Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УУЛ УУРХАЙ МӨНГӨ ОЛЖ, ДЭД БҮТЭЦ МОНГОЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ

Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жи­лүүдэд хоёр оронтой тоо­гоор илэрхийлэгдэх болсон. Тухайлбал, 2011 онд статис­тикийн мэдээллээр ДНБ  нэрлэсэн дүнгээр 10.8 их наяд төгрөгт  буюу 7.8 тэрбум ам.долларт  хүрсэн билээ. Энэ нь  өмнөх  оноосоо  28.7 хувиар өссөн үзүүлэлт. Харин бодит эдийн засгийн өсөлт  17.3 хувьтай гарч байв.  Энэхүү өсөлтөд олон хүчин зүйл нөлөөлсөн. Түүний нэг нь уул уурхайн салбар. Тэр үед ашигт малтмалын  үнэ  өндөр,  экспорт огцом нэмэгдсэн билээ. Ялангуяа нүүрсний экспорт, түүнээс олох орлого “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалынхаас давсан. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл 2010 онд 16.7 сая тонн коксжих нүүрс экспортолсон. Гэтэл дараа жил нь  21.1 сая тоннд хүрсэн байдаг. Мөн төмрийн хүдрийн экспорт 3.6 сая тонноос 5.8 сая тонн болсон юм. Нөгөө талаар эдийн засгийн энэ өсөлтийн 42 хувь нь үйлчилгээ, 41.4 хувь нь бүтээгдэхүүний цэвэр татвар, 16.3 хувь нь аж үйлдвэр, барилгын салбарын өсөлтөд  тус тус ногдожээ.
 Гэвч өнгөрсөн онд урд хөршийн эдийн засгийн өсөлт саарсан тул манай улсын нүүрсний экспорт буурав. Дэлхийн банкны судалгаагаар эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос бууралгүй 12.3 хувьтай хадгалагдан үлдсэн байна. Хэдийгээр ашигт малтмалын үнэ тогтворгүй байдаг ч дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр үнийн савалгаа жирийн үеийнхээс илүү хүчтэй байгаа юм. Гэхдээ эдийн засгийн  хямрал мөнх үргэлжлэх зүйл биш. Дэлхийн эдийн засаг сэргэж ашигт малтмалын хэрэглээ нэмэгдэж үнэ өсч л таараа. Үүнээс гадна дэлхийн хүн ам жил бүр нэмэгдэж буй болохоор  бүх төрлийн түүхий эдийн эрэлт хэрэгцээ өсөх нь гарцаагүй.
Эдүүгээ Монгол орон зэс, алт, нүүрс болон бусад ашигт малтмалаа олборлож эдийн засгийн өөрчлөлтийн огтлолцол дээр ирээд байна.  Жишээлбэл, дэлхийн хамгийн том таван зэсийн уурхайн нэг Оюу толгойн барилга байгууламжийн ажил  эхэлсэнээр өнгөрсөн хоёр жилд  манай улсын  эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрэхэд чухал нөлөө үзүүлсэн. Тус уурхайн манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө ирээдүйд улам өснө. Учир нь Оюу толгойн  уурхайн баяжуулах үйлдвэрээс жилд дунджаар  450 мянган тонн зэс, 330 мянган унци алт гарна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэх тооцоо бий.  Ингээд 2020 он гэхэд эдийн засгийн өсөлт 35 хувиар өсөх хандлага байна.  Энэ үед уг төсөл манай улсын эдийн засгийн гуравны нэгийг бүрдүүлэх хэмжээнд хүрнэ гэсэн тооцоо гарсан байдаг. Мөн нийгмийн хөрөнгө оруулалтад ч хувь нэмрээ оруулж буй. Жишээлбэл өнгөрсөн онд л гэхэд 27.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн дагуу 2010-2015 онд 126 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх юм.
Үүнээс гадна нөөцөөрөө  бас л гайхагддаг  коксжих нүүрсний Таван толгой ордоо ашиглаж эхэлсэн. Таван толгой орд өнөөдөр нүүрлээд байгаа өрийн хямрал, нүүрсний үнийн уналтыг даван туулчихвал эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос ер буухгүй. Мөн  газрын тос, төмрийн хүдэр, газрын ховор элемент, жонш гээд бусад ашигт малтмал ч мөчөөгөө өгөхгүй эдийн засгийг  дэмжих болно.                 
Гэхдээ олон бэрхшээл, түм буман асуудал  уул уурхайг байнга дагадаг.  Хамгийн гол нь зөв зохион байгуулалт ухаалаг бодлого явуулах нь чухал бөгөөд Монголын өнөөгийн хүн ам, ирээдүй хойч үеийн аж амьдралыг тэтгэж хүсээд буй хөгжилдөө хүрэх билээ. Үүний тулд зайлшгүй анхаарах нэг зүйл бий. Байгалийн нөөц баялагтай,  түүнийгээ олборлож худалдаад хөгжил дэвшилд хүрнэ гэвэл эндүүрэл болдог.
Ёстой нөгөө сэрүүн зүүд гээч нь юм. Асар их баялагтай ч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй улс орон олон. Нөөц баялгаа зөв ашиглаад хөгжилд хүрсэн, хүрч байгаа улс ч олон бий. Харин зөв ашиглаж чадаагүй улсуудын жишээнээс  эдийн засагт  “баялгийн хараал” гэсэн нэр томъёо гарсан.  Энэ нь уул уурхайн үйлдвэрлэл эдийн засгийн бусад салбаруудтай төдийлэн холбогдохгүй хол хөндий байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаас гаралтай эдийн засгийн өсөлт бусад салбарын хөгжилд шууд нөлөөлөхгүй, ажлын байр олноор бий болгодоггүйг илт­гэнэ.  Хамгийн ноцтой асуудал нь ашигт малтмалын баялгаас орж буй орлого нь авлигыг гааруулах аюултай.  Ялангуяа манай улсын хувьд эдийн засаг нь ашигт малтмалаас хэт хамааралтай байгаа нь авлига цэцэглэх  эрсдэл улам өндөр болж буй хэрэг юм.
Тэгэхээр “баялгийн ха­раал”, авлиглаас зайлс­хийх, эдийн засгаа өргө­жүүлж  бусад салбараа дэм­­жих арга нь дэд бүтэц, бо­ловс­рол, эрүүл мэндийн сал­барт  уул уурхайгаас олж байгаа орлогын чамгүй хэс­гээр хөрөнгө оруулалт хийх учиртай. Ингэснээр дэл­хийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унасан ч эдийн засаг эрсдэл бага, орон нутагт ажиллаж амьдрах боломж бүрдэж, иргэд хөрөнгө оруулалт хийх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж ажлын байр олноор бий болно.
Үүний тулд нэн түрүүнд  хэд хэдэн цахилгаан станц барьж бүх аймаг сумын төв, сууринг байнгын цахилгаантай болгох, хооронд нь авто замаар холбох чухал юм. Нөгөөтэйгүүр ашигт малтмалаа тээвэрлэх хүнд даацын хатуу хучилттай зам, төмөр зам, боловсруулах үйлдвэрүүд байгуулах шаард­лага тулгарч байна.  Иймд ол­сон мөнгөө үрэхдээ юунд эх­лээд зарцуулах вэ гэдгээ сайтар тунгааж алс хэтээ харахыг энэ цаг үеийн байдал илгэж буй юм. Чухам ингэж байж л хүсч буй хөгжилдөө хүрч чадна. Хамгийн гол нь дэд бүтэцтэй, эрүүл, боловсролтой монгол хүн л хөгжилд хүрэх билээ.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Хамгийн их уншсан