Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд Алексей Николаевич Авраменкогийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хоёр дахь өдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Беларусь улсын Аж үйлдвэрийн сайд, Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын комиссын Беларусийн талын дарга П.В.Утюпинтэй уулзаж, Монгол Улсад Беларусийн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнийг нийлүүлэх олон талт боломжийн талаар санал солилцлоо. Монгол Улсад уул уурхайд түшиглэсэн төмөр замын төслүүд эрчимтэй хэрэгжиж байгаатай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдэхийн хэрээр ачааны вагоны парк нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг юуны өмнө онцолсон.
Энэ хүрээнд Беларусийн Могилевын вагоны үйлдвэртэй хамтран Монгол Улсад ачааны вагон угсрах үйлдвэр байгуулах боломжийг судалж, эдийн засгийн үр өгөөжийн тооцооллын үндсэн дээр хамтын ажиллагааг эхлүүлэх саналтай байгааг илэрхийлэв. Харин Беларусь Улсын талаас дээрх саналуудыг дэмжиж, бүх талаар хамтран ажиллах боломжтойг онцолсны зэрэгцээ санхүүжилтийг шийдвэрлэхэд Беларусийн Хөгжлийн банкны экспортыг дэмжих зээлийн үйлчилгээг авч ашиглах боломжтойг дуулгав. Учир нь хоёр улсын хооронд байгуулсан 50 сая еврогийн зээлийн шугамын хүрээнд шийдэх боломж байгаа талаар ярилцлаа.