Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮҮРСНИЙ ҮНЭ БУУРСАН Ч ИРЭЭДҮЙ НЬ ГЭРЭЛТЭЙ БАЙНА

Манай улсын нүүрсний нөөц өнгөрсөн онд 4.9 тэрбум тонноор нэмэгдсэн. Нийт нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог бөгөөд нэг хүнд ногдох хэмжээгээрээ тэргүүлдэг гэх. Өнгөрсөн онд нийт 31.1 сая тонн нүүрс олборлож 20.5 сая тонныг нь экспортолсон. Ингээд улсын төсөвт 828.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн билээ. Энэ онд экспортод 30  сая тонн нүүрс гаргах төлөвлөгөө бий. Гэвч энэ хэмжээнд хүрч чадахгүй дүр зураг ажиглагдаж байна. Тухайлбал  оны эхний таван сарын байдлаар 6.3 сая тонныг экспортолсон.  Өөрөөр хэлбэл төлөвлөсөн хэмжээнийхээ дөнгөж 18 хувьд хүрсэн  байна гэсэн үг.  Энэ нь урд хөршийн хэрэглээ буурсан, үнэ унасантай холбоотой.  Иймд  нүүрс экспортлогчид он гарснаас хойш эхний  гурван сар бараг ажиллаагүй зогсонги байдалтай байв. Одооноос нүүрсний экспорт бага зэрэг сэргэх янзтай байгаа боловч үнэ ханш нь төдийлөн өсөөгүй юм. Тэгэхээр экспорт нэмэгдэнэ гэдэг эргэлзээтэй.
Нүүрс овор ихтэй, тээврийн зардал өндөр тул  дэлхийн нүүрсний худалдаа Номхон далайн болон Атлантын далайн бүсийн зах зээлд хуваагддаг.  Атлантын далайн зах зээлд хамгийн том нийлүүлэгч нь ОХУ, Колумб, Өмнөд Африк, АНУ юм. Гол хэрэглэгч нь Герман, Их Британи, Итали, Франц зэрэг улсууд. Атлантын далайн бүсийн орнуудын зах зээлд жилдээ дундажаар 574 сая тонн нүүрс борлуулагддаг судалгаа бий.  Тэгвэл Монгол Улс өрсөлдөгч, хэрэглээ ихтэй  Номхон далайн бүсийн зах зээлд нүүрсээ нийлүүлдэг. Энэ зах зээлд жилд дунджаар 832 сая тонн нүүрс худалдаалагддаг ажээ.
Манай улс хамгийн ойр байрлалтай, далайд гарцгүй тул  Хятадад коксжих нүүрсээ худалдаж байна. Урд хөршид манайхаас гадна  Австрали, Индонези, ОХУ, Вьетнам зэрэг улсууд нүүрс  нийлүүлж буй юм.  Иймд энэ бүс нутагт дэлхийн нийт нүүрсний экспортын 67 хувь ногддог. Нүүрсний импортын хувьд ч Номхон далайн бүсийн орнууд тэргүүлдэг. Жишээ нь   Япон, Хятад, БНСУ, Энэтхэг, Тайвань дэлхийн нүүрсний нийлүүлэлтийн 60-аад хувийг эзэлж байна. Япон улсын хувьд хоёр жилийн өмнө жилд 207 сая тонн нүүрс импортолжээ. Тус улсын нүүрсний импорт өсөх хандлага бий гэдэг. Учир нь тус улс нүүрсний нөөцгүй тул зайлшгүй гадаадаас авахаас өөр гарц байхгүй. Хятад улс л гэхэд нийт нүүрсний хэрэглээний 46 хувийг дангаараа эзэлдэг ажээ.  Сүүлийн хоёр жилд  Хятадын  дотоодын коксжих нүүрсний нийлүүлэлт буурсан, тус улсад их хэмжээний нүүрс нийлүүлэгч улс орнуудын зарим уурхай үерийн  улмаас хаагдсан нь манай улсын коксжих нүүрсний экспортод таатай нөхцөл бүрдүүлсэн.  
Гэвч дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр  тус улсын үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлт саарч коксжих нүүрсний хэрэглээ нь буурав. Энэ манай нүүрс экспортлогч компаниудад хүнд цохилт болсон төдийгүй улсын төсөв бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж буй юм. Энэ нөхцөл байдал хэдий хэр хугацаатай үргэлжлэх нь тодорхойгүй байгаа.  Судалгааны байгууллагуудын тооцоогоор нүүрс болон бусад түүхий эдийн үнэ  богино хугацаанд буурна хэмээн үзэж байна.  АНУ-ын Эрчим хүчний яамны мэдээллээр бол урт хугацаандаа коксжих нүүрсний үнэ өснө. Яагаад гэвэл хөгжингүй орнуудын үйлдвэрлэл тэлж буй, хэрэглээ нь нэмэгдэж байгаа аж. Үүнийг дагаад сүүлийн 10-аад жил уналтын байдалтай байсан эрчим хүчний нүүрсний үнэ аажмаар нэмэгдэх хандлага бий гэнэ.
Манай улс нүүрсээ хойд, урд хөршийнхөө далайн боомтуудад хүргэж Япон, Солонгос, Энэтхэг зэрэг орнуудад худалдаалах шаардлага бий. Үүний тулд тээврийн зардлыг бууруулах,  боловсруулж чанарыг нь дээшлүүлэх ёстой.
Нүүрсээ угаагаад экспортолвол нэг тонн тутам нь уурхайгаас олборлоод шууд худалдаалсан үнээс 10-15 ам.доллараар илүү байжээ. Тэгэхээр нүүрс экспортлогчдод бүтээгдэхүүнээ угаах, баяжуулах шаардлага тулгарч буйг зах зээл ийнхүү хэлээд өгч буй юм. Монгол Улсаас экспортод гарч буй нүүрсийг  Гаалийн статистик мэдээлэлд  “Чулуун нүүрс” гэсэн бүтээгдэхүүний ангилалд бүртгэдэг. Иймээс хэдий хэмжээний коксжих, эрчим хүчний, боловсруулсан болон түүхий нүүрс экспортлож байгааг ялгах боломжгүй аж. Харин Хятадын Гаалийн статистик мэдээллээр өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар манай улсын экспортолсон нийт нүүрсний 91 хувийг коксжих, үлдсэн хувийг нь  эрчим хүчний болон хүрэн нүүрс эзэлж байгаа үзүүлэлт гарсан байдаг.
Манай улсын нүүрс олборлолт ойрын жилүүдэд огцом нэмэгдэх төсөөлөл бий. Тухайлбал 2015 он гэхэд жилд 50 орчим сая тонн нүүрс экспортолно гэсэн тооцоо гарсан. Үүнд “Эрдэнэс Таван толгой” компанийн Зүүн, Баруун Цанхийн уурхайнууд гол үүрэг гүйцэтгэх аж.
Өнөөдөр эрчим хүчний нүүрс нь овоолго болон үлдэж буй. Учир нь үнэ хямд, тээврийн зардлаа ч нөхөж чадахгүйтэй холбоотой. Нөгөө талаар Хятадын хойд мужууд эрчим хүчний нүүрсний нөөцөөр баялаг юм. Тэгэхээр тээврийн зардлаа бууруулаад, бүрэн боловсруулалт хийвэл үнэд хүрэх боломж бий гэнэ.   
Олон улсын судалгааны байгууллагуудын  судалгаагаар Таван толгой ордоос Гашуунсухайтын  хилийн боомт  хүртэл нэг тонн нүүрс тээвэрлэх зардал шороон замаар 0.07 ам.доллар, засмал замаар 0.055 ам.доллар, төмөр замаар 0.030 ам.доллар  байна. Эндээс үзэхэд нүүрсээ төмөр замаар тээвэрлэвэл тээврийн зардал нь хоёр дахин буурах нь.
Нөгөө талаар манай улсын нүүрс зөөж буй авто машин Хятадын хил нэвтрэх эрхгүй аж. Иймд хил дээр очоод хятадын талын ачааны машинд шилжүүлэн ачдаг. Энэ зардал нь нэг тонн нүүрсэнд хоёр ам.доллар байгаа юм.  
Хэдийгээр нүүрсний үнэ хямдхан байгаа ч манай улс төмөр зам, цахилгаан станцаа яаралтай барих нь чухал болоод байна. Ингэснээр нүүрсээ бүрэн боловсруулах үйлдвэрийн эрчим хүчтэй болно. Мөн  хямд зардлаар тээвэрлэж  зах зээлд хүргэх боломж нээгдэнэ. Цаашдаа  дэлхийн нүүрсний хамгийн их хэрэглээтэй Номхон далайн бүсийн зах зээл дээр хүчтэй өрсөлдөгч болох бололцоо бий ажээ.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан