Уул уурхайн бүтээгдэхүүн дундаа нүүрсний үнэ сүүлийн үед эрчимтэй унах байгааг эдийн засагчид хэлэх боллоо. Түүний анхны үр дүн нь “Энержи Ресурс”-д илэрч буй бололтой. Уурхайгаа хаасан, ажилчдаа халсан гэх мэдээлэл цацагдав. Үүнийг тодруулах гэсэн боловч холбогдох албаныхан хариу өгөхөөс татгалзсан юм. Батлагдаагүй мэдээллээр тэд уурхайгаа нэг сарын хугацаанд зогсоох аж. Одоогоор шөнийн ээлжийн ажилтнууд нь амралтаа авсан бол ирэх сараас үндсэн ажилтнууд ч ажилгүй болох бололтой. Ийнхүү хүндрэхэд зах зээл дэх нүүрсний үнийн уналт хамгийн ихээр нөлөөлж, үйл ажиллагааны зардлаа нөхөх боломжгүй болсон гэцгээж байна.
Үнэхээр сүүлийн хагас жилд нүүрсний үнэ уналттай байгаа. Салбарын яамнаас сар болгон Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний баримтлах зах зээлийн үнийн мэдээлэл боловсруулдаг. Үүнээс үзвэл боловсруулаагүй нүүрсний үнэ тонн тутамд 4-5 ам.доллараар буурчээ. Тодруулбал, 4000 ккал хүртэлх илчлэгтэй түүхий нүүрс долдугаар сард 29.36 байсан бол хоёр сарын дараа 25.32 ам.доллараар зарлагдсан байна. Харин “Энержи Ресурс” компанид хамаарах коксжих нүүрсний ханш тонн тутамдаа 14.46 ам.доллараар унажээ. Зургадугаар сард 104.31 байснаа есдүгээр сарын байдлаар 89.85 ам.доллар хүрснийг хүссэн хэнбугай ч Уул уурхайн яамны мэдээллийн сангаас үзэх боломжтой. Ийм их өөрчлөлт нь компанийн ашиг орлогоос төдий хэмжээгээр сойж буйг илтгэнэ. 2009 оноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг коксжих нүүрсний уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн. “Энержи Ресурс” нь тус ордод 2,962 га талбай бүхий, 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Цаашид нүүрсний үнэ ханшийн хэлбэлзлээс хамаарч ажлаа үргэлжлүүлэх эсэхээ шийдвэрлэх бололтой. Хэдийгээр амралтад нь суулгасан ажилтнууддаа хуулийн дагуу амралтын мөнгө, нөхөн олговор олгосон гэж байгаа ч ажилгүй суугаа иргэдэд хохиролтой хэрэг.
“Энержи Ресурс” хамгийн анхны “реакц” үзүүлж байгаа ч хил дамнуулан нүүрс борлуулж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлдэг хэдхэн компани манайд бий. Тавантолгой, Чинхуа МАК, Саусгоби сэндс, Хүннү коал зэрэг гарын арван хуруунд багтана. Тэдний бүтээгдэхүүн нийлүүлэх зах зээл нь өнөөх Хятад улс. Ер нь, ойрын 30-40 жилдээ бидний олборлосон нүүрсийг хятадуудаас өөр худалдаж авах хүнгүй гэх. Тийм ч учраас хятадууд л бидний нүүрсний үнийг тодорхойлж байна хэмээн ярьсан эдийн засаг ч бий. Энэ ч үнэн бололтой, Уул уурхайн яамнаас мэдээлдэг жишиг үнийн нүүрсний хэсгийг www.sxcoal.com буюу Хятадын нүүрсний үндсэн мэдээллийн сайтад тулгуурлан боловсруулжээ.
Нөгөөтэйгүүр, хятадууд манай улсын нүүрсийг чанаргүйд тооцдог. Тухайлбал, барьцалдах чанар муу, дэгдэмтгий, тоосжилт ихтэй, илчлэгийн үзүүлэлт доогуур гэдэг байна. Гэвч үүнийг Австралийн нүүрстэй харьцуулж, хятадууд өөрсдөө тогтоосон дүн. Мэдээж хүний юмыг авахын тулд хамгийн ихээр муулж, доод үнэд хүргэхийг захын панзчин мэддэг. Тэгвэл тэдний өөдөөс үгүй, тийм биш гэдгийг нотолж, амыг нь тагладаг болох шаардлага монголын нүүрсчдийн өмнө тулгарч буй. Үүний тулд нүүрсний чанараа хөдөлшгүй баталгаажуулж, өөрсдөө дүнг тодорхойлдог болох хэрэгтэйг илтгэнэ.
Монголд нэг тонн нүүрс ухаж гаргахад хамгийн багадаа 30 ам.доллар шаардлагатай байдаг гэнэ. Үүний дотор нүүрсний өөрийн өртөг, орон нутгийн татвар, байгаль орчны татвар, ажиллах хүчний зардал багтсан. Гэхдээ цаашдаа Монголын хил доторх тээвэрлэлтэд 20-25 ам. доллар, хилийн боомтын зардал 7-10 ам.доллар, олон улсын тээвэр зуучийн зардал 8-9 ам.доллар гардаг аж. Хятадын нутагт бүх зардал нь 20-25 ам.доллар гэхээр тонн нүүрсний үнэ доод тал нь 80 ам.доллар хүрдэг байна. Гэтэл түүнээс давж гарч байж монголчууд ашигтай байх учиртай. Өнгөрсөн онд манай улс 20 сая тонн нүүрс экспортолсон. Жилийн өмнө буюу 2012 оны есдүгээр сарын байдлаар коксжих нүүрсний үнэ 134.4 ам.доллар байсан гэхээр өмнөх он нүүрсний уурхайнуудад таатай орчин байсныг илтгэнэ. Гэвч үүнийг өөрчлөхөд хууль эрх зүйн орчин, дотоод тээвэр буюу дэд бүтцийн “дарамт”, хятадуудын үнийн бодлого нөлөөлжээ. Үүнээс гадна цөөхөн ч гэлээ дотоодын компаниудын өрсөлдөөн багагүй нөлөөлсөн гэж үзэх нь бий. Энэ нөхцөл байдлыг өөрчилж, нэгдсэн эрх ашгаа боддог байхыг амьдрал шаардаж байна. Харамсалтай нь, салбараа зангидсан Уул уурхайн яам энэ талаар нэгдсэн бодлого боловсруулаагүй байгаа юм. Тухайлбал, Д.Ганхуяг сайд уул уурхайгаас л Монголын эдийн засаг хамаарна гэх гарчигтай ярилцлагадаа “Нүүрсний салбарт 2024 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг энэ ондоо багтааж боловсруулна” хэмээн саяхан хэлнээс харж болно.