Монгол Улсын экспортлогч бүтээгдэхүүний 95 хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Түүнээс гарсан ашиг болон ирээдүйд ирэх орлогыг аль эрт зарцуулсаар иржээ. Нөгөөтэйгүүр дэлхийн зах зээлд ханш тогтвортой бус байгаа нь Монголын экспортыг байнга хөдөлгөдөг. Хамгийн сүүлд монголчууд 1.9 их наяд төгрөгийн халамж тараажээ. Үүнийг босгоход өнөөх л уул уурхайн салбараа урдаа барьсан байдаг. 2011-2012 онд хүн бүр гар дээрээ авсан их мөнгөний зарим нь Таван толгойн “нүүрс”. Уурхайн бүтээгдэхүүнийг “Чалко” компанид арилжиж 350 сая ам.доллар авсан. Халамжийн мөнгөний багагүй хэсэг нь Оюу толгойн эзэмшил. Уг төслийн хэрэгжүүлэгч “Рио Тинто” группээс 250 сая ам.доллар зээлж нэмэрлэсэн байдаг. Харин үлдсэн хэсгийг “Эрдэнэт” үйлдвэрийн ирээдүйд олборлох зэсийг золиосолж босгоод иргэдэд амласан мөнгөө улс төрчид түгээсэн. Эх орны баялаг, эрдэнийн хувь гэдэг нэртэйгээ зохицож байгаа ч эдийн засагтаа ч, иргэддээ ч наалдацгүй бодлого байсныг 2013 оны өндөрлөгөөс харж болно. Өнгөрсөн түүх, замналын алдаагаа ухаарсан тул цаашдын төлөвлөгөөндөө эерэгээр тусгах шаардлагатай. Улстөрчдийн ухаан, бодол, зориг гурваас монголчуудын цаашдын замнал шууд хамаарч байгаа юм.
Анзаарч, анхаарах анхдугаар зүйл
Үргэлж ярьдаг хууль эрх зүйн орчны шинэтгэл улс төрчдийн чихэнд улиг болж сонсогддог байж болзошгүй. Гэсэн ч хийх хүртэл хэлэх эрхээс илүү үүрэг бидэнд бий. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулалтаар амьдралаа зогоож буй Монгол Улс руу чиглэсэн мөнгөний урсгал улам багасч байна. Шаардлагатай хуулиа шинэчлэн батлахын сацуу хууль эрх зүйн тогтвортой байдал ихээхэн анхаарал татаж буй юм. Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрлийг төрийн дээд байгууллагын хуралдаанаар шийдвэрлэнэ гэдэг нь хөрөнгө оруулагчдыг ихээр “айлгадаг” гэнэ. Улс орны хөгжил, нэгдсэн бодлогоос илүү нам эвслийн талцал, бизнес, улс төрийн бүлэглэлийн эрх ашгийг илүүд тавьж буй нь хамгийн том саад. Түүнчлэн өнөөдөр байгуулсан гэрээ, зөвшөөрөл, үйл ажиллагааг дараагийн эрх баригч үгүйсгэх магадлал нь гадаадынхныг үргээдэг.
Хууль эрх зүйн тогтвортой байдал нь тухайн хөрөнгө оруулагч удаан хугацааны турш анх тохирсон ёсоор ашиг хүртэж, үйл ажиллаагаагаа үргэлжлүүлэх баталгаа болдог. 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид гададын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль баталснаар жижиг хөрөнгө оруулалт 30 орчим хувиар буурсан байдаг. Өөрөөр хэлбэл 30 сая ам.доллар хүртэлх хэмжээний хөрөнгө оруулалтын 30 хувь нь хуулийн өөрчлөлт, тодорхой бус байдлаас хамаарч буцаад гарчээ. Юм бүхэн багаас эхэлдгийг “Мянган бээрийн аялал ч нэг алхмаас эхэлнэ” гэх мэргэн үг онож тодорхойлсон байдаг. Хөрөнгө оруулалтад ч энэ л зарчим мөрдөгдөнө. Жижиг хөрөнгө оруулалт хэсэг хугацаанд үргэлжлээд дундаж давхаргынх болдог. Дундаж нь удаан хэрэгжсэний дараа томоохон хөрөнгө оруулалт болж өргөждөг аж. Гэтэл өнгөрсөн оны хоёрдугаар хагаст жижиг хэмжээний хөрөнгө оруулалт 30 хувь буурсан нь 2013 онд ч үргэлжилжээ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд дундаж буюу 30-190 сая ам.долларын хөрөнгө оруулалт 22 хувиар буурсан байна. Харин томоохонд тооцогдох 190 сая ам.доллараас илүү хэмжээтэй хөрөнгө оруулалт шинээр нэг ч орж ирээгүйг эдийн засагчид онцоллоо. Хууль эрх зүйн орчны өөрчлөлт, тогтворгүй байдлын хор нөлөө энэ.
Анхааралдаа авах удаах зүйл
Ашигт малтмалын олон улсын зах зээлээс хамаарч улс орны эдийн засаг ойр ойрхон савладаг байдал удаан үргэлжлэх ёсгүй. Үүний тулд эдийн засгаа төрөлжүүлж энэ салбараас хараат бус болгох нь тун чухал. Жишээлбэл, зам тээвэр, харилцаа холбоо, банк санхүү, мэдээлэл шуудан, хүнсний үйлдвэрлэл гэхчлэн олон нийтэд чиглэсэн зах зээлд хөрөнгө оруулалт татах шаардлага бий. Үүнийг мөн л хуулиар зохицуулж, эрх зүйн орчинд шинэтгэн тусгахыг судлаачид зөвлөдөг.
Монгол Улсад бизнес эрхлэхэд тулгардаг 10 бэрхшээлийг Засгийн газрын хүнд суртал, ажиллах хүчний боловсролын төвшин, авлига хээл хахууль болон дэд бүтцийн салбарын ажиллагаа тус тус тэргүүлжээ. Түүний араас гадаад валютын зохицуулалт, татварын систем, инфляц, монголчуудын хөдөлмөрийн ёс зүй, санхүүжилтийн арга зам, бодлогын тогтворгүй байдлыг хөрөнгө оруулагч нар дурдсан байна. Олон улсын хэмжээнд монголчууд хөрөнгө оруулалтын хамгаалалтаар хойгуур жагсдаг бол хил нэвтрэх, дэд бүтцийн чадамжаар 188 дугаар байрт орсон гэх сүүлийн үеийн мэдээлэл гарчээ.
Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүн Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газар уг салбарт стратегийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй юм. Уг төлөвлөгөөнд дээр дурдсан хүндрэл, бэрхшээл бүгд орсноос гадна эдийн засгаа төрөлжүүлэх, боловсон хүчний ур чадварыг сайжруулах, аялал жуулчлалд хөрөнгө оруулалт татах, жижиг дунд үйлдвэрлэлийн бизнес сэдлийг дэмжих зэрэг санал тусгажээ. Гагцхүү ажил хэрэг хэрхэн өрнөж байгааг тайлагнах нь хамгийн чухал болоод байна.
Анзаарч яаравчлах дараачийн асуудал
Засгийн газар, УИХ-аас зөвшөөрөл хүслээ гэх нэрээр Оюу толгойн үргэлжлэл зогссон. Хэдийгээр олборлолт, экспорт эхэлсэн ч Оюу толгойн баялагт хүрээгүй байгааг мэргэжилтнүүд хэллээ. Тодруулбал, төслийн хоёрдугаар үе шат буюу далд уурхайн бүтээн байгуулалт нь төслөөс гарах ашгийн 70-80 хувийг бүрдүүлдэг гэнэ. Нийт 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд хэрэгжүүлбэл 2013 онд амжиж ойролцоогоор нэг тэрбум ам.доллар нь ороод ирэх боломжтой аж. Гадаадын хөрөнгө оруулагчид зайгаа барьж, алсаас харж суугаа энэ үед зах зээлд валютын нийлүүлэлт нэн шаардлагатай. Үнэндээ Оюу толгойн нэгдүгээр үе дэх явцын хөрөнгө оруулалт нь 2013 оны эхний хагас жилийн гадаад хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгаж ирсэн тухай хэлэх хүн цөөнгүй. Тэгвэл 2013 оны төгсгөл үеийг ч мөн Оюу толгой төсөл, “Рио Тинто” компани эрсдэлгүй авч гарах боломжтой юм. Маш их мөнгө тараасны дараахан, 2012 онд эдийн засаг “газардах” шахсан. Гэвч 1.5 тэрбум ам.долларын бонд босгож, дотоодод эргэлдүүлснээр аюулаас аврагдсан гэнэ. Харин энэ жилийн аврал нь Оюу толгойн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт. Дээр өгүүлсэнчлэн хууль, эрхзүй, журам, заалтад холбогдох өөрчлөлт оруулах ажилд Оюу толгойн хамтын ажиллагааны гэрээ ч зүй ёсоор багтана.
Нэг алхаад гацаа үүсгэдэг зүйлийг нэг мөр шийдэх, үүний хажуугаар аль аль талдаа хохиролгүйгээр тохироход улс төрч, эдийн засагчид ухаанаа уралдуулах ёстой. Эс бөгөөс Монгол орны эдийн засгийн багагүй хэсгийг хамаатуулж буй Оюу толгой төсөл хямрал, хүндрэл үүсгэдэг “зовиур” болж хувирах нь. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч “Хамтран ажиллая, харилцан ашигтай байя” гэдгээ илэрхийлсэн нь үүнийг эерэгээр, түргэн шийдвэрлэх шинжийг илэрхийлж, горьдлого төрүүлээд байгаа юм. Юутай ч, парламент, Засгийн газраас Оюу толгойтой холбогдуулан баримтлах нэн түрүүний асуудал нь хөрөнгө оруулалтын зөвшөөрөл, удаах нь дахиж ийм түгжрэл үүсгэхгүйн тулд алдааг арилгах явдал.
Бүгдийг гацаасан бичил гажиг
Уул уурхайн салбарт багагүй гацаа, бэрхшээл учруулдаг нь дэд бүтэц. Энгийн жишээ татахад хилийн боомтоос 23 км зайтай Цагаан хад руу Монголын газар бүрт олборлож буй нүүрс төвлөрдөг. Түүнийг нэгтгэн овоолоод Хятадын төмөр замын төгсгөлд аваачиж, вагоноор ачин тус улсын гүн рүү хүргэдэг байна. Гэтэл боомтоос хил хүрэх 23 км замд авто самосволоор нүүрс тээвэрлэж, байгаль орчинд хохирол учруулж нүүрсний үнийг ч нэмэгдүүлж буй юм. Хятадууд Австрали улсаас усан замаар хэдэн зуун мянган тонноор нүүрс импортолдог. 4000 шахам км алсаас авч буй нүүрсний үнэ нь Цагаан хаднаас хил хүргэж буй 23 км зам туулсан нүүрстэй ижил байгаа нь хачирхалтай. Хэрэв уг зайд зардал ихтэй машинаар биш төмөр зам байгуулаад зөөвөрлөдөг болчихвол жилд 200 сая ам.доллар хэмнэх боломжтой гэсэн тооцоо судалгаа гарчээ. Энэ бол монголчуудад үлдэх цэвэр ашиг. Харин 23 км төмөр зам барих зардал нь ердөө 20 гаруй сая ам.доллар. Ашиг болон зардлыг жигнэж үзвэл аль нь монголчуудад хэрэгтэй вэ гэдгийг гуравдугаар ангийн хүүхэд ч бодоод олчихмоор. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газар нарийн, бүдүүн цариг, Төмөр замын талаар баримтлах төрийн бодлого ярьж ажлыг удаашруулж буйг шүүмжлэх хүн нэлээд бий. Ойрын хугацаанд дэд бүтцээ шийдвэрлэж, Хятад улс авъя гэсэн үед нь нүүрсээ нийлүүлж амжих нь монголчуудад ашигтай. Амжих гэсний цаана ойрын жилүүдэд БНХАУ дотоодоосоо нүүрсний хэрэгцээгээ хангадаг болно гэх мэдээлэл гарсантай холбоотой. Олон улсын нүүрсний зах зээл судлаачид дээрх мэдээллийг гаргахдаа “Монголчууд амжих хэрэгтэй” хэмээн онцолжээ. Түүнчлэн “АНУ-ын Монтана, Виёминг мужийн нүүүрсний уурхай 30 жилийн өмнө жилд 15 сая тонн нүүрс олборлодог байсан ч өдгөө 400 сая хүртэл өссөн. Гэхдээ хоёр төмөр замтай учир зардал нь нэмэгдээгүй” гэдгийг дурдсан байна. Энэ нь монголчууд яаралтай төмөр зам барьж, нүүрсээ бага зардлаар нийлүүлэх нь удаан хугацаанд өндөр ашигтай гэдгийг сануулсан хэрэг биз ээ. Энэ мэтээр Монгол орны хаа нэгтээ үүссэн дэд бүтцийн бичил асуудлыг түргэн шийдэж, уул уурхайн бүтээгдэхүүний өртгийг буууруулах шаардлагатай.
Эдийн засагчдын дундаас дээрх дөрвөн асуудлыг улс төрч, Засгийн газар, парламентын бүрэлдэхүүнд хэлэхийг хүсч буй юм. Эдгээр асуудалд шийдэл олж, бэрхшээлийг түргэн шийдвэрлэх нь 2013 оны эцсээр эдийн засаг хүндрэхээс хамгаалах арга зам юм.