Оюу толгойн монголын талын удирдлагууд бүгд солигдлоо. Төрийн өмчит “Эрдэнэс Оюу толгой” компани Төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ шинээр томилсон гурван гишүүнийхээ нэрийг хөрөнгө оруулагч тал “Рио Тинто”, “Туркойз Хилл” компанид өчигдөр албан ёсоор танилцуулжээ. Шинээр томилогдох гишүүд нь “Эрдэнэс МГЛ” компанийн дэд захирал Г.Тэмүүлэн, “Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд, Уул уурхайн яамны стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар аж.
“Оюу толгой” компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байгаа Ч.Ганболд, П.Цагаан нар ТУЗ-ийн гишүүнээс огцрох өргөдлөө өгөөд байсан юм. Харин Н.Багабанди өргөдлөө хараахан өгөөгүй гэнэ. Урьд нь “Эрдэнэс Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Ц.Сэдваанчиг “Рио Тинто”-д далд уурхайн хөрөнгө оруулалтын талаар захидал илгээсэн нь албан тушаалаа өгөх шалтгаан болсон билээ.