Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УЛААНБАДРАХ СУМЫН ИРГЭД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТЭМЦЭХЭЭ МЭДЭГДЭВ


Дорноговь аймгийн Улаан­бадрах сумын иргэд “Гал Үндэстэн” холбоотой  хамтран өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж Францын “Арева” корпорацийн охин компани болох “Кожеговь” компанийг тус суманд ураны хайгуул хийхийг эсэргүүцэн, хайгуул хийлгэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Улаанбадрах сумын иргэд өнгөрсөн тавдугаар сард “Кожеговь” компанид ураны хайгуул хийх үйл ажиллагаагаа зогсоох, хайгуул хийлгэж буй удирдлагуудтайгаа уулзуулах шаардлага хүргүүлжээ. Энэхүү шаардлагыг тус компанийн удирдлагууд удаа дараа хойшлуулсаар  долдугаар сарын 31-нд уулзалт болсон гэнэ.

Уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Цөмийн энергийн газар, мөн аймгийн удирдлагууд, “Кожеговь” компанийн удирд­­­лагууд нутгийн малчид  оролцжээ. Тэд Цөмийн энергийн газрынхан нутгийн иргэдийг орчин үеийн дэвшилтэт технологи, хөгжлийг ойлгохгүй байгаа мэтээр хэлсэн гэнэ. Харин энэ талаар Гамшгийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар “Улаанбадрах сумаас химийн бодис илэрснийг бүх шатанд хүлээн зөвшөөрсөн.

Өнөөдрийг болтол химийн бодисоор хордсон нутагт Хонгор шиг саармагжуулах үйл ажиллагаа явуулаагүй. Энэ асуудлыг бид найман сар хөндлөө. Худагт ус саармагжуулах тоног төхөөрөмж тавихаас эхлүүлээд хэрэглээг нь зөв хангах иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар юу ч хийхгүй байгаад гайхах юм. Газрын хөрсөнд байгаа селен тодорхой давтамжтайгаар нэмэгдээд байгаа нь  “Кожеговь”-ийн хог хаягдлын цэгээс гарч байгаа гэсэн ерөнхий чиг хандлага бий. Дэлхий нийт өнөөдөр уусган баяжуулах аргыг хэрэглэхээс татгалзах болсон. Би саяхан дэлхийн гамшгаас хамгаалах чуулганд оролцоод ирсэн. Уусган баяжуулах аргыг ярихад дэлхийн мэргэжилтнүүд нүд нь орой дээрээ гарч байна билээ. Үүнийг технологийн хаягдал гэдэг. Хөгжил буурай оронд аваачиж хэрэглэдэг бизнесийн том ухаан гэсэн. Хөгжингүй орнууд өндөр технологи шаарддаг болохоор энэ орнуудад хэрэглэгдэхээ больсон” гэдгийг хэлсэн.  Мөн “Гал үндэстэн” холбооныхны үзэж байгаагаар байгаль дахь ураны хүдрийн агууламж нь дунджаар 0.2 хувь орчим байдаг гэвэл нэг тонн ураны хүдрийг уусгах аргаар боловсруулахад хоёр кг уран, 998 кг хорт шавар ялгарч, бохир нуур үүсгэдэг. Дээр  нь  “Кожеговь” хэт хоцрогдсон буюу 1960-аад оны технологийн хаягдлыг ашиглаж байгаа нь аюулын харанга дэлдэж байгаа гэв.

 Хурлын үеэр “Гал үндэстэн” холбооны  тэргүүн Ц.Энхбаяраас
зарим зүйлийг тодрууллаа.


-“Кожеговь” болон нутгийн иргэдийн хооронд үүсээд буй маргаанд Цөмийн энергийн газар ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-“Кожеговь”-ийг цээжээрээ хамгаалаад байна. Засгийн газар ч ялгаагүй, иргэдээ бодохгүй юм. Арева цаашид олон өрөм ажиллуулна гэдгээ хэлж байна билээ. Бид нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Хэрэв тус компани дахин нэг л өрөм ажиллуулбал тэр үед юу ч болж магадгүй.
-Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтээр Улаанбадрах суманд үүссэн нөхцөл байдлыг урантай холбоогүй гэсэн. Урантай   холбоотой гэдгийг яаж нотолж байна вэ?
-Үнэнийг хэлэхэд бид тэр шинжилгээнд итгэхгүй байна. Мал олноороо үхэж, амьтай, амьгүй төл олон гарч байгаа нь малчид төдийгүй, ард түмнийг сэтгэл санааны дарамт, айдаст хүргэж байна.
-Эсэргүүцэл нэрээр зарим хүн “Кожеговь”-оос мөнгө нэхсэн, шантааж хийсэн гэх мэдээлэл байгаа?
-Тийм зүйл байхгүй. Бид Хонгор сум шиг болохоос сэргийлж байна шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан