Өнөөдөр уул уурхайн салбар эдийн засгийн 20, төсвийн орлогын 40, экспортын орлогын 90 хувийг бүрдүүлэх болсон билээ. Дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр ашигт малтмалын үнэ уналтын байдалд байгаа. Шинжээчдийн үзэж буйгаар ашигт малтмалын үнэ сүүлийн хоёр жилд буурсаар байгаа юм. Тэр дундаа нүүрсний үнэ хоёр дахин уналаа. Эдийн засагчид өнөөдөр нүүрс, жонш гэх зэрэг цөөн нэр төрлийн ашигт малтмалын гадаад зах зээл дэх үнийн уналтаас үүдэн “нийт эдийн засаг хямарч байна” гэж хий сандрахаасаа илүү хэт халсан эдийн засаг маань аажмаар хөрч, өсөлтийн хэвийн, тогтвортой түвшиндээ эргэн ирж байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой хэмээж буй юм.
Одоогоор Хятадын түүхий эдийн эрэлт, нүүрсний үнийн бууралтаас үүдээд манай улсын төсвийн орлого саарч, зарлага нэмэгдэхэд хүрсэн билээ. Тухайлбал энэ оны эхний хагас жилд улсын нэгдсэн төсвийн орлого 2.5 их наяд төгрөг, зарлага нь 2.6 их наяд төгрөг болжээ. Төсвийн тэнцэл 133 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Гэвч төсвийн алдагдал өнгөрсөн оныхоос буурчээ. Өнгөрсөн жилийн эхний хагас жилээр төсвийн алдагдал 580 тэрбум төгрөг байж. Төсвийн алдагдал ашигт малтмалын үнэ буурч орлого хумигдсан, хямралт байдал үргэлжилсэн өнөө үед урд жилийнхээс буурсан нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотой гэдэг.
Энэ онд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензийн төлбөрөөс улсын төсөвт 38.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөө бий. Гэвч энэ нь төлөвлсөн хэмжээнд хүрэхгүй нь бололтой. Эхний хагас жилийн байдлаар 19.2 тэрбум төгрөг улсын төсөвт оруулах байсан бол 14.8 тэрбумыг нь л оруулжээ. Харин газрын тосны орлого давж биелэв. Энэ онд газрын тосноос 145.9 тэрбум төгрөг олох төлөвлөгөө байгаа. Оны эхний хагас жилд 59.8 тэрбум төгрөг олох байсан ч 62 тэрбум төгрөгт хүрч давж биелээд байна.
Нүүрсний үнийн хөөс дарагдаж дахин өсөхгүй бололтой
Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ ерөнхийдөө буурсан үзүүлэлт гарах болсон. Нэг хэсэг унци алтны дундаж үнэ өсч байсан. Гэтэл энэ оны эхний хагас жилийн байдлаар 0.6 хувиар буурч, 1558 ам.доллар болжээ. Уг үнэ хоёр жилийн өмнөхөөс 10 ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Тэгвэл тухайн үед нэг тонн цэвэр зэс 8859 ам.доллар байсан бол энэ жил 7643 ам.доллар болж 13.7 хувиар хямдрав. Мөн цайр 2199-1995 ам.доллар болж буурчээ. Төмрийн үнэ 168 ам.доллараас 146 болсон байна.
Нүүрсний үнэ цаашид өмнөх жилүүдийнх шиг өсөхгүй гэсэн таамаг бий. Учир нь, урд хөршийн зах зээлд нүүрсний нийлүүлэлт хомсдсон, эрэлт нь нэмэгдсэн тул үнэ нь огцом өсч манай улсын эдийн засагт тод гэрэл асаасан хэмээж болох аж. Нөгөө талаар хямралын үед Хятад эдийн засгийн өсөлтөө хадгалах үйлдвэрлэлийн эрчээ бууруулахгүйн тулд эрчим хүчиндээ анхаарч ирсэн гэдэг. Жишээлбэл 2007-2008 онд Хятадын Засгийн газар 700 тэрбум ам.доллар эдийн засагтаа оруулсан. Энэ мөнгө нь гангийн үйлдвэрлэлийг нь сэргээж төмрийн хүдэр, хайлуур жонш, коксжих нүүрсний үнийг өсгөхөд нөлөөлжээ. Гэтэл өнгөрсөн жилээс Хятадын зах зээл дээр нүүрс нийлүүлэгч олширсон, эдийн засгийн өсөлт нь суларсан, хэт халалт нь хөрч байгаа зэрэг шалтгаанаас болж нүүрсний үнэ хямдарч зах зээлийн бодит үнэ ханш нь тогтлоо гэж үзэж болох аж. Тэгэхээр манай нүүрсний үнэ өнгөрсөн хоёр, гурван жилийнх шиг огцом өсөхгүй нь бололтой. Иймд манай улс уул уурхайн салбарт баримтлах бодлогоо үнийн хэт хөөсрөлт дагах бус аль болох зардал хэмнэх, өртөг бага технологи нэвтрүүлэхэд чиглүүлэх учиртай болж байна.
Алтны экспорт огцом нэмэгдэж 3.4 тоннд хүрлээ
Өнгөрсөн онд эхний долоон сарын байдлаар манай улс нэг тонн алт экспортолж 46 сая ам.доллар олсон тооцоо бий. Харин одоогийн байдлаар 3.4 тонн алт экспортолж 143 сая ам.доллар оллоо. Хэдийгээр Оюу толгой зэсийн баяжмалаа экспортолж эхэлсэн ч онцын өөрчлөлт гараагүй. Оны сүүлчээр зэсийн баяжмалын экспорт нэмэгдэх нь тодорхой. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн жилд экспортолдог 540 орчим мянган тонн баяжмал дээр “Оюу толгой”-н энэ онд борлуулахаар төлөвлсөн 340 гаруй мянган тонн зэсийн баяжмал нэмэгдэх ёстой. Гэвч одоогоор Оюу толгойн олборлолт хэзээ эхлэх, хэдэн тонныг экспортлох нь тодорхойгүй болчихоод байна.
Молибден, цайр, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын экспортын хэмжээ чамгүй өссөн. Хамгийн өндөр өсөлттэй ашигт малтмал бол газрын тос. Экспорт болон орлого нь бараг хоёр дахин өсчээ. Өнгөрсөн онд манай улс 3.5 сая баррель газрын тос экспортолж, 120 тэрбум төгрөгийн ашиг олсон. Тэгэхээр энэ оны эцэст дээрх тоо бараг хоёр дахин өсч магадгүй нь.
Нүүрс, жоншны экспортын хувьд үнэхээр хүнд байна. Өмнөх оны мөн үед 10 сая тонн нүүрс экпортолж, 1.1 тэрбум ам.долларын орлого олсон бол эдүүгээ найм орчим сая тонн нүүрс борлуулжээ. Үүний мөнгөн дүн нь 582 сая ам.доллар болж буй юм. Иймд нүүрсний экспорт өнөөдөр 20, үнийн дүнгээрээ хоёр дахин унаад байгаа аж. Тэгэхээр нүүрсний салбарт онцгой анхаарч дорвитой бодлого баримтлах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Нэн тэргүүнд нүүрсээ боловсруулах, зардлыг нь бууруулах арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн салбарынхан нь хэлж буй билээ.
Жоншны экспортын хэмжээ, үнийн дүн нь ч бас огцом буурчээ. Цаашид жонш боловсруулах технологийн шинэчлэлт хийх, зах зээлээ өргөтгөх зайлшгүй шаардлага бий аж. Тэгэхээр ашигт малтмалын үнийн уналт, хямралт байдал манай улсад том сургамж, эдийн засгийн гол суурь болсон уул уурхайн салбарын бодлогоо зөв нарийн төлөвлөх ёстойг сануулж байна.