Алт мөнгө эргэлдсэн уул уурхайн салбарын тогоон дотор энэ сард юу болж өнгөрөв өө. Оюу толгой анхны баяжмалаа экспортолсон түүхэн үйл явдал тохиолоо. Гэтэл бас “Олон овоот”-ын 20 тонн алт гуравхан тонн болж хувирсан илбэ шидийн мэдээг “Жаст”-ын Ш.Батхүү саяхан дуулгаж бүгдийг цочирдуулав. Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өчигдөр болж сарын ажлаа тайлагналаа.
Өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах чадалтай үйлдвэр өнгөрсөн сард ашиглалтад орчихоод баяжмалаа дэлхийн зах зээлд гаргахаар хүлээж байлаа. Аль хэдийн 40 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэчихээд байсан юм. Гэвч хувь эзэмшигч Монгол Улс хоёр ч удаа уг асуудлыг хойшлуулсан. Шалтгаан нь “Оюу толгой” компани орлогын гүйлгээгээ гадаадын банкаар дамжуулан хийх гэж байгааг хүлээн зөвшөөрөөгүй юм. Тиймээс Монголын тал шахалт үзүүлж орлогоо Монгол Улсад бүртгэлтэй банкны дансаар дамжуулах болсноор Оюу толгойн анхны баяжмал экспортод гарч чадлаа. Энэ онд тус компани 1,1 сая тонн зэсийн баяжмал эксортлохоор төлөвлөж байгаа ажээ. Уг төслийн инженерийн багийн мэдээлснээр “Оюу толгой” ордын баяжмал боловсруулах үйлдвэр өдөрт 2,6 сая, сард 78 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргах чадалтай бөгөөд энэ оны сүүл гэхэд 390 сая ам.долларын үнэ бүхий зэсийн баяжмал бэлтгэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа юм байна. Ингэснээр үйлдвэрлэж байгаа зэсийн баяжмалыг 80 хувь, экспортын өсөлтийг 40 хувь, ДНБ-нд эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг 20 хувиар тус тус нэмэгдүүлэх болно. Түүнчлэн зэс экспортолдог 50 гаруй орны дотор манай улс эхний 15 дугаар байрт жагсах боломжтой болох юм.
Харин уржигдархан “Олон овоот”-ын уурхайн нөөц анхнаасаа буруу тогтоогдсон байжээ хэмээн Ш.Батхүү мэдэгдсэн. “20 орчим тонн алтны нөөцтэй гэгдэж байсан эл уурхай ердөө гуравхан тоннын нөөцтэй болох нь тогтоогдлоо” гэж тэрээр “Хадгаламж” банкийг “Төрийн банк”-ны харьяанд өгсний дараа ярьсан юм. Гэтэл Ашигт малтмалын газар энэ ордын нөөцийг 18,5 тонноор тогтоогоод байсан билээ. Энэ талаар Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа “Жил бүр уулын ажлын тайланг манайд ирүүлдэг. Өнгөрсөн хугацаанд “Жаст” компаниас нөөц буруу тогтоосон байна гэсэн асуудал тавиагүй. Хэрэв албан ёсоор хүсэлт тавих юм бол хянан шалгах боломж байгаа” гэв.
“Эрдэнэс Таван Толгой” компани Цанхийн зүүн хэсэгт олборлолт хийж гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Хятадын Чалко компанид урьдчилгаа төлбөрийн зээлийн өрөнд нүүрс нийлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 170 гаруй сая ам.долларын өр үлдсэн аж. Гэрээнд тусгагдсанаар тонн нүүрсний үнэ 47 ам.доллар болсон. Хэрвээ үнэ цаашид өсөхгүй бол өрөө барагдуулахын тулд 3,6 сая тонн нүүрс нийлүүлэх хэрэгтэй болоод байна. Ямартай ч Чалкогийн өрийг энэ онд багтаад барагдуулах боломжтой гэж үзжээ.
Монгол Улсын нүүрсний нөөц 173,3 тэрбум тонн гэсэн геологийн таамаг бий. Хайгуулаар 21,5 тонн нөөц илрүүлж баталгаажуулсан. Харин энэ онд одоогийн байдлаар 2,6 тэрбум тоннын нэмж илрүүлсэн байна.
Нүүрсний нөөцөөр Монгол Улс дэлхийд эхний 10 орны тоонд багтжээ. Хятад хэмээх том зах зээлийн дэргэд байгаа учир мөнгө олох боломж тун их. Гэвч “Эрдэнэс Таван Толгой” компани үргэлж алдагдалтай ажиллах юм. Өндөр чанартай, коксжсон нүүрсээ ахиухан үнээр экспортлох төлөвлөгөө Хятад эдийн засаг нь уналтад орж манайхаас өндөр үнээр нүүрс авч чадахгүй болсноор бүтэлгүйтэв. Гэтэл бас өрсөлдөгч Австралиас гадна барууны орнуудад экспортолдог байсан ОХУ, Колумб, Мозамбик зэрэг улс Хятадыг хямдхан нүүрсээр хангаад эхэлчихжээ. Нэг үгээр бол бид зах зээлээ булаалгаж байна. Монголын нүүрсний үнийн хамаг хувь нь тээврийн зардалдаа шингэдэг. Гэтэл тэдгээр улс яаж биднээс хямд нүүрс гаргаж байна вэ. Нүүрс өөрөө хямд үнэтэй, овор ихтэй бараа учир төмөр зам юмуу усан онгоцоор тээвэрлэхэд хамгийн тохиромжтой аж. Нэг удаад 100 мянган тонныг зөөдөг. Харин бид 100 тоннын даацтай машинаар зөөж байна.
Ийм нөхцөлд үнээр өрсөлдөөд ямар ч ашиг алга. Тиймээс яаралтай төмөр зам барих шаардлага байгаа юм. Хоёр дахь зах зээлийг хайгаад ч хэрэггүй. Юугаараа тээвэрлэж хил давуулах, хүргэх билээ дээ. Зам харилцаагаа хөгжүүлж, цаашлаад далайн тээвэртэй болж чадвал бусдын зах зээлийг ч эзлэх боломж бий. Учир нь бидэнд чанар хэмээх том давуу тал байгаа.