэр бүл, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй тав, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20 хүн, 86 оюутан буюу нийт 258 иргэн эх орондоо ирэх юм байна.
Түүнчлэн баасан гарагт МИАТ компани Энэтхэгийн Гоа хот руу нислэг үйлдэнэ. Энэхүү нислэгээр тус улсад буй ламхай нарыг авч ирэхээр төлөвлөжээ.
Харин зургаадугаар сарын 17-ны өдөр БНСУ-ын чиглэлийн дамжин өнгөрөх нислэгээр Хойд Америкт байгаа иргэдээ түлхүү татаж авах бол 18-ны өдөр БНСУ-аас иргэдээ татан авах юм. Мөн үүний дараа БНСУ руу дахин нислэг үйлдэж, Зүүн Өмнөд Азийн орнуудаас иргэдээ татан авахаар дипломат шугамаар холбогдож байгаа талаар Улсын онцгой комисс мэдээлээд байна.