“Оюу толгой” компанийн зэсийн баяжмалаа экспортлох өдөр хоёр дахь удаагаа хойшиллоо. Өмнө нь, энэ сарын 14 байснаа 21-ний өдөр болж хойшилсон. Харин өнгөрсөн баасан гарагт бас л тодорхойгүй хугацаагаар хүлээх болжээ. Тус компанийн зүгээс “Засгийн газрын хүсэлтээр энэ удаа зэсийн баяжмалын экспорт хойшиллоо. Гэхдээ төлөвлөгөө ёсоор энэ сард багтааж анхны экспортоо хийнэ” хэмээсэн билээ. Дашрамд дурдахад, эхний удаа “Рио Тинто” компанийн хүсэлтээр хойшилсон гэдэг. Харин Уул уурхайн яамнаас “Оюу толгой” компани зэсийн баяжмалын экспорт хойшлуулсан нь Монгол Улсын төр засагтай ямар ч холбоогүй. Тус компаниас шалтгаалсан” гэж мэдээллээ. Тэгэхээр экспорт хойшилсон шалтгаан нь тус компанийн бүтээгдэхүүн борлуулах гэрээнээс болсон байна. Өөрөөр хэлбэл, Бүтээгдэхүүн борлуулах гэрээгээ Төлөөлөн удирдах зөвлөлдөө танилцуулж батлуулаагүйгээс экспорт нь ийнхүү хойшилсон хэрэг.
Зэсийн баяжмалын Борлуулалтын гэрээний үнийн дүн нь ойролцоогоор найман тэрбум ам.доллар болж буй ажээ. Иймд Монгол Улсын Компанийн тухай хуулийн 88.1-д зааснаар их хэмжээний үнийн дүн бүхий гэрээ хэлцэлийг тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь танилцаж батлах ёстой аж. Гэтэл Бүтээгдэхүүн борлуулалтын гэрээгээ Монголыг төлөөлж суугаа ТУЗ-ийн гурван гишүүнд үзүүлж батлуулаагүй байна. Энэ нь, Монголын Компанийн тухай хууль болон Компанийн засаглалын олон улсын стандартуудыг зөрчсөн гэж үзэж болох нь.
“Оюу толгой”-д Монголын талын ТУЗ-ийн гишүүдэд Борлуулалтын гэрээний төслөө хуульд заасны дагуу танилцуулж хэлэлцүүлэхийг бараг жилийн өмнөөс шаардсан ч одоо хүртэл хэрэгжээгүй нь энэ. “Рио Тинто” болон “Оюу толгой” компанийн удирдлагууд Монгол Улсын хууль, тогтоомж, байгуулсан гэрээнийхээ зарим заалтыг зөрчсөн төдийгүй ил, тод хариуцлагатай уул уурхайн зарчимд харшилсан байдал үргэлжилсээр байгаагийн илрэл ч гэж хэлж болохоор. Энэ байдлаас болоод анхны хөрөнгө оруулалтын зардлын их хэмжээний хэтрэлт, төслийн хоёр дахь үе шатны санхүүжилт, төрд төлөх роялтигийн 30-40 хувьтай тэнцэх менежментийн төлбөрийн маргаантай асуудлууд шийдлээ хүлээсээр буй.
Үүнээс гадна “Оюу толгой” компани борлуулалтын орлогоо татваргүй бүс /оффшор бүс/ дэх дансандаа шилжүүлэх аж. Оффшор бүс гэдэг нь эхэлж бүртгүүлэхдээ л бага хэмжээний татвар төлдөг, дансанд орж буй орлогынхоо “далан булчирхайг тоочихгүй” онцлогтой. Улс, үндэстэн дамнаж дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд энэ бүсэд бүртгэлтэй байдаг. Учир нь, үйл ажиллагаагаа явуулж буй тухайн улсынхаа татвараас зайлсхийж, санхүүгийн бүх тайлан тэнцлээ гаргаж өгөх шаардлагагүй болдог аж. Товчхондоо, дэлхийн хамгийн бага татвар төлнө гэсэн үг.
“Оюу толгой” компани хэрэв зэсийн баяжмалаа борлуулах гэрээгээ Монголын талд танилцуулахгүй тохиолдолд Монголын банкны дансаар дамжуулах ёстой гэсэн байр суурь төр засгаас баримталж байгаа ажээ. Эдгээр шалтгааны улмаас зэсийн баяжмалын экспорт энэ удаа хойшлов. Уул уурхайн яамны мэдээллээс үзвэл “Оюу толгой”-н зэсийн баяжмалын экспортыг хойшлуулах саналыг Засгийн газраас албан ёсоор тавиагүй. Харин хууль зөрчихгүйн тулд экспортын нээлтэд Засгийн газрын төлөөлөл оролцох боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Үүнийг “Оюу толгой” Засгийн газрын хүсэлтээр хойшлууллаа хэмээн мэдээлснийг үйгүйсгэв.
Монгол Улсын төр засаг, Ерөнхий сайд, Уул уурхайн сайд “Оюутолгой”-н экспортыг эхлүүлэхийг дэмжиж байгаа. Гагцхүү ямар ч үйл ажиллагаа хуульд нийцэх учиртай хэмээн үзэж байна.