Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Амарсанаа: Уханьд очиж өөрийн хувь нэмрээ оруулахаар болсон

Анагаах ухааны доктор, хүний их эмч Ж.Амарсанаа коронавируст халдвар гараад буй БНХАУ-ын Ухань хотод 2 дугаар сарын 2-нд сайн дурын эмчээр ажиллахаар явах гэж буйгаа мэдээлж Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд уламжилжээ. Тэрбээр энэ талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

-Ямар зорилгоор энэхүү сайн дурын ажлыг эхлүүлэв?

-Өдрөөс өдөрт халдвар авч байгаа болон нас барсан хүний тоо ихсэж байна. Тиймээс хөрш улсын хувьд, Уханьд очиж өөрийн хувь нэмрээ оруулахаар болсон. Улс орноо төлөөлж байгаа хүний хувьд ганцаараа явж болохгүй учраас баг бүрдүүлэх шаардлага гарсан. Одоогийн байдлаар бүртгүүлсэн эмч нарыг хаана ажиллаж байсан, ямар мэргэжлээр ажиллаж байна вэ гэдгийг судалж, жагсаалт гаргаж байна. Мөн АШИУС-ийн оюутнууд явах хүсэлтээ илэрхийлсэн. Маш сайхан байна, зоригтой байна. Гэхдээ энэ удаад мэргэжлийн, туршлагатай эмч нарыг авч явахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд 20 эмч байхад болно гэж үзсэн.

-Ямар чиглэлээр мэргэшсэн эмч нар байгаа вэ?

-Ихэнх нь дотрын болон мэдрэлийн эмч нар байгаа. Мөн мэс заслын, нүд, шүдний эмч нар бас байна.

-Эмч нар өвчний голомт руу явах гэж байна. Өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?

-БНХАУ-ын Засгийн газрын мөрдөж буй дүрэм журмыг баримталж ажиллана. Уханьд ажиллаж байгаа эмч нарын хэрэглэж байгаа халат, өмсгөл, амны хаалт зэргийг журмын дагуу хэрэглэнэ.

- ДЭМБ-аас өндөр эрсдэлтэй орнуудад хөл хорио тогтоож байна. Коронавируст халдварын талаар мэдээлэл өгнө үү?

-SARS, MERS гээд коронавирусний төрөл бий. Коронавирус нь хүнд халдварласан тохиолдолд маш хүнд тусдаг. Амьсгалын замаар дамжиж байна. Мөн уушгины хатгалгаатай хүн түлхүү тусдаг. Анх гарахдаа амьтны гаралтай бүтээгдэхүүнээс хүнд халдварласан. Гэтэл одоо хүнээс хүнд дамжиж байна. Би БНХАУ-ын Биотехнологийн компанитай шууд холбогдоод коронавируст тохирсон оношлуурыг захисан. Энэ нь ЭМЯ-нд ирсэн оношлуураас өөр. Одоо хил дээр ирчихсэн байгаа. ЭМЯ-наас зөвшөөрөл авч нааш авчрах ажил бүтсэн боловч МХЕГ-аас зөвшөөрөл өгөхгүй байна. Жишээлбэл, БНХАУ гэхэд 20-иод компанид урвалж үйлдвэрлэх эрхийг маш түргэн өгсөн. Хятад улс шинэ оношлуурыг бүртгэхдээ маш няхуур ханддаг. Гэтэл яг одоо тулгараад байгаа нөхцөл байдлаа бодолцож оношлуур гаргаж авах эрхийг нь өгч байна. Үүнтэй адил МХЕГ  нөхцөл байдлыг харгалзан үзэж олон янзын бичиг баримт шаарддагаа болих хэрэгтэй.

-БНХАУ-ын Ухань хот руу явахад Монгол Улсын талаас ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?

-ГХЯ болон зарим хувийн компаниас холбогдож байна. Эмч нарын замын зардал, байрлах байр, хоол хүнсний тал дээр дэмжлэг хүссэн. Миний хувьд өөрийн зардлаа даагаад явж чадна. Харин олон хүн авч явж байгаа учраас эдгээр зүйлс дээр дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.

-БНХАУ-ын талаас ямар дэмжлэг хүсэж байна вэ?

-Орон байр, зориулалтын хувцас, хоол хүнсээр хангах байх гэж найдаж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан