“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн үйл ажиллагаа хангалтгүй байгааг шүүмжилж, дутагдлаа засахыг Засгийн газраас шаардах түр хороо байгуулагджээ. “Иргэн бүрт-1072” хэмээх нэртэй хороо нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувиас монголчуудын эзэмших хэсгийг хамгаалахад чиглэсэн гэнэ. Хуульч Б.Долгор, “Үнэт цаасны академи”-ийн тэргүүн С.Гэрэлмаа нар тус компанийн дутагдал буюу хууль зөрчсөн үйлдлийг илчиллээ. Тэдний хэлснээр “Эрдэнэс Тавантолгой” компани анх байгуулагдахаасаа л хууль зөрчсөн аж.
Монголын уул уурхайн салбараас иргэдэд ашиг хүртээх зорилгоор компанийн нийт хувьцааны 20 хувийг 2.7 сая хүний нэр дээр хуваан эзэмшүүлсэн. Нийт гурван тэрбум ширхэг хувьцаа. Хүн бүрийн нэр дээр 1072 ширхэг хувьцаа хадгалагдаж байгаа ч үр ашиг гардаггүй нь хамгийн том дутагдал. Нээлттэй компанийн хувьцаа эзэмшиж байгаа бол түүнийгээ олон улсын жишгээр зах зээлд эргэлдүүлж, ашиг олох ёстой. Тодруулбал, хувьцаат компанийн хэлбэрээр сонгосон бол эхлээд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж зөвшөөрөл авна. Хөрөнгийн биржид журмын дагуу бүртгүүлээд зах зээл дээр хувьцаагаа гаргах ёстой. Үүнийг брокер, дилерийн компаниуд, мэргэжлийн зуучлагч байгууллагууд ард иргэдийн нэрийн өмнөөс ажиллаж үр өгөөжийг өгдөг. Гэтэл энэ бүхэн “Эрдэнэс Тавантолгой”-д огтхон ч алга.
Компанийн тухай хуульд “Хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож, хэлэлцэх эрхтэй” гэж 3.3-т заасан байтал одоог хүртэл хувьцаа эзэмшигчид эрхээ эдэлж чадаагүй. 10.1-т зааснаар “Үнэт цаас гаргагчийн үүрэг нь: хагас жилийн болон аудитын байгууллагаар баталгаажсан жилийн эцсийн санхүүгийн тайлан, тэнцэл хугацаанд нь гаргах” аж. Б.Долгорын хэлснээр “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаа эзэмшигч энгийн иргэд энэ талаар мэдээлэл авах боломж олдоогүй байна. Гуравдугаарт, Компанийн тухай хуулийн 60.3-т заасан нь “Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлыг компанийн санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна” гэснийг мөн зөрчжээ гэв. Хэрэв хуралдуулсан бол хэвлэл мэдээллээр танилцуулах байсан гэж тайлбар хийлээ. Үүний дараа 63.1 дүгээрт заасан “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах” зэрэг эрхээ хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл одоог хүртэл эдэлж чадаагүй аж. Түүнчлэн хувь нийлүүлэгчдийн хурал хуралдаагүй байхад сонгогдсон гэх ТУЗ нь хүчин төгөлдөр бус, хувь нийлүүлэгчдийн хурал хуралдсан байлаа ч ард түмний төлөөлөл ороогүй тул хүчин төгөлдөр бус гэх гаргалгаа хийв. Үүнээс улбаалан одоо ажиллаж буй ТУЗ-ийн гаргасан шийдвэр, тогтоол болон үйл ажиллагаа хүчин төгөлдөр биш гэдгийг шулуухан хэллээ. Хуульч Б.Долгортой хамт мэдээлэл хийсэн “Үнэт цаасны академи” ТББ-ын тэргүүн С.Гэрэлмаагийн үзэж буйгаар “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ хууль бус учраас Компанийн тухай хуулийн 86, 97 дугаар зүйлд тусгасан шаардлагууд, Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Үндсэн хуулийг давхар зөрчсөн ажээ. Тиймээс 2.7 сая иргэний эзэмшиж буй компанийн үйл ажиллагааг тэгшитгэж, булхайг нь илчлэн засахаар “Иргэн бүрд-1072” хэмээх түр хороо байгуулсан гэлээ. Энэхүү шаардлагаа Монгол Улсын Засгийн газарт өчигдөр хүргүүлэхээр болсон юм.
Дээрх дутагдлыг анзаарч, засахыг холбогдох албаны хүмүүст байнга хэлж ирсэн боловч тусыг олоогүй. Тиймээс өнөөдөр түр хороо байгуулж ажиллаж байгаа аж. Нэгэн үеэ бодвол монголчууд хувьцаа, түүнээс хэрхэн ашиг олохоо мэддэг болчихсон.
Гэвч өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” дотор юу болж байгааг мэдэхгүй учраас мэргэжлийн хүн ч яахаа учраа олохгүй суугаа. Орон нутгаар явбал “1072 хувьцаа маань юу болж байна” гэж асуух хүн олон байдаг нь үүнийг батална. Түүнчлэн оюутны сургалтын төлбөртөө хувьцааны мөнгөнөөс зарцуулсан залуус ажилтай болоод хувьцаагаа эргүүлэн авах болжээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 100 шахам хүн хувьцаагаа эзэмшсэн байна. Нийтдээ 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй 710560 хүн байгаа бол 11691 иргэн 536 хувьцааг нэр дээрээ хадгалж байгаа аж. Түүнчлэн сүүлийн үед компани, аж ахуйн нэгжүүд хувьцаагаа буцаах болсон. Нэр дээрээ 36240 ширхэг хувьцаа эзэмшиж байсан 1525 аж ахуйн нэгжээс ”Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” төрийн өмчит компанид 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Гэвч энэ нь төсөөлж байсан дүнд хүрээгүй тул компаниудын мөнгийг дэмий хадгалахаас аргагүй болсон гэж эх сурвалж мэдээлж байна. Иймээс аж ахуйн нэгжүүд ҮЦТТТХТ-д мөнгөө дэмий байлгахаас татгалзаж, хувьцаагаа буцааж эхэлжээ. Засгийн газар нэрлэсэн үнэ буюу ширхэг хувьцааг 933 төгрөгөөр тооцон авсаар одоо 840 нь хувьцаагаа буцаасан гэнэ. Нийт компанийн 50 гаруй хувь нь хувьцаанаасаа татгалзсан нь “Иргэн бүрд-1072” түр хорооныхны санааг зовоож байгаа аж. Нөхцөл байдал ийм болсон тул цаашид эрчимтэй тэмцэж, хувьцаа эзэмшигч иргэн бүрийн эрх ашгийг хамгаална гэлээ.