Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, “Алтан Дорнод” компанийн захирал Т.Ганболдтой алтны салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо анх 11 компанийн санаачлагаар байгуулагджээ. Одоогоор тус холбоонд 50 гаруй компани гишүүнээр элсээд байгаа юм. Өчигдөр Уул уурхайн яам, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэ санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Эрднэсийн санг аривжуулах, алтны хууль бус орборлолт, худалдааны сүлжээг таслах, алтны салбарыг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах технологи сайжруулах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зэрэг олон асуудал багтжээ.
-Алтны талаархи хоёр хуулийн төслийн тухай маргаан нэлээд гарч байна. Тухайлбал, алт олборлогчид бага татвар төлж, байгаль орчин сүйтгээд алга болно гэх юм. Ийм зүйл болчихгүй байгаа?
-УИХ Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг Дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийг хэлэлцэж байна. Алтны татварын хэмжээг багасгаснаар далд эдийн засгийг ил болгох асуудал юм. Төр эндээс 7.5 хувийн орлого алдаад байгаа юм шиг улс төржөөд байгаа. Амьдрал дээр 10 кг алт олборлоход 7.5 хувийн татвараа бүрэн авсан нь дээр үү эсвэл 50, 60, 100 кг алт Монголбанкинд тушаагдаж түүнээс 2.5 хувийн татвар авах нь ашигтай юу гэдэг сонголт л байгаа юм. Уг нь манай улсын төв банкны алтны нөөц нэмэгдэх нь эдийн засагт төгрөгийн баталгаа болж өгөх учиртай.
Олборлосон алтаа бүрэн худалдаж авснаар улсын сан хөмрөгт 92.5 хувийн ашиг орно. Өөрөөр хэлбэл төр бага татвар аваад байгаа харагдавч цаанаа улсын эдийн засаг, төгрөг баталгаатай, тогтвортой байх үндэс бүрдэх юм. Эх орон, байгаль орчиндоо хайртай л бол хүмүүсийн ярьж сурснаар урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журам, Алтны худалдаанд ил тод байдал бүрдүүлэх тухай хуулийг дэмжих ёстой гэж бодож байна.
-Тэгэхээр олборлосон алтныхаа талыг нь Монголбанкинд өгч бага татвар төлөөд үлдсэнийг нь гадуур ченжүүдэд өндөр үнээр зарж магадгүй гэсэн хардлага гараад байна л даа?
-Зарим улстөрч өнгөц ойлгоод улс төржүүлж тэгж тайлбарлаад байгаа юм. Хэрэв олборлосон алтаа Монголбанкинд бүрэн тушаахгүй л бол 10 хувийн татвар төлнө. Тэгэхээр хамгийн бага татвар төлж төв банкинд л тушаана шүү дээ. Жишээлбэл, татварын орчин таатай байсан 2004, 2005 онд жилдээ 24 тонн алт олборлодог байсан. Дээр нь хойд хөршөөс жижиг алт олборлогчид алтаа нууж оруулж ирээд Монголбанкинд тушаадаг байлаа. Гэтэл Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татвар буюу гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, урт нэртэй гээд шил дарсан хүнд хэцүү хууль гарч ирээд алтны салбар сөхөрсөн юм.
-Урт нэртэй хуулиар өөрсдөө эрсдэлээ даах ёстой хайгуулын компанид нөхөн төлбөр өгөх боллоо гэсэн шүүмжлэл нэлээд гарч байгаа. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Төр нөхөн төлбөр олгох ёстой. Яагаад гэвэл тухайн үед хуулиар зөвшөөрөөд лиценз олгоод ажил эхлүүлсэн. Дараа нь банкнаас зээл аваад баахан хөрөнгө оруулсан байдаг. Гэтэл дахиад нэг хууль гараад таны лиценз хүчингүй урт нэртэй хуульд орчихлоо гэсэн. Ингээд оруулсан хөрөнгө нь төрөөс шалтгаалсан эрсдэлд орж байгаа юм. Уг нь хуулийн дагуу үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэнэт л хуулиа өөрчилж төр нөхөн олговрыг нь өгнө гээд Засгийн газраас тогтоол гаргалаа. Энэ нөхөн олговроо төр өгөөгүй. Манай улсын эдийн засаг хүнд байна. Тэгэхээр урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт орвол нөхөн олговор гэдэг ачааг төрийн нуруун дээрээс авах юм. Мөн байгаль орчин нөхөн сэргээгдэх эзэнтэй болно. Энэ хуулийн зорилго нь байгаль орчноо л хамгаалах шүү дээ. Дээр нь улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр орно. Наад зах нь үйл ажиллагаа явуулаад хүн ажиллуулж нэмүү өртөг үйлдвэрлэнэ. Хувийн компани гэж адлагдаад байгаа нөхөд эдийн засгийн алдагдалаа л багасгах ашигтай. Төрд бол гурван ашиг бий. Гурвыг харьцах нэг гэдэг хувилбараар л яригдаж буй хууль. Ийм харьцаатай хууль батлах гэж байж төр яагаад цааргалаад байгааг ойлгохгүй байна.
-Алтны компаниуд жилд нийт хэчнээн тонныг олборлох хүчин чадалтай юм бол?
-Одоо хууль эрхзүйн нөхцөл байдал хэцүү байна. Дахиад л, УИХ-аар хэлэлцэж байгаа алтны талаархи хоёр хуулийг ярих гээд байна л даа. Эдгээр хууль батлагдаагүй тул үүнд хариулахад хэцүү. Дараа жил гэхэд алт олборлогч компаниудын ихэнх нь нинжа буюу далд хэлбэрт улам л гүн орох байх. Уг нь эдгээр хууль батлагдчихвал байгаль орчин, төр засаг, компаниуд, иргэд гээд тал талдаа л ач тустай зүйл болно. Нэлээд чамбай тооцоо судалгаанд үндэслэж гаргасан хуулийн төслүүд юм.
-Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах тухай нэлээд ярих боллоо. Ийм шаардлага манайд байгаа юм уу?
-Монгол орны алтны нийт нөөцийн дөнгөж 20 хувь нь нээгдсэн гэдэг. Хууль эрхзүй, татварын орчин нөхцөл сайжирвал алт цэвэршүүлэх томоохон үйлдвэр байгуулах боломж бий. Ер нь чадах юм аа өөрсдөө л хийсэн нь л дээр байдаг. Одоо үндсэн ордын алт цэвэршүүлэх үйлдвэрүүдийг томоохон компаниуд байгуулаад эхэлсэн. Нүүрс, төмрийн хүдэр шиг урт хугацаанд ажиллаж үр дүнгээ өгдөг салбар биш. Хууль эрхзүйн орчин нь таатай болчихвол үр дүн нь богино хугацаанд мэдрэгдэнэ. УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хоёр хууль батлагдчихвал хагас жилийн дараа гэхэд бодит тоо баримттай болно гэсэн үг.
-Өнөө жил алт тушаалт нэлээд нэмэгдсэн гэсэн. Үүний шалтгаан юу вэ?
-Өнгөрсөн онд компаниуд Монголбанкинд нийт гурван тонн алт тушаасан. Энэ жилийн тоо хараахан эцэслэн гараагүй. Гэхдээ одоогоор 6.5 тонн алт улсад тушаагаад байгаа. Алт тушаалт өссөн нь хууль эрхзүй, татварын орчин сайжирна гэсэн итгэлтэй холбоотой. Хар зах дээр зарагдаж байгаа алтны нарийн тоо хэмжээг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан маш их хэмжээний алт хууль бусаар хил давуулж байгаа гэсэн хардлага бий.
-Манай улсын шороон ордын нөөц дуусч үндсэн ордоос олборлож эхэлж байна гэдэг. Энэ үнэн үү?
-Шороон ордоо ашиглаж л байна. Олборлолт хийх технологи нь хялбар, хөрөнгө оруулалт бага байдаг. Ер нь, нээгдсэн шороон ордуудын нөөц тодорхой хэмжээнд дундарч л байгаа. Гэхдээ шинээр шороон ордууд нээгдэж нөөц нь нэмэгддэг. Иймд нөөц дуусна гэдэг харьцангуй ойлголт юм.
-Тэгэхээр нөөц нь дууссан шороон ордуудын хаалт, нөхөн сэргээлт ямар төвшинд байна вэ?
-Сүүлийн хорин жилд манай улсын хууль тогтоомж нэлээд боловсронгуй болсон. Өөрөөр хэлбэл төр компаниудаар эргээд хийлгэх байгаль орчноо яаж нөхөн сэргээлгэх, нөөц баталгаажуулах туршлага механизм маш сайн. Энэ жил л гэхэд 1000 гаруй га талбай нөхөн сэргээж байна. Манай компани л гэхэд 360 га талбай нөхөн сэргээгээд дуусч байгаа юм. Одоохондоо нөхөн сэргээлтийн нэгдсэн дүн, тайлан гараагүй. Урд нь 1990 оны дунд үед нөхөн сэргээлгүй хаягдсан талбайг олборлолт хийсэн компаниуд эргээд хариуцах болсон. Харин нинжа хэмээн нэрлэгдсэн хүмүүс нөхөн сэргээсэн талбайд орж сүйдлээд хаясан олон газар бий. Энэ нь алт олборлогчдыг хар нэр зүүх нэг шалтаг болоод байна.
-Манайхан нинжа нарыг “Бичил уурхайчид” гэж өхөөрдөөд янз бүрийн төсөл хэрэгжээд байгаа. Эдгээр хүмүүсийн асуудлыг яаж шийдэх ёстой гэж та үзэж байна вэ?
-Европын орнууд, АНУ, Австралид 19 дүгээр зууны төгсгөл, 20 дугаар зууны эхэн үед нинжа гэдэг үзэгдэл гарч ирж л байсан. Гэхдээ үүнийг хагас зөвшөөрдөг, хагас хориглодог хууль дүрэм гарч байгаагүй. Шууд л хориглодог ёстой юм билээ. Нинжа нарт наад зах нь мэргэжилгүй, хөдөлмөр хамгаалал байхгүй гээд олон зөрчил бий. Ийм хүмүүсийг уул уурхайн салбарт ажиллуулна гэдэг нь буруу. Нөгөө талаар хялбар аргаар дээрмийн ажиллагаа явуулж буй нэг хэлбэр юм. Гэтэл тэднийг төр засаг, гадаадын төслийн байгууллагуудаас буруугаар дэмжиж өөгшүүлэхгүй бол бид ажилд аваад хөдөлмөрийн харилцаанд оруулж, нийгэмшүүлээд эрх зүйт төрийн иргэн болоход нь туслаад явж болно. Тэгэхгүй хөндлөнгөөс толгойг нь илээд байхаар иргэн нь зэрлэгших, хууль хяналтгүй, боловсролгүй болгож өөгшүүлээд байгаа юм.