“Авто тээврийн хэрэгсэл, шатахуунаас үүдэлтэй бохирдлыг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гарагт боллоо. Хэлэлцүүлэгт авто тээврийн хэрэгслийн бохирдлыг бууруулах бүтээгдэхүүний талаар “Жим вейл” компанийнхан танилцуулан, илтгэл тавьсан нь сонирхол татав. Тэд импортоор орж ирж буй шатахууныг баяжуулснаар автомашинаас ялгарах хорт утааг 98 хувиар бууруулах боломжтой гэж үзжээ. Энэ талаар тус компанийн захирал Ө.Батмөнхөөс тодрууллаа.
-Танай компани ямар бүтээгдэхүүн оруулж ирэх вэ?
-Манай компани шатахуун, моторын тостой хольж хэрэглэдэг хоёр төрлийн бүтээгдэхүүн оруулж ирэх юм. Бид моторын тостой хольж хэрэглэдэг бүтээгдэхүүнийг нь жижиглэнгээр худалдаалах бодолтой байна. Харин хоёр дахь бүтээгдэхүүнээр Монгол Улсад импортоор орж ирж байгаа бүх төрлийн шатахуун, түлшийг гааль дээр нь баяжуулан оруулж ирэх юм. Тэгэхээр иргэд худалдаж авах шаардлагагүй. Шатахууныг Евро-4 стандарттай тэнцэхүйц баяжуулан Монгол руу оруулж ирнэ. Бид шатахуун импортлогч байгууллагуудтай хамтарч ажиллана. Ингэснээр авто тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг 98 хувиар бууруулахын зэрэгцээ шатахууныг 8-28 хувиар хэмнэдэг. Бүх төрлийн дизель түлш, шатахуун, мазутад ашиглаж болно. Бидэнд гагцхүү төрийн дэмжлэг хэрэгтэй байна.
-Бүтээгдэхүүнээ хаанаас оруулж ирж байна вэ?
-АНУ-ын Калифорни мужид байрладаг нано технологийн салбарт дэлхийд эхний 25-д ордог байгууллагаас манай компани албан ёсны борлуулагчийн эрхтэйгээр оруулж ирэхээр болсон.
-Бүтээгдэхүүнээ хэдийнээс нийлүүлж эхлэх вэ. Ямар хөдөлгүүртэй автомашинд тохирох вэ?
-Бүтээгдэхүүнээ түрүүчээс нь эхлээд ачуулсан. Гэхдээ хэдийнээс оруулж ирэн баяжуулсан шатахуунаа Монголд нийлүүлэх вэ гэдгийг төр засгийн төвшинд ярилцаж байж шийдэх байх. Бүх төрлийн шингэн шатахуунд тохирно. Хийн хөдөлгүүртэй автомашин ч баяжуулсан шатахуун хэрэглэж болно.
-Төртэйгөө хамтарч ажиллах хэрэгтэй байна гэсэн. Ямар асуудлаар дэмжлэг хүсч байгаа юм бэ?
-Бидний оруулж ирэх бүтээгдэхүүнийг Монгол Улсад хэрэглэх, нөгөөтэйгүүр агаарын бохирдлыг бууруулахад хууль эрхзүйн, гаалийн болон НӨАТ-ын таатай орчин бүрдүүлж өгөхийг төр засгаас хүсч байна. Засгийн газраас цахилгаан хөдөлгүүртэй авто тээврийн хэрэгслийг гаалийн татваргүй болгосон. Хуульд шингэн шатахуун болон баяжуулсан гэсэн заалт байдаггүй юм билээ. Үүнийг тодотгож өгөх хэрэгтэй байна. Уг бүтээгдэхүүний нэг литрийг нь 216 мянган төгрөгөөр оруулж ирэхээр төлөвлөсөн. Энэ нь, дэлхийн зах зээлийн дундаж үнээс 40 хувиар, Монголынхоос дөрөв дахин бага үнэтэй байх юм.
-Нэг литр бүтээгдэхүүн хэчнээн тонн шатахууныг баяжуулах вэ?
-Нэг литр нь 10 мянган литр бүтээгдэхүүн баяжуулдаг. Монгол Улс ойролцоогоор 15-17 чингэлэг бүтээгдэхүүний хэрэглээтэй юм билээ.