Монголын Хоол үйлдвэрлэлийн салбарт өөрийн гэсэн томоохон орон зайг бий болгож яваа Хүнс технологийн политехник коллежийн хоол үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч, Монгол улсын мастер тогооч С.Цэнд-Аюуштай ярилцлаа.
Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр анх ажиллаж эхэлсэн дурсамжаасаа хуваалцаач?
1992 онд Худалдааны техникумийг Нийтийн хоолны техник технологичийн мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Төр засгийн үйлчилгээ аж ахуй эрхлэх газарт буюу миний ажлын гараа Их тэнгэр цогцолбороос эхэлж байлаа. Тухайн үед манай сургуулиас арван хүүхэд очсоноос сонгон шалгаруулаад тэнд ажиллуулахаар бэлтгэж эхэлсэн. Тэнд дадлага хийлгэж нэг жил ажилласны дараа шалгаруулаад Ерөнхийлөгч Очирбат гуайн тогоочийн албанд очиж байлаа.
Үндсэн тогооч нь олон жил ажилласан туршлагатай тогооч байсан. Миний хувьд тэр тогоочоо амраагаад, ээлжлээд оронд нь ажилладаг, хоёр дахь тогооч нь болж очиж байсан. Гэхдээ нэг систем дотроо Төрийн тусгай албандаа хуваарилагдаад, шаардлагатай хэсэгтээ очиж ажилладаг байлаа. Ер нь бол яг төрийн тусгай албандаа тасралтгүй олон жил ажиллаж Төрийн гурван өндөрлөгийн хоолны албанд дандаа ажилласан даа. Монгол улсын Ерөнхийлөгч П.Очирбат гуай, Ерөнхий сайд агсан П.Жасрай гуай, Д.Бямбасүрэн гуай, Ч. Багабанди Ерөнхийлөгчийн тогоочоор мөн ажиллаж байсан. Төр засгийн удирдлагуудын тогоочоор ажиллахаас гадна Төрийн ёслолын хүндэтгэлийн хүлээн авалт дээр толгой ширээнүүдийг бэлтгэхэд олон жил ажилласан. 1999 он хүртэл жил завсардаагүй ажилласан. Ажиллаж байх хугацаандаа бас МУИС-ийн эдийн засгийн сургуульд Эдийн засагчаар сурч төгссөн. Энэ нь бас мэргэжлээ өөрчлөөд ажиллаад үзэх гэж сурсан боловч ерөөсөө л хүний зурсан зураг гэдэг шиг яг л хоолны чиглэлээрээ ажилласан даа.
Хамгийн бахархам, сэтгэлд хоногшсон хүлээн авалт, хүндтэй зочин гэвэл хэнийг нэрлэх вэ?
Төрийн айлчлалаар ирсэн гадаадын төр засгийн тэргүүн, төлөөлөгчдийн хоолыг бэлтгэх, хөдөө айлчлахад цуг явсан ажлууд олон бий. Түүний дотроос Далай лам монголд айлчлах хамгийн эхний хоёр айлчлалд яг би тогоочоор нь ажилласан. Нэг байшинд байрлаад яг хоолыг нь хийж явсандаа бахархдаг. Түүнээс гадна Ч.Багабанди Ерөнхийлөгчийн тогоочоор ажиллаж байх үед Туркийн төр засгийн гал тогоонд дадлагажиж ирэх боломж олдсон. Ингээд 3 сар Туркийн Гадаад харилцааны яамны харьяа манайхаар бол яг Төрийн гал тогоонд нь Анкара хотод ажилласан. Миний хувьд яг өөрийн орны Төр засгийн гал тогоонд ажилладаг байсан болохоор тухайн гал тооонд очиход гол ялгагдаж байсан зүйл бол тэнд 50 гаруй тогооч байснаас нэг ч эмэгтэй хүн байхгүй, бүх тогооч нар нь эрэгтэй байсан.
Нарийн төрлийн ногоог хоол хүнсэнд хэрхэн хэрэглэж байгааг маш сайн анзаарсан, тухайн үед буюу 2004 онд бол манайд нарийн ногоо бас ховор байсан үе. Ялангуяа хулуу, тарвасны төрлийн мөн ногоон ургамлуудыг маш их хэрэглэдэг. Энд их зүйл сурсан, ирээд Туркийн элчин сайдын яаманд Турк хоолны хүлээн авалт хийж тайлангаа тавьсан. Тэнд Монгол улсын Ерөнхийлөгч Ч. Багабанди маань хүрэлцэн ирж байсан. Мөн Туркд байх хугацаандаа монгол хоолны өдөрлөг зохион байгуулсан.
Төр засгийн хоол үйлдвэрлэлийн албанд ер нь нилээн олон жил ажилласан юм байна шүү дээ?
Сургуулиа төгссөнөөс хойш тасралтгүй Төр засгийн албанд ажиллаж байгаад гэр бүлээрээ гадаадад амьдрах шаардлага гарч АНУ-д 5 жил амьдарсан. Тэнд байх хугацаандаа Органик хоол буюу аутизмтай хүүхдүүдийн хооллолтын чиглэлээр ажиллаж байгаад ирсэн. Ирээд шууд л буцаад хийж байсан ажилдаа орсон. Ер нь их олон газарт ажиллаагүй юм байна шүү.
Хэзээнээс хэрхэн багшлах болсон бэ?
Америкаас ирээд ажлаа хийж байгаад 2011 онд Хүнсний технологийн коллежд /тухайн үеийн нэрээр/ ажиллах санал аваад энэ сургуульдаа одоог хүртэл тасралтгүй Хоол үйлдвэрлэлийн багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
Энэ сургуульдаа ажилласнаар мэргэжлийн боловсролын салбар, багш гэдэг хүн ямар байх ёстой юм гэдгийг, түүнчлэн тодорхой хэмжээгээр баг удирдаж ажиллаж байна. Манай сургуулийн хувьд Монгол улсдаа хоол үйлдвэрлэлийн чиглэлийн боловсон хүчин, тогооч бэлтгэдэг хамгийн том сургууль. Үүнээс гадна хамгийн ууган сургууль. Өнөөдрийн байдлаар манай сургуульд яг хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 670 гаруй хүүхэд суралцаж байна. 2011 оноос одоог хүртэл ингээд харахад 9-р анги төгсөөд орж ирж байгаа хүүхдүүдийн насны ялгаа, хүйсний ялгаа энэ мэргэжил дээр өөрчлөгдсөн. Намайг анх ажиллаж байсан үеийг бодвол одоо дандаа эрэгтэй хүүхдүүд суралцаж байна, насны хувьд ч бүр жаахан хүүхдүүд сурах болсон.
Яагаад хөвгүүд тогоочийн мэргэжлээр илүү их суралцах болов?
Нэгдүгээрт тогооч өөрөө амаргүй хүнд мэргэжил, ачаалал дааж чаддаг, үг даадаг, эмх цэгцтэй, мэдрэмж их чухал, бас хөдөлгөөн. Телевиз, радио, мэдээллийн сувгууд их болж хоолны шоу их гарах болсон, эрэгтэй хүүхдүүд тогооч мэргэжлийг илүү их сонирхох болсон зэрэг нөлөөлж байна. Эрэгтэй хүүхдүүд бас жил ахих тусам улам сайжраад байдаг, охидууд болохоор хүнтэй суугаад хүүхэд төрүүлэх зэрэг амьдралын шаардлагаар гэх үү сулраад ирдэг тал бий. Эмэгтэй тогооч нар бол нарийн боов, зуушны төрөлд сайн байдаг.
Та сургуулийнхаа тухай илүү дэлгэрэнгүй танилцуулаач...
Манай сургууль 54 жилийн түүхтэй, хамгийн анх Хүнсний ТМС нэртэй байсан, Монголын хамгийн ууган хүнсний сургууль, одоо ч өргөжин тэлсээр байна.
Тогооч, хоол үйлдвэрлэл үйлчилгээний техник технологич, техникийн дундын мэргэжлийг эзэмшүүлж байгаа, мөн Технологийн дээд сургуультай. Дээд сургуульдаа Хүнсний инженер, эрүүл ахуйч, технологичийг бас бэлтгэдэг. Манайд суралцаж байгаа оюутнууд дотроо дэвшин суралцаж цаг хугацаа хэмнэх боломжтой. Ингэснээр үе шаттай, түвшинг ахиж сурсан хүүхдүүд бол яг үйлдвэрлэл, хөдөлмөрийн зах зээл дээр гараад ирэхээр харьцангуй илүү байдаг нь ажиглагддаг. Шууд ажлын талбар дээр эрэлттэй боловсон хүчин байж чаддаг. Бүр анхнаас нь дороос нь эхлэн сурснаар хөдөлмөр хүнийг хүмүүжүүлнэ гэдгийн бас нэг илэрхийлэл юм.
Хүүхдүүдийн сурах хандлага ер нь ямар байна?
Сүүлийн үеийн хүүхдүүд ерөнхийдөө юманд хайнга хандах байдал ажиглагддаг. Ганц энэ салбарт биш хаа сайгүй л байгаа зүйл. Хариуцлагын хувьд бүх хүүхдүүдийг хамрахгүй ч нийтээрээ сул. Ажлын ачалал даах чадвар муу гэх мэт асуудлууд их байдаг ч одоо үед насны хувьд бас бага төгсөж орж ирж байгаа нь аргагүй насны ялгаа харагддаг. 2-рт хоол хүнстэй холбоотойгоор хүүхдүүдийн эрүүл мэнд, биеийн хөгжил сул, дорой, эрүүл мэндийн хувьд сайнгүй хүүхдүүд маш их орж ирдэг. Нэгэнт тогоочийн мэргэжлийг сонгоод ороод ирсэн байхад нь бол аль болох энэ мэргэжлийн үнэ цэнийг мэдрүүлэх, хүн оршин тогтнож байгаа цаг үед Тогоочийн мэргэжил хэзээд байх чухал мэргэжил юм шүү гэдгийг хамгийн эхэнд ойлгууулахыг зорьдог.
Би шавь нартаа хоолыг зөвхөн тавган дээр тавих талаас нь битгий хараач ээ, бүтээгдэхүүний ялгаа, зохицол, хадгалалт хамгийн чухал гэдгийг мэддэг байгаасай гэж хүсдэг. Орчин цагт сурч байгаа хүүхдүүд байтугай сонирхогч хүмүүс өргөн мэдлэгтэй болсон. Тиймээс нэгэнт энэ мэргэжлээр сурч ажиллаж байгаа бол илүү шинжлэх ухаанч, илүү судалсан мэдлэгийг хүүхдүүд авах ёстой юм.
Тэгэлгүй яахав. Мэргэжлийн багш нар гэдэг үүнд хамгийн чухал үүрэгтэй байдаг болов уу?
Манай сургуулийн хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн багш нар бол багаараа харьцангуй сайн ажиллаж сурсан гэж би хувьдаа боддог. Мөн олон томоохон ажлуудад оролцож ажилладаг. АСЕМ буюу ОУ-ын эдийн засгийн форум Монголд болох үед манай багш нар, оюутан сурагч нар амжиллтай сайн ажилласан. Энд тэмдэглэн хэлэхэд манай сургууль тогооч мэргэжлээр Монгол Улсад мөрдөгдөж байгаа мэргэжлийн боловсролын салбарын тогооч мэргэжлийн лавлах, стандарт, хөтөлбөр, төлөвлөгөөг голдуу боловсруулж гаргасан. Улс нийтээр энэ мэргэжлийг олгож байгаа сургуулиуд мөрдөж ажилладаг.
2019 оны хувьд таны хувьд маш ажил хэрэгч, их олз омогтой байсан...
Өнгөрөгч он яах аргагүй миний хувьд бусад жилээс онцлог байсан. 2019 оны хувьд ОХУ-ын Казань хотноо болсон Дэлхийн Ур чадварын уралдаанд Монгол улс 8 мэргэжлээр 3 дахь удаагаа оролцсоноос тогооч мэргэжлийн эксперт багшаар явсан. Манай сургуулийн төгсөгч Л.Чибаяр гээд Хөвсгөлийн хүүхэд оролцсон.
Энэ бол Дэлхийн ур чадварын уралдаан буюу мэргэжлийн олимп 2 жилд 1 удаа зохион байгуулагддаг. Энэ удаа 63 орны 56 мэргэжлээр 1480 гаруй оролцогч, 1450 гаруй эксперт багш, дэлхийн улс орны 350 гаруй орчуулагч оролцсон. Сайн дурын 10 гаруй мянган ажилтан ажилласан. Нээлт хаалтын үйл ажиллагаа яг олимпийн статус, стандартын дагуу явагддаг, Олимпийн хороо, Дэлхийн мэргэжлийн ур чадварын байгууллагатай хамтарч зохион байгуулдаг Мэргэжлийн олимп юм.
Энэхүү мэргэжлийн олимпд манай улс хэд дэх удаагаа оролцов? Хэр амжилт үзүүлсэн бэ?
Монгол улс дөнгөж 3 дахь удаагаа оролцсон. Тэмцээний хувьд цаанаасаа дөрвөн өдөр өгдөг, тэр өдрүүддээ шалгалтаа авдаг, яг л багш шавь хоёр бүх даалгавраа хийж гүйцэтгэдэг. Тиймээс хэлний мэдлэг сайн байж өгсөн даалгаврыг маш сайн, зөв зүйтэй хийх шаардлага гардаг. Бидний хувьд амжилтаа дандаа ахиулсан, эхний хүүхдийн чансаагаас тооцоход 10 хувиар дандаа ахиулаад явж байгаа. Бас улс орнууд эксперт багшийг их сольдоггүй нь анзарагдсан. Сая тэнд 46 улсын эксперт багш байхад хоолны мэргэжлээс найман эксперт л шинэ байсан. Хамгийн дээд тал нь 12 удаа, тэгээд 8 удаа гэх мэтээр оролцсон багш нар байсан. Эксперт багш гэдэг бол шинжээч багш бөгөөд тухайн орчинд юм яаж өөрчлөгддөгийг хүүхдэд хэлж өгдөг. Бусад орны хувьд бас яг хүүхдийг дасгалжуулдаг training багш гэж тусдаа байдаг.
Зөвхөн хүүхэд биш багш маш их зүйл сурдаг юм байна.
Энэ удаагийн онцлог нь бүх улсын багш нараас шалгалт авсан. Онол буюу үнэлгээний талаар шалгалт орж ирсэн. Энэ даалгавраа гүйцэтгэж чадсан багш цааш бас үнэлгээнд оролцох буюу тэндээ шүүгчээрээ ажилладаг. Хоёрдугаарт багш нараас ажлын байрны бүх тоног төхөрөмжийн ажиллагаан дээр шалгалт авсан. Явахаас өмнө бас багш нар онлайнаар маш их шалгалт өгдөг, миний хувьд мэргэжлийн 800 гаруй асуулт бөглөсөн харагддаг.
Энэ бол тухайн оюутан багшийн ажил биш, улсын нүүр царай гэж та хэлж байсан...
Тйим ээ. Аль ч мэргэжлээр аль ч сургуульд сурч байгаа хүүхэд шалгарах боломжтой. Үнэхээр би үүн дээр заавал манай сургууль миний шавь биш яг л үнэхээр хамгийн чадвартай хүүхдийг илрүүлж гаргаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Ер нь тухайн хүүхдийн ганц ур чадвар биш хандлага, эрүүл мэнд... Уралдааны ачаалал даахгүй бол яах вэ гээд нарийн зүйл маш их байдаг. Хүүхэд эрүүл байх ёстой. Хоол хүнстэй холбоотой эрүүл мэндийн шинжилгээ хийгддэг. Нэг хүний ард бүхэл бүтэн баг нойр хоолгүй ажиллаж байдаг. Дэлхийн улсууд бол энэ мэргэжлийн уралдаанд маш ихээр анхаарлаа хандуулчихсан юм байна, манай улс ч хүссэн хүсээгүй анхаарах болжээ гэдгийг харж байсан. Хөдөлмөр нийгэм хамгааллын яам тэр дундаа Мэргэжлийн Боловсрол Сургалтын Бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга А. Халиун, Мэргэжлийн Боловсрол сургалт түншлэл ТББ-н захирал Ч.Тунгалаг дарга нар их анхаарч ажиллаж байгаа. 2021 оны Шанхайд болох Дэлхийн ур чадварын уралдааны бэлтгэл ажил одоо хийгдээд явж байна.
Миний хувьд Дэлхийн Ур чадварын уралдаанд явж ирсэний дараа Солонгосын үндэсний Ур чадварын аварга хэрхэн зохион байгуулагддаг судалгааг хийгээд ирсэн. Энэ боломжийг манай Мэргэжлийн Боловсролын салбарыг хариуцаж байгаа хүмүүс олгосон. Солонгос улс энэхүү бүх мэргэжлийн үндэсний тэмцээндээ маш их анхаарлаа хандуулж, жил бүр өөр өөр хотноо зохион байгуулж, тэр жилийн бүх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлээ тэр хотынхоо мэргэжлийн боловсролын салбартаа бэлэглээд явдаг. Маш өндөр бодлогоор асар их мөнгө зарцуулж байгаа. Солонгос улс бол мэргэжлийн боловсролын салбар, мэргэжилтэй ажилтанг хөгжүүлж байж улс орон хөгждөг юмаа гэдгийг яс махандаа шингээчихсэн улс. Манай улсын хувьд 1980-аад оны үед энэ бодлого байсан одоо бол бүр байхгүй алдагдчихсан. Үүнийг хөгжүүлэх ёстой юмаа гэдгийг ойлгож байлаа.
Яах аргагүй өнгөрч буй он таны хувьд өрнүүн их ажлын жил байжээ...
2019 онд бас нэг томоохон ажил бол Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан Олон улсын автомашины Авторалли уралдаан байсан. Үүнд Зэвсэгт хүчний байгууллага удирдаж ажилласан бөгөөд Монголын тогооч нарын холбоонд хамтран ажиллах хүсэлт тавьсны дагуу манай баг оролцон ажиллаж Хөшигтийн хөндийд 2,5 өдөр 11000 хүний хоолыг би удирдаж ажилласан. Зуны халуунд хоол хүнсийг зөв зохистой хадгалж, хоол хүнс бэлтгэж гадаадын болон дотоодын зочдод маш анхаарал болгоомжтой, дуг хийх нойргүй тогооч нар маань маш хариуцлагатай ажилласан даа.
Таныг анзаарч байхад маш их бүтээлч, олон том ажлуудыг амжуулж явааг сонсоод бахархаж байна. Хувь хүний амжилт юунаас эхлэнэ гэж та боддог вэ?
Баярлалаа. Миний хувьд цагийг сайн баримталж сурсан, зохион байгуулалттай ажиллахыг хичээдэг. Түүнчлэн надад багшилж байсан олон сайн багш нарын минь ач гавьяа гэж боддог. Одоо ажиллаж буй энэ сургуулийн маань захирал байсан доктор, профессор Р.Дарьхүү багш, яг надад хичээл заасан Б.Цэрэндулам, Х.Хүрэлээ нарынхаа зааж сургасан зүйлийг байнга бодож явдаг.