Есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш 13 жилийн дараа АНУ-ын хууль тогтоогчид өөрсдийн сонсохыг ч хүсээгүй муухай үнэнийг дэлхий дахинаа дэлгэн харуулж, дээрх халдлагыг үйлдсэн хэмээн сэжиглэн баривчлаад байсан Аль-Кайдагийн гишүүдийг цагдан хорьж байцаахдаа ямар харгис хэрцгий хандаж байснаа илчиллээ. Нэг үгээр хэлбэл тэд хоригдлуудыг эрүүдэн шүүж байж. Өнөө хүний эрхийг дээдлэн сахидгаараа дэлхийд манлайлагч хэмээн өөрсдийгөө бахархан зарладаг АНУ-ын хууль хүчний байгууллагынхан хэдэн зууны өмнөх бурангуй нийгмийн эрүүдэн шүүх аргыг өнөө бидний цаг үед нууцаар авчраад таван жилийн турш зуу гаруй хүнийг эрүүдэн тарчилгаж байсныг 500 хуудас бүхий Сенатын Тагнуулын байнгын хорооны дүгнэлт гэрчлээд өглөө.
3000 шахам хүний эрдэнэт амь үрэгдсэн аймшигт халдлагын дараа бүх америкчуудын зүрхэнд гэмтнүүдийг гэсгээн цээрлүүлэх ёстой гэсэн өшөө хорсол буцалж байсан тэр үед буюу 2001 оны есдүгээр сарын 17-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Тагнуулын төв газартаа террористуудыг барьж хорих тусгай эрх өгсөн байдаг. Олон нийтийн хувьд нууц энэ шийдвэрт гарын үсэг зурахдаа Женевийн конвенц үүнд хамаарахгүй /Аль-Кайдад зарласан дайнд Женевийн конвенц үйлчлэхгүй/ гэдгийг заагаад өгчихсөн нь төд удалгүй Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчооныхон хоригдлуудтай өөрсдийн дур зоргоор харилцах, тэдний эрхийг уландаа гишгэх эрх олгосон юмсанж. Ерөнхийлөгч энэ эрхийг олгоод удаагүй байхад буюу 2002 оны дөрөвдүгээр сард Аль-Кайдагийн толгойлогчдын нэг гэгдэх Абу Зубаяда Пакистанаас баригдаж Тагнуулын төв газрын эрүү шүүлтийг амссан анхны хоригдол болсон байна. Түүнийг баривчилсны дараа 47 хоногийн турш тусгаарлан хорихдоо ТТГ олон янзын эрүүдэх арга хэрэглэж байснаас байнга шахам нүцгэн байлгаж, авс шиг жижиг модон хайрцагт хийж, хэдэн арван цагаар унтуулдаггүй байж. Тэд мөн Абу Зубаяда дээр усаар эрүүдэх аргаа хамгийн анх хэрэглэсний улмаас тэр үхэх шахсан тухай Сенатын илтгэлд дурдсан байна. Нэг хэсэг дэлхий даяар шуугиан дэгдээсэн АНУ-ын хууль сахиулагчдын хэрэглэдэг эрүүдэх энэ арга нь хоригдлын нүүрийг битүүлж байгаад дээрээс нь ус асгадаг юм. Энэ мэтчилэн олон янзаар хүнийг эрүүдэн тарчилгах аргыг АНУ-ын ТТГ мөрдөн байцаалт явуулахдаа ашигладаг байж. Тэр дунд тэсгим хүйтэн шалан дээр хоригдлуудыг нүцгэн хэвтүүлэх, нойрыг нь хэдэн арван цагаар хасах, зарим тохиолдолд бүр 180 цаг унтуулахгүйгээр зогсоох, хоёр гарнаас нь дүүжлээд хоёр өдөр зогсоосон гэх мэт харгис тохиолдлууд ч Сенатын гишүүдийг ТТГ-ын мөрдөн байцаалтын протоколыг үзэхэд гарч ирсэн байна. Абу Зубаядаг ямар ч цонхгүй цав цагаан өрөөнд хорьдог байсан бол Редха аль Нажар хэмээх хоригдлыг ямар ч гэрэл гэгээгүй хав харанхуй хүйтэн өрөөнд хорьж, зохих ёсоор бие засах бололцоо ч олгодоггүй байж. Түүнд живх зүүлгэж орхиод, заримдаа 24 цагийн турш чихэн дээр нь хөгжим хангинуулах гэх мэтээр сэтгэл зүйгээр нь тамладаг байжээ.
Ер нь, хоригдлуудыг бие махбодоор нь төдийгүй сэтгэл санаагаар нь ихээхэн тарчилгадаг байсны дотор ард үлдсэн гэр бүлийнхэн үр хүүхэд, ээж аавд нь хор хүргэнэ гэсэн сүрдүүлэг дийлэнх хувийг эзэлдэг байсан гэнэ. ТТГ-ын офицерууд гурван ч хоригдлын ар гэрийнхнийг, үр хүүхдийг нь, ээжийг нь хүчирхийлнэ хэмээн сүрдүүлж байсны дээр эцэг эхийнх нь хоолойг хэрчинэ хэмээн заналхийлсэн удаатай гэнэ. 2005 оны үед ТТГ-т баригдсан Абу Жафар аль-Ираки хэмээх хоригдлыг олон янзаар тарчилгаж байсны дотор нийтдээ 180 цаг унтуулахгүйгээр босоогоор нь зогсоосон байгаа юм. Түүнийг босоогоор нь гар хөлийг нь дөнгөлөөд 54 цаг зогсоосон бөгөөд хоригдлын хөл мэдээгүй болж, үргэлжлүүлэн зогсч чадахаа болих үед суулгаад мөн л унтуулахгүйгээр 78 цаг байлгажээ. Үүний дараа түүний хөлөнд цус шингэлэгч тарьж байгаад дахин зогсоож эхэлсэн бөгөөд 100 гаруй цаг ингэж эрүүдэхдээ ердөө дөрвөн цаг л унтуулсан байна. Энэ мэтчилэн ТТГ-ын үйлдсэн эрүү шүүлт 2002-2007 он хүртэл үргэлжилсэн бөгөөд 2008 онд Б.Обама Ерөнхийлөгч болмогцоо үүнийг таслан зогсоосон билээ. Энэ тухай Ж.Бушийн засаг захиргааныхан, тодорхой хүрээний хүмүүс л мэдэж байснаас олон нийт энэ тухай огт мэддэггүй байсан юм. Тийм ч учраас хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн энэ үйлдлийг бүтэн таван жил үргэлжлэхэд зогсоох хүч гараагүй юм.
Гэвч даравч дардайна, булавч бултайна гэгчээр ТТГ-ын нууцалсан үнэн илчлэгдэж, Сенатын байнгын хорооныхон тэдний 6,2 сая хуудас бичиг баримт, протокол, гэрэл зураг, хавтаст хэрэгтэй танилцаж, үзэж шалгасны эцэст 6000 гаруй хуудас тайлан гаргалаа.Үүнээс нийтэд дэлгэн танилцуулж болно гэсэн 500 хуудас дүгнэлтээ Сенат дахь Тагнуулын байнгын хорооны Ардчилсан намын тэргүүлэгч гишүүн Дианне Фейнштейн өчигдөр олон нийтэд танилцуулсан юм. АНУ-ын эрх баригчдын хүрээнд энэ тухай заавал олон нийтэд дэлгэх шаардлага байна уу, үгүй юу гэсэн маргаан удтал үргэлжилсний эцэст Ардчилсан намынхны зүгээс энэ тухай нийтэд мэдэгдэх нь зүй ёсны хэрэг гэж үзэн мэдээлэл хийсэн нь энэ. Дианне Фейнштейн хэлэхдээ, тэдний дэлгэж буй энэ бүхэн бол хүлээн зөвшөөрөхөөс л аргагүй “муухай үнэн” юм гээд ТТГ-ын үйлдсэн энэ хэрэг АНУ-ын түүхэнд хар толбо болон үлдлээ гэж мэдэгдсэн. “ТТГ өөрсдийн энэ үйлдлээ ямар ч нэр томъёоллоор хаацайлах гэж оролдсон эцсийн эцэст тэд хоригдлуудыг эрүүдэн шүүдэг байж” гэж тэрээр хэлсэн юм. “Хэдий энэ 500 хуудас дүгнэлтийг олон нийтэд дэлгэснээрээ түүхийн хар толбыг арилгаж чадахгүй ч АНУ өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрч чадах хэмжээний том гүрэн, алдаанаасаа суралцаж чадна гэдэгтэй итгэлтэй улс гэдгээ харуулж байгаа юм” хэмээн сенатор Дианне Фейнштейн хэлсэн байна.
Тэрээр орчин үеийн нийгэмд эрүүдэн шүүх аргыг авчирсан ТТГ-ын үйлдэлд АНУ-ын засаг захиргаа, тухайн үеийн Ерөнхийлөгчийг буруутгаагүй. Энэ бол цэвэр тагнуулынхны буруу гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Учир нь, тагнуулынхан өөрсдийн хэрэглэдэг аргыг эрх баригчдад тайлбарлахдаа үнэн зөвөөр нь хэлж ойлгуулаагүй, худлаа хэлж байжээ. Ерөнхийлөгч Б.Обама ч Дианне Фейнштейнтэй санал нэг байгаа гэнэ. Тэрээр ТТГ-ын ашигласан арга нь АНУ-ын үнэлэмж, үнэ цэнэтэй хэзээ ч таарахгүй, улсынх нь дэлхий дахинд эзлэх байр суурь, нэр хүндэд үлэмж хохирол учруулах муухай явдал болсон гэж үзэж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан. Ардчилсан намынхны хувьд ийнхүү эрүүдэн шүүлтийн эсрэг байр суурьтай байгаа бол Бүгд найрамдах намынхан үүнээс өөр үзэл бодолтой байгаа. Тэд ийм арга хэрэглэсний хүчинд л террорист бүлэглэлүүдийн тухай мэдээлэл олж авч, болзошгүй олон халдлагаас хүмүүсийн амь насыг аварсан гэж хэлж буй. Тиймдээ ч энэ тухай заавал олон нийтэд мэдээлэх шаардлагагүй, эрх баригчдын түвшинд хаалттайгаар энэ асуудлаа хэлэлцэх нь зөв гэж үзэж байсан юм. Үнэндээ ч, АНУ террорист бүлэглэлийн гишүүдийг эрүүдэн шүүсэн тухай мэдээлэл олон нийтэд цацагдсанаар араасаа ямар ч аюул эрсдэл дагуулахыг хэлж тааварлашгүй. Тийм ч учраас Сенатын хороо дүгнэлтээ олон нийтэд танилцуулсны дараа Батлан хамгаалахын сайд Чак Хагел бүх цэргийн командлагчдадаа дээд зэргийн анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Ийнхүү эрсдэл хүлээн байж нийтэд танилцуулсан Сенатын дүгнэлт эхнээсээ АНУ-ыг чиглэсэн шүүмжлэл, шахалт шаардлагыг дагуулж эхэллээ. НҮБ-аас эхлээд олон улсын хүний эрхийн байгууллагууд, идэвхтэн тэмцэгчид ТТГ-ын эрүүдэн шүүх аргыг хүлээн зөвшөөрсөн Ж.Бушийн засаг захиргааны албан тушаалтнуудыг хууль шүүхийн өмнө авчрахыг шаардаж эхэлсэн байна. Одоохондоо энэ явдал эцэстээ юу болж дуусах нь тодорхойгүй ч маш урт удаан хугацаанд үргэлжилсэн маргаан мэтгэлцээн дагуулах нь дамжиггүй.