Монгол Улсын нийт газар нутгийн найм гаруйхан хувь нь ойгоор бүрхэгдсэн талбай байдаг аж. Өнгөрсөн хугацаанд ойгоо тоолж байгаагүй бөгөөд ирэх жил тоолохоор төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Ингэхдээ олон улсын стандартын дагуу ойгоо тоолох гэнэ. Өөрөөр хэлбэл, нүүрстөрөгчийн шингээх чадавхийг гаргаж ирснээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжтой болох юм байна. Өмнө нь манайх ойгоо тоолоогүй болохоор төсөл хөтөлбөрүүдэд хамрагдаж чаддаггүй байсан гэнэ. Үүнээс гадна таримал ойг улс нөхөн худалдаж авах боломжийг ч судалж эхэлжээ. Одоогоор худалдаж авах тариф нь өндөр биш ч бага багаар нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Ингэснээр 2000 оноос хойш тарьсан модыг улсад худалдах боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн ойг өмчлөх эрх анх удаа нээгдэж байгаа аж. Энэ нь өөрийнхөө эзэмшлийн талбайд мод тариад түүнийгээ өмчилье гэвэл орон нутгийн засаг захиргаа нь өгөх боломжтой болжээ.