Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөгжил ярихаасаа өмнө хогоо авц хэлэлцье

Монгол улсын нийслэл Улаанбаатар хот маань нэгэн цагт цэвэр цэмцгэр цэгцтэй сайхан явсан үе бий. Азийн цагаан дагина гэж гадаад, дотооддоо алдаршсан цэгцтэй сайхан хот байлаа. Хүн ард нь хөдөлмөрч, өөрсдийн амьдрах хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж хотоо боловсон тохилог байлгахын үр өгөөжийг ухамсарласан бүхэл бүтэн үе байсан. Одоогийн залуус юуг нь ч үзэж, харсан "Азийн цагаан дагина" гэсэн сүржин, сайхан өргөмж хүртсэнийг ойлгохооргүй цаг иржээ. Яагаад ийм байдалд хүрчихвээ гэж харин хэн ч бодохгүй байх шиг.
Улаанбаатарын минь гудамж талбайд хог дураараа "сэлгүүцэх"-ийг хаанаас ч харж болно. Энэ хог чинь мэдээж хүн таны л хаясан хэрэггүй зүйл. Хог угаас хотжилтыг дагаж бий болсон зүйл. Хотын соёл гэж залуус, хүмүүс их ярьцгаадаг. Олон хүн нэг дор амьдарч байгаагийн хувьд нийтийн соёл, дүрэм, журам байх нь зайлшгүй асуудал. Харин хог бол соёл биш. Энэ бол "хотын бүдүүлэг". Хог хотын төвд ч, хотын захад ч тэр хүрээгүй газар гэж алга. Орон сууцанд амьдардаг иргэд нь пункртээ хогоо хаядаг, тэрийг нь үүрэгт ажилтнууд нь ачаад явчихдаг болохоор хамаагүй гэж бодож байж болох юм. Гэтэл пункр нь хогоо хальж асгарчихсан эсвэл гадуур нь хог хөглөрсөн байдал харагдаж л байдаг. Энэ юунаас үүдэж байна вэ гэвэл барьж яваа хог оо чиглүүлсэн болоод л чулуудчихдаг, хог оо ялгаж салгалгүй бүгдийг нь уутанд хийгээд хаячихдаг ухамсаргүй, боловсролгүй байдлаас бий болж байна.
Харин гэр хороололд бол байдал бүр дордсон. Аль нүднээс далд жалга, судаг байна тэнд хог бялхан байна. Нүднээс далд гэдэг нь хог хаяж байгаа хүн өөрийнхөө нүднээс л зайлуулж байгаа хэрэг. Энэ хог нь салхинд хийсч хаа сайгүү тарна. Хаашааны булан дагаад хөглөрч л байна. Уг нь захиргааны газраас хогийг сар бүр ачиж цэвэрлэж байх ёстой боловч хүн хүч, машин техникийн дутагдалтай байдлаас болоод хугацаандаа хүрч ажиллаж чаддаггүй гэдэг. Энэ байдал нь бүр заримдаа сонгууль зэрэг түүхэн үед эрх мэдэлтнүүдийн өөрийгөө рекламдах арга болж. Байж байж нэг юм хүн хүч дайчилж, хөрөнгө мөнгө зарж үрж энд тэндхийн хогийг ачсан болсныгоо "Би тэдэн сая төгрөг зарж тэндхийн айл өрхийг хур хогноос нь салгалаа. Түүний сацуу төчнөөн ажлын байр бий болголоо" гэж ярьцгаана.
Дээд, доодгүй ухамсрын асуудал нүүрлээд байгааг бүгд ойлгож байна. Үүний дээр хогийн тухай мэдлэг боловсролтой болох шаардлагатай. Ядаж л дахин ашиглагдах хогоо ялгаад сурчих жишээтэй. Хотын төвүүдээр зарим газар дахин ашиглагдах хогийг ялгаж хаях зориулалттай хогийн сав суурилуулсан харагдна билээ. Гэвч хүмүүс ялгаж хаяж байгаа нь ёстой үзэгдэхгүй юм. Мөн ямар хог ямар хор хөнөөлтэйг ч ойлгодог болох хэрэгтэй байна. Хог хаягдлыг ерөнхийд нь хатуу болон шингэн гэж хоёр ангилдаг. Хатуу хог хаягдалд цаас, шил, мод яс, хуванцар метал,  органик болон органик бус бусад хаягдлууд ордог. Чанараар нь бол энгийн, аюултай гэсэн хоёр төрөлд хамааруулна. Аюултай хог хаягдал нь хүн болон амьтан ургамлыг өвчлүүлэх, үр удамд нь сөргөөр нөлөөлөх, агаар ус хөрсөнд тархах зэргээр байгаль орчны тэнцвэрийг алдагдуулдаг. Хатуу хог хаягдалд 100 гаруй химийн нэгдлүүд агуулдаг байна. Үүнээс 4% нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нэгдлүүд болох метан нүүрстөрөгчийн хий, диоксин гэх мэт хорт бодис байдаг. Эдгээр хорт бодисууд нь  хүний   эрүүл мэндэд шууд бус замаар халдварладаг гэж судлаачид хэлж байна. Тухайлбал бохирдсон хөрс нь агаарыг бохирдуулж амьсгалын замын халдварт өвчний шалтгаан болдог. Ханиад, томуу, сүрьеэ өвчнийг нэрлэж болох юм. Хөрс бохирдсоноос үүдэн ургамлаас мал амьтан өвчилж, улмаар хүнд зоонозын халдварт өвчин, боом, татран болон бусад өвчин халдах аюултай байдаг. Ялаа шумуул, хорхой шавьж түүнчлэн оготно хулгана зэрэг мэрэгч амьтад өсөн үржих таатай нөхцөл болдог. Ийм нөхцлөөс шалтгаалан шууд бус замаар тарваган тахал, хулгана яр гарах шалтгаан болно.
Сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Улаанбаатар дэлхийн хамгийн бохир хотоор тодорлоо гэх зэргээр бичиж, ярих боллоо. Азийн цагаан дагина байсан үеийг өвгөд, эмгэд л дурсах болж. Үүссэн нөхцөл байдлаас гарах арга зам нь эрх мэдэлтэн, сайд дарга нарт найдах бус хүмүүсийн боловсрол ухамсарт нөлөөлөх бодлогын чанартай арга, санаачлага хэрэгжүүлэх л байна. Хогийн тухай боловсрол бол байгаль экологийн тэнцвэрт байдал гэх зэрэг том, том асуудлаас эхлээд наанадаж хүн ардын эрүүл мэндэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй юм. Энэ боловсролын тухай асуудлыг хүүхэд, өсвөр насныханд чиглүүллээ гэхэд иргэн бүр өөрийн ухамсрыг дээшлүүлэх хэрэгтэй гэдгээ ойлго. Нэгэнт л хотжин амьдарч, хотжин хөгжиж байгаагийн хувьд хот дагасан асуудлуудаасаа салж байж л хөгжих тухай ярина. Тиймээс хөгжлийн тухай ярихаасаа өмнө хогийн тухай ярьцгаая хүмүүсээ.

Э.Сэр-Од

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан