“Эрдэнэс Оюу толгой” компанийн захирал асан Ц.Сэдванчигтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаанд хэрхэн үнэлэлт өгч байгааг тань эхлээд сонирхмоор байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бүтээн байгуулалтын ажил чамгүй хийж, хэрэгжүүлж байгаа ч олонхи нь өмнөх Засгийн газрын үед эхлүүлсэн ажил гэх хүн ч байна?
-Зөв зүйтэй ажил, санаачилгыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ улсын эдийн засгийн чадавхи, төсвийн орлоготой харьцуулахад дэндүү нүсэр бүтэц, бүрэлдэхүүнтэй зардал өндөртэй засаглалыг хэрэгжүүлж байна. Мэдээж төрийн ажил тасралтгүй явж байдаг учраас өмнөх жилүүдэд эхлүүлсэн зарим ажил үргэлжилж байгаа.
-Монголд эдийн засгийн хямрал бий боллоо гэж парламентын сөрөг хүчин төдийгүй эрдэмтэн судлаачид дүгнэж эхэллээ. Гэтэл Засгийн газрын тэргүүн тайван бай гэдэг үгийг байн байн хэлж байна. Парламент, Засгийн газрын үйл ажиллагааг гаднаас нь харах болсон та Монгол Улсын Эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгвөл?
-Өмнөх жилүүдийн хавтгайруулсан халамжийн бодлого, одоо үргэлжүүлэн явуулж байгаа засгийн зарим бодлоготой холбоотойгоор үндэсний валютын ханшаа сулруулж алдсан нь худалдааны алдагдалтай, импортоос хамааралтай улсын хувьд жирийн иргэдэд хүндээр тусч байгаа нь үнэн.
-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж байна. Энэ хууль батлагдсанаар Монголд орож ирэх гадаадын хөрөнгийг нэмж чадах уу. Хөрөнгө оруулалтын хэмжээг 15 тэрбум гэдэг хэтэрхий бага мөнгө, дээрээс нь дөрвөн төрлийн татварт хөнгөлөлт эдлүүлж байгаа нь тийм ч таатай нөхцөл биш гэх шүүмжлэл ч гарч байна?
-Бизнесийн орчноо тогтвортой байлгах бодлогыг би дэмжиж байна. Харин ээлжит бус чуулганы богино хугацаанд амжуулж яаран сандран хууль батлах гээд буйг сайн ойлгохгүй юм. Хууль баталсан даруйд хөрөнгө оруулалт шууд нэмэгдээд эхлэхгүй нь ойлгомжтой. Шууд хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг үндэслэлтэй тодорхойлох ёстой. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулагчид манай уул уурхайн баялгийг онилсон шүү дээ. Гэтэл бодит амьдралд юу болоод өнгөрсөн нь бүхний нүдэнд ил байсан. Замбараагүй уул уурхайн бодлогыг далимдуулж эрх мэдэлтнүүд, түүний гар хөл бологсод лицензийн наймаагаар хөрөнгө оруулагчдыг яаж хуурч, хулхидаж авлигад холбогдуулж явуулсныг ярьдаг хүн цөөхөн л байна. Харин хөрөнгө оруулалтыг татах татварыг тогтворжуулах бодлого байдаг болохоос хөнгөлөх тухай давхар ойлголт байдаггүй юм билээ.
-УИХ-аар хэлэлцэж байгаа бас нэг хуулийн төсөл нь “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын хуулийн төсөл. Энэ хуулийн төслийг дэмжиж байна уу?
-Уг нь өмнөх УИХ-аар шийдсэн гарын таван хуруунд багтах бодлогын чухал хууль байсан. Би өөрөө ч дэмжээд явж байсан. Замбараагүй уул уурхай бодлогыг зөв зам руу нь оруулах төрийн бодлого энэ хуулиар дамжиж хэрэгжих шатандаа явж байтал дагаж мөрдөх журмын тухай хуульд нь засвар хийгээд хуулийн гол зорилго, амин сүнсийг таслах нь гэж харж байна.
-”Урт нэртэй” хуулийг санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнгөрсөн хугацаанд энэ хууль сайн хэрэгжсэн, гэтэл Засгийн газар амжилтаасаа ухрах алхам хийлээ гэж хэлж байсан. Таны бодлоор энэ хууль хэр чамбай хууль вэ?
-Энэ хууль амаргүй олон даваа давж батлагдаж, хэрэгжих шатандаа ч бэрхшээл туулсан. Хууль хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хариуцсан яам, газар тодорхой хэмжээнд хийгээд ирсэн, ухрах зам баймааргүй л санагдах юм. Том эрх ашгийн цаана жаахан эрх ашиг нуугдаж байдаг гэж нэгэн нийтлэлч хэлсэнтэй зүйрлүүлж хэлбэл хувь хүмүүсийн лобби давамгайлж төрийн бодлогыг сулруулах гээд буйг үгүйсгэх аргагүй.
-“Рио Тинто”-д захидал бичсэний төлөө “Эрдэнэс Оюу толгой” компанийн захирлын албан тушаалаас таныг чөлөөлсөн. Ажлаа өгснийхөө дараа та “Тэр захидлыг би бичээгүй бол өөр хэн нэгэн бичих л байсан” гэж хэлсэн. Тэр захидлыг Ерөнхий сайд бичүүлчилхээд дараа нь ийм шийдвэр гаргасан гэхээр Засгийн газрын тэргүүн та хоёрын дунд үл ойлголцол байсан юм биш биз дээ?
-Энэ асуудлаар байр сууриа өмнө нь илэрхийлсэн. Би дур мэдэн захиа бичээгүй тэдний үүрэг даалгаврыг л биелүүлсэн. Хувь хүмүүсийн хооронд үл ойлголцол байх учиргүй. Нийгэмд намайг буруутан болгож харагдуулаад өөрсдөө нэр цэвэр үлдэх гэсэн муухай монгол сэтгэлгээ давамгайлсан л гэж бодож яваа.
-Оюу толгойн гэрээний талаар танаас асуухгүй өнгөрч болохгүй байх. Энэ гэрээнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий юу. Таныг ажил хүлээж авахад нөхцөл байдал ямар байв?
-Засгийн газрын хөтөлбөрт “гэрээг сайжруулна” гэсэн зорилт орчихсон юм. Хэрвээ үнэхээр сайжруулах юм бол хаалга үүдийг нь золиос болоод би нээгээд өгчихсөн, одоо хэрэгжүүлээч гэдгийг л дахин хэлье. Харин зорилтоо хэрэгжүүлэхгүй зээлдүүлэгчдээс урт хугацаатай зээл аваад явчихвал тэр л зорилтоо “мартах” хэрэгтэй.
-”Рио Тинто”-той хэлэлцээр хийхээр ТУЗ-ийн гурван гишүүн Лондон руу явсан. Энэ хэлэлцээрээс ямар үр дүн гараасай гэж хүлээж байна вэ?
-Ерөнхий сайдын саналаар хүнээ, байрлалаа солиод хийж байгаа уулзалт хэлэлцээ. Ажил хариуцаж байсан хүний хувьд хэлэхэд энэ удаагийн уулзалтаар шууд үр дүн гарахгүй. Асуудал нь өөрөө том эрх ашиг, бодлоготой холбоотой учраас хүн, байрлал хоёроос үл хамаарна. Том дарга нар асуудлын мөн чанараа ойлгоогүй л явна. Тэгэхээр шийдэх гээд байгаа арга хэлбэр нь үр дүнд хүргэхгүй шүү дээ.
-Сүүлийн үед Засгийн газрын үйл ажиллагааг сөрөг хүчин шүүмжлэхээс илүүтэй Ардчилсан нам дотроо шүүмжилж, жигүүр хүртэл байгуулсан байна. Жигүүрт УИХ, Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс байгаа гэх. Та үүнд нь байгаа юу?
-Жигүүрийг зохион байгуулагч нөхөд ярьсан, санал солилцсон. Би албан ёсоор нэгдээгүй. Тэдний яриад байгаа зарим асуудалтай санал нэг байгаа. Тухайлбал манай дарга нар бяртай болсон, бялуурч байгаа, зөвхөн өөрсдөө албан тушаалдаа үлдэх явцгүй бодлого явуулж, намын ажлыг орхигдуулж дүрэм журмаа мөрдөхгүй байгаа нь 2000 оны их ялагдлыг давтаж магадгүй гэсэн болгоомжлол байна.
-Хариуцлагагүй ажилласан хоёр гурван сайдыг энэ өвөл гэхэд огцруулах тухай яриа жигүүрийн дунд байгаа юм билээ. Засгийн газрыг тогтвортой байлгах нь улс орны эрх ашигт хэрэгтэй гэсээр өдийг хүрсэн. Гэтэл зарим нь хариуцлага тооцох цаг болсон гэх. Тэгвэл хэн нэгэн сайдыг огцруулснаар хариуцлага бүрэн тооцох боломж бий юу?
-Надтай энэ тухай ярилцаагүй.