Манай улсыг нэг өрх гэж үзвэл өрнөөс өрний хооронд зутруухан амьдарч буй айл юм. Ингэж хэлэх учир байна. Монгол Улс дэлхийн зах зээлд худалдсан алт, зэс, нүүрсээсээ энэ жил ямар ч ам.доллар эргүүлж авахгүй. Өмнөх УИХ, Засгийн газрын үед мөнгийг нь урьдчилж аваад хэрэглэчихсэн учраас дэлхийн зах зээлд манай экспортолдог ашигт малтмалын ханш унасан ч тэр үнээрээ бүтээгдэхүүнээ гаргана. Эдийн засаг тогтворгүй байх олон шалтгааны нэг нь энэ. Өөрөөр хэлбэл, нүүрс, зэс, алтны ханш олон улсын зах зээлд буурсан нь Монголын эдийн засагт таагүй нөлөө авчирсан. Уул уурхайн салбар манай эдийн засгийн 20, төсвийн орлогын 40, экспортын орлогын 90 хувийг бүрдүүлдэг. Он гарсаар алт, мөнгө, зэс, цайр, молибден, төмрийн хүдэр, нүүрс зэрэг манайхаас хамгийн их экспортолдог бүтээгдэхүүний үнэ ханш олон улсад өмнөх хоёр жилээс харьцангуй унажээ. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай эдийн засаг огцом сэргэсэн нь нүүрсний үнийн өсөлт байсан гэнэ.
Энэ нь, өмнөд хөрш болон олон улсын зах зээлийн өөрчлөлтөөс хамаарсан түр зуурын үзэгдэл гэж салбарын яам тайлбарлаж байна. Одоо бодит байдалд тохирсон, зардал хэмнэсэн өрсөлдөх чадварт түшиглэсэн бодлого баримтална гэх. Өдрөөс өдөр ирэх тусам эдийн засгийн нөхцөл байдал амаргүй болж, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, үнийн өсөлт ард түмний нуруун дээр ачаа болж ирж байхад салбарын яам нь байдаг л зүйл, одоо өрсөлдөх чадварт түшиглэсэн бодлого баримтална гээд нүдэн балай, чихэн дүлий сууж болмооргүйсэн. Тэд бүр энэ оны эхний долоон сарын байдлаар манай улс 3.4 тонн алт экспортолж, 143 сая ам.долларын ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 тонн алт илүү экспортолсон гэх. Харин зэсийн баяжмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад төдийлэн өөрчлөлт гараагүй аж. Гэхдээ Оюу толгойн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэнээр оны эцэст зэсийн экспорт нэмэгдэнэ хэмээн ярьж байна. Алтаа өмнөх жилээс илүү экспортлон ашиг олсон юм бол нүдэнд харагдаж, нийгэмд мэдрэгдмээр юм. Нөгөөтэйгүүр, улсын төсвийн орлого өдий төдий тэрбумаар тасалдаж, доголдолгүй хэвийн явж байхсан.
Энэ оны долдугаар сарын байдлаар манай улс найм орчим сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр сая тонн нүүрсээр дутуу. Өөрөөр хэлбэл, нүүрсний экспорт 20 гаруй хувиар буурч, үнийн дүнгээр хоёр дахин унажээ. Манай улс өмнөд хөршийн “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлж, “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэдэд тараасан. Үүнийхээ хариуд нүүрс өгөхөөр болсон ч дэлхийн зах зээлд нүүрсний ханш унаж, бидэнд хор хохирол дагуулсаар байна. Өмнөх Засгийн газрын үед эрх баригчдын гаргасан хуудуутай шийдвэрийн үрээр бид нүүрсээ хамгийн хямд тарифаар нийлүүлж эхэлсэн. Өрний үлдэгдэл болох 170 сая ам.долларыг энэ ондоо багтаан дуусгана хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг мэдэгдэж байна. Ямартай ч, энэ сараас эхлэн “Чалко” компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу нүүрсний экспортыг дахин сэргээж, он дуустал 4.5 сая тонн нүүрс нийлүүлж өрөө дарах гэнэ. Эрдэнэс Таван толгой энэ онд Зүүн цанхийн уурхайгаас 4.5 сая, Баруун цанхиас гурван сая тонн нүүрс олборлох аж. Баруун цанхийг ийн ашиглалтад оруулснаар “Чалко” компанид өрөө бүрэн төлж барагдуулахаас гадна 200 сая гаруй ам.долларын экспортын орлого олох боломжтой гэж үзжээ.
Манай улс өнгөрсөн сарын 9-нөөс Оюу толгойн зэсийн баяжмал гаргаж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд дөрвөн мянга гаруй тонн баяжмал экспортлоод байгаа аж. Гэтэл тус компани далд уурхайгаа зогсоосон. Үүнийгээ дахин санхүүжилт хэрэгтэй хэмээн тайлбарлаж буй. Тэгвэл энэ асуудлыг тус компанийн ТУЗ болон хувь нийлүүлэгчдийн хурал шийдэх аж. Учир нь, Компанийн тухай хуульд ТУЗ, хувь нийлүүлэгчид энэ асуудлыг шийдэх боломжтой гэж заажээ. Гэрээнд “Хөрөнгө оруулалтын гэрээний бүрэлдэхүүн хэсэг болох төслийн ТЭЗҮ-д далд уурхайд шаардлагатай хөрөнгө оруулалтыг борлуулалтын орлогоосоо санхүүжүүлэх тухай” заажээ. Анхны хөрөнгө оруулалтын зардал өссөн шалтгааныг тогтоохоор гурван сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулж, урьдчилсан байдлаар баримтаар нотлогдоогүй хоёр тэрбум гаруй ам.долларын асуудлыг хянан шалгаж байгаа. Энэ нь, зардлын 40 орчим хувьтай дүйж буй юм. Нөгөөтэйгүүр, манай улсын төсвийн 6-7 сарын орлоготой дүйцэх хэмжээний мөнгө. Ямартай ч, ажлын хэсгийн дүгнэлтийг хаа хаанаа хүлээж байгаа аж. Мөн Оюу толгой баяжмалын борлуулалтаас олсон орлогоо Монгол Улсад бүртгэлтэй дотоод, гадаадын банкны дансаар дамжуулан гүйлгээ хийхээр талууд тохиролцсон байна. Далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид саадгүй явуулах чиглэлээр ярилцахаар Рио Тинто компанийн Зэсийн группийн Ерөнхий захирал Жин Себастиан Жак өнөөдөр манай оронд ирнэ.