Саудын Араб лалын хэт даврагсдын учруулж болзошгүй аюулаас сэрэмжлэн, урд хилээрээ бараг 1000 км үргэлжлэх хамгаалалтын торон хашаа босгохоор төлөвлөжээ. Хэдэн зууны өмнө хятадууд Монголын эзэнт гүрнээс болгоомжлон “Цагаан хэрэм” босгосон шиг тус улс Исламын улс бүлэглэлийн аюул саналаас урьдчилан сэргийлж энэ хашааг босгох гэж байгаа юм. Хамгаалалтын торон хашаа Саудын Арабын умард хилээр буюу Иорданаас Кувейт хүртэл үргэлжлэх аж. Гэхдээ энэ зүгээр нэг хашаа биш бөгөөд хамгаалалтын тор дагуу 40 газар харуулын өндөр цамхаг босгох бөгөөд түүндээ өдөр шөнийн туршид ажиглалт хийх өндөр хүчин чадал бүхий камер суулгах гэнэ. Мөн хяналт, удирдлагын долоон төв, харилцаа холбооны 38 цамхаг, цэргийн яаралтай хариу арга хэмжээ авах 32 станцтай байх юм байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсын хил дээр амиа золиослогч бөмбөг дэлбэрч, хилийн харуул руу гал нээж, хоёр хүний аминд хүрсэн юм. Энэ явдалд ямар нэг бүлэглэл хариуцлага хүлээхээ мэдэгдээгүй ч Исламын улсын хийсэн хэрэг байж магадгүй гэж таамаглаж байна. Исламын улс бүлэглэлийнхэн Саудын Арабыг Исламаасаа урван барууныхантай нийлсэн хэмээн буруутгадаг, тус улсын эсрэг “ганцаардсан чоно”-ын дайралт хийхийг ч уриалдаг. Исламын улс бүлэглэлийн эрхшээлдээ оруулсан газар нутаг руу АНУ тэргүүтэй орнууд агаарын довтолгоон хийхэд Саудын Араб ч бас оролцсон юм.