Уул уурхайн компаниудын цахилгааны төлбөрийг ирэх сараас эхлэн 30 хувиар нэмэгдүүлэн тооцох болсныг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдлээ. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр хэлэхдээ уул уурхайн компаниуд улсын нийт эрчим хүчний нэлээд хувь буюу 40 орчим хувийг ашигладаг. Тиймээс иргэд, оршин суугчдын цахилгааны төлбөрийг нэмэгдүүлэхийн оронд уул уурхайн компаниудын төлбөрийг нэмэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн тайлбарласан байна. Уул уурхайн цахилгааны төлбөр 30 хувиар нэмэгдэж байгаа бол айл өрхүүдийн хувьд цахилгааны хэрэглээ нь ихэссэн үед 24.86 хувиар нэмэгдүүлсэн тарифаар тооцох аж. Энэ тариф ирэх сарын 5-наас эхлэн мөрдөгдөнө. Гэхдээ өөр улсаас эрчим хүчний эх үүсвэрээ авдаг компаниуд тухайлбал Оюутолгойн хувьд энэ тариф үйлчлэхгүй юм.