Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Говийн хөрсөнд суулгасан хөгжил дэвшлийн үр

Ээрэм говийн эзгүй хязгаарт их бүтээн байгуулалтын шан татаж ирээдүй хойч, хөгжлийн шавыг тавьж буй “МАК” компанийн бүтээн байгуулалттай танилцахаар хэсэг сэтгүүлчдийн баг Дорноговь аймгийн Мандах сумыг зориод ирлээ. Говь нутагт зуншлага тааруу хөрс нь бараг л цагаанаараа, бороо хур муутайхан байна. Хотоос 540 км зайд орших Цагаан Суваргын зэс мольбединийн орд газар бол улсын хэмжээнд томоохонд тооцогдох стратегийн орд билээ. Бид Элдэвийн уурхайн нөхөн сэргээлт, Хөх цавын цементийн үйлдвэрийн төслийн ажил, Цагаан суваргын төслийн үйл явцтай танилцах маршруттайгаар аялалдаа гарсан юм.
“Элдвийн уурхай”-н нөхөн сэргээлт ирэх цагийн ой хөвч 2013.06.07-ны өглөө 09:00 цагийн орчим хотоос хөдөлсөн бид 14:00 цагийн алдад эхний зогсоол болох Элдвийн уурхайд очиход уурхайн дарга Ж.Банзрагч, Хөдөлмөр хамгааллын инженер Б.Сэргэлэнгийн хамт угтав.

Уурхайн талбайд олборлолтын үйл ажиллагаа, нөхөн сэргээлттэй танилцах учраас юун түрүүнд хөдөлмөр хамгааллын дүрмийн дагуу хамгаалалтын дуулга өмсч, инженер Б.Сэргэлэн аюулгүй ажиллагааны тухай товч танилцуулга хийснээр олборлолтын талбайг зорилоо. “МАК” компани 2006 оноос эл газарт үйл ажиллагаа явуулсан бөгөөд нийтдээ 118 га талбайд олборлолт хийж байгаагийн 60 гаруй га-д нь гурван жилийн хугацаанд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийжээ. Ашигласан карьераас гарсан атвааль буюу овоолго шороогоо шимт хөрсөөр хучин говийн бүсийн цаг агаарын нөхцөлд тэсвэртэй хайлаас, чацаргана, согоовор зэрэг 37 мянга гаруй суулгац тариалсан нь эхнээсээ үр жимсээ өгч эхэлж байгаа аж. Уурхайн олборлолтын талбайн төв хэсэгт хиймэл нуур бий болгож, загас үржүүлгийн ажлыг өнгөрсөн жилээс хийж эхэлсэн ч эхний удаад туршлага дутсанаас уу хараахан нутагшуулж чадсангүй. Харин энэ жил эртхэн хэдэн загас авчрах бодолтой байна гэж уурхайн дарга ярив. Мөн хоёр га газрыг эзлэх нуурын эрэг дагуу 500 гаруй улиас тариалсан нь сайн арчилгаа, тордлогооны хүчинд нэлээдгүй өндөр ургажээ. Анх ногоон байгууламж бий болгохоор бут сөөг тариалж эхэлж байхдаа “БТ” болон “Цэцэрлэгжүүлэлт” компаниудын мэргэжлийн хүний зөвлөгөө зааврын дагуу хийж байсан бол одоо мэргэжлийн цэцэрлэгчнээс дутахааргүй сайн тариаланчид болсон шүү гэж инженер Б.Сэргэлэн нөхөн сэргээлт хийсэн талбайгаар алхаж явахдаа онцлон дурдсан юм. Говь нутагт ус чандмань эрдэнэ болохоор усалгааны ажилд их ус зарцуулахгүйн тулд хучилт хийсэн шимт хөрсөндөө чийг баригч байрлуулсан нь хөрсний чийгийн алдагдлыг 70 хувь бууруулжээ. Манай улсад уул уурхайн салбар хурдацтай хөгжиж гадаад, дотоодын олон компани лиценц эзэмшин ашигт малтмал олборлож байгаа ч нөхөн сэргээлт хийдэг нь цөөхөн. Өөрийн биеэр явж үзсэний хувьд Элдвийн уурхайн нөхөн сэргээлтийн ажилд сэтгэл хангалуун байсныг энд дурдах нь зүйтэй болов уу. Хэдийгээр ашиглах боломжтой нийт нөөцийг нь тогтоосон ч, зөвхөн ил уурхайн зориулалтаар ашиглан төлөвлөгөөний дагуу хийх олборлолт нь бараг дуусч байгаа болохоор нөхөн сэргээлт хийсэн газрын арчилгаа тордлогоо, нуурын загас үржүүлгийн ажлыг сум, орон нутгийн иргэдэд даалган үлдээх нь аж ахуй эрхлэх боломжийг олгож буй хэрэг. Мөн Даланжаргалан суманд 120 хүүхдийн цэцэрлэг барьж өгчээ. Цаашид нуураа түшиглэн амралт сувиллын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн гэнэ. Уул уурхай түшиглэн орон нутгийн иргэдийн ахуй амьдрал ч дагаад сайжирч байгаа нь Элдвийн уурхайд ажиллах Даланжаргалан сумын ард иргэдийн ярианаас илт. Уурхайн нөхөн сэргээх ажлын явцад бий болсон ногоон байгууламж ирээдүйд ой хөвч болон сүндэрлэх цаг удахгүй биз ээ.


“Хөх цав”-ын хөгжил дагуулах цементийн үйлдвэр

Бид уурхайгаас цааш 20 км яваад барилга угсралтын ажил нь ид дундаа яваа Хөх цавын цементийн үйлдвэрт ирлээ. Зам дагаж хөгжил гэдэгчлэн төмөр замаа түшиглэн бий болж буй тус үйлдвэр нь хоногтоо 3000, жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай томоохон үйлдвэр болох аж. Төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орвол 2015 оноос дотоодын нийт цементийн хэрэгцээний 45 хувийг дангаараа хангаж чадахуйц үйлдвэр болох юм гэж талбайн инженер Г.Хатанбаатарыг хэлэхэд сэтгэлд нэг л өег санагдсан. Манай улс жилдээ хоёр сая гаруй тонн цемент хэрэглэдгийн 80 хувь нь урд хөршөөс экспортолдог бөгөөд тус үйлдвэр ашиглалтад орвол Хөтлийн цементийн үйлдвэртэй хамтран жилдээ хоёр сая тонн цемент үйлдвэрлэж, үндэсний хэрэглээний нийт цементийн 70 гаруй хувийг хангах гэнэ. 

Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай туслах түүхий эд болох төмрийн хүдэр, элс, гөлтгөнө зэргийг ойр орчмын 30 км-ийн радиус газраас авах бол гол түүхий эд болох шохойн чулууны нөөц газар нь үйлдвэрээс 13 км-ийн зайд байрладаг юм билээ. Ус бага зарцуулах Дани улсын “FL Smidth” компанийн инженерийн шинэлэг шийдэл бүхий хуурай технологийг Монголд анх удаа нэвтрүүлж буй дээрх үйлдвэр нь Говьсүмбэр аймгийн төвөөс 60 км зайд дэд станцаа байгуулан эрчим хүчээ шийджээ. Тоног төхөөрөмжийн хувьд татан авалтаа хийж дууссан бөгөөд биднийг очиход угсрах суурилуулах ажлаа хийж байв. Үйлдвэрлэл явуулахад ус ердөө ч хэрэглэхгүй зөвхөн ахуйн хэрэглээнд  ашиглана хэмээн үйлдвэрийн удирдлагууд хэлж байлаа. Тус үйлдвэр нь дэлхийн стандартад нийцсэн өндөр маркийн цемент үйлдвэрлэнэ. Сүүлийн жилүүдэд манай улсын барилгын салбар хурдацтай хөгжиж буй болохоор “барилгын талх” хэмээгдэх болсон цементийн эрэлт хэрэгцээ дагаад өсч байгаа. Ийм ч учраас бид үйлдвэржиж, өөрсдөө хөгжиж чадвал улс орны эдийн засгийн ноён нуруу гэлтэй. Эх орон, эдийн засгийн ноён нурууг түшилцэх ирээдүйн цементийн үйлдвэр элсэн говийн уудамд сүндэрлэх цаг удахгүй ирэх болов уу.


Сүүн “Цагаан суварга”-ын орд газар

Цементийн үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцсан биднийг цааш замдаа гарахад 200 гаруй км-ийн урт аялал тосон авав. Цонхны цаагуур хөврөх говь нутгийн байгалийн сайхныг бахдан
Мандах жаргах бүрийдээ
Зэсэн улаан наран
Манхан шаргал говьдоо
Илчээ шингээн ууснаа... хэмээн аян замын ганзагаа ая дуугаараа мялаан явсаар шөнийн нэг цагийн орчим Цагаан Суваргын зэс мольбединийн уурхайн хотхонд хур бороо дагуулсаар очлоо. Урт удаан үргэлжилсэн аян замд алжаасан бидэнд тансаг зэрэглэлийн зочид буудал гэлтэй дотроо халуун ус, боловсон бие засах газар бүхий тусгайлан зассан байр бэлтгэсэн байв.

Биднийг очиход орж эхэлсэн бороо маргааш нь үд хүртэл шивэрч бороо оролгүй удсан говь нутгийн ган тайлж, нутгийн олныг ихэд баярлуулсан. Цагаан Суваргын зэс мольбединийн уурхай нь 250 сая тоннын нөөцтэй бөгөөд жилдээ 300 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай байх ажээ. Өглөө эртлэн уурхайн баруун хойд өндөрлөгт гарч, нийт олборлолтын талбай хийгээд ойр орчимтой танилцаад уурхайн дарга П.Машбаттай яриа өрнүүлсэн юм. Бидний яриа үндэсний үйлдвэрлэл болоод уул уурхайн хөрөнгө оруулалт, хууль эрхзүйн таатай орчин, дутмаг байгаа тухай голчлон өрнөсөн. Манайхан үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж их ярих болсон ч хэрэг дээрээ ажил хэрэг болгож байгаа нь тун ховор. Үндэсний гэх тодотголтой компаниудаа дэмжин ажиллах нь муу байгаа тухай “МАК” компанийн дэд ерөнхийлөгч Б.Нямдаваа дурдаж байсан. Үнэхээр ч тийм юм. Энэ их бүтээн байгуулалт үйлдвэржилтийн ажлыг тус компани зөвхөн өөрсдийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа нь арай л ахадсан ачаа гэлтэй. Гадаадын хөрөнгө оруулалт хийгдээгүй 100 хувь Монгол компани болоод ч тэр үү ажилтан албан хаагчид нь эх орноо гэсэн ихэд үндсэрхэг үзэлтэй санагдсан. Тус төслийн бүтээн байгуулалтад Европын банкнаас 450 сая ам.долларын зээл авахаар гарын үсэг зуржээ. Гэтэл манай уул уурхайн хууль эрхзүйн орчин төдийлэн шаардлага хангахгүй байгаа аж.

Тус баяжуулах үйлдвэр нь дэлхийн брэнд болсон Каттерпиллар-ын техник технологи буюу Азид ганц байх “Cat 994H” загварын түрэгч ковшийг анхлан оруулж ирсэн байна. Энэхүү ковш нь нэг удаагийн хутгалтаараа 15.3 м.куб шороо авах хүчин чадалтай ажээ. Мөн нэг бүр нь 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 220 тоннын белазнууд уурхайн гол ажлыг нугална. 2-3 давхар байшинтай тэнцэхүйц тус белазыг Мандах сумын залуус жолоодож байсан нь ихэд бахархууштай санагдсан. Тэдний нэг Дорноговь аймгийн Мандах сумын иргэн Ц.Цэнд-Очиртой ярилцсан юм. Тэрээр мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй байх үед нь уурхайн белазын операторын ажлыг санал болгосны дагуу Эрдэнэт үйлдвэрийн сургалтад хамрагдаж, одоо жил гаран ажиллаад байгаа гэнэ. Сардаа хоёр сая төгрөгийн цалин авдаг нь томоохон байгууллагын менежерийн хөлстэй дүйх аж. Энэ ажилд орсноос хойш амьжиргааны түвшин сайжирч байна хэмээн ярьсан Ц.Цэнд-Очиртой адил уурхайд жолооч болон ажиллаж буй залуус Мандах суманд цөөнгүй гэнэ.

Дуутай хууртай, хур бороотой бидний аялал эргэн гэрийн зүг хандаж, элсэн говийн дундуур их үдийн нарантай ханилан явсаар үдшийн гялаан хулжих үүрээр нийслэлдээ ирсэн. Улс орны эдийн засаг, уул уурхайн хөгжил цэцэглэлтийн жишиг болсон Цагаан суваргын орд, Элдвийн уурхай, Хөх цавын цементийн үйлдвэрийг зорьсон бидний аялал хувьтай хүн хурнаар гэдэгчлэн гандуу цөлдөм говьд хур бороо дагуулан очсон шигээ эргэн ирэхэд ч бороотой байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан