Татварын ерөнхий газрын татвараа төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагуудын жагсаалтад сүүлийн үед хэвлэлээр “од” болоод байгаа “Алтайн хүдэр” компанийн нэр цохиж явна. Тус жагсаалтыг “Монголын алт” компани тэргүүлж байгаа бол “Алтайн хүдэр” аман хүзүүдсэн байна. Тус компани Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид захирагдан хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байгаа гэдэг хэдий ч өнөөдөр улсад 15642246.4 (мян төг) төгрөгийн өрөө төлөөгүй нэхэл дагал болсоор байгаа аж.
Гэтэл дээрээс нь тус компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд тавих хяналт муугаас авто ослын тоо хэрээс хэтэрч байгаа сурагтай. Авто ослоос болж долон хүн алтан амиа алдсан тухай өнөөдөр цахим хэвлэлээр нийтлэгдэж байна. Ажлаа хийж байгаад хорвоог орхин ар гэрийнхэнд нь нөхөж барашгүй гарз гарч олон аавын хүү, охин өнчрүүлсэн тус компани хэзээ хяналт шалгалт нь сайжирж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх юм бэ.
Ер нь орон нутагтаа хийгээд компанийн нийгмийн хариуцлага муу гэж тус компанийн үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн иргэд ам муутай байдаг тухай хэвлэл мэдээллээр удаа дараа нийтлэгдсэн ч өнөөдрийг хүртэл дутагдлаас ангижирч чадахгүй л байна. Уг нь 168 км хатуу хучилттай зам барьж, экологид ээлтэй үйл ажиллагаа явуулна хэмээн аман дээрээ бардам хэлдэг ч өнөөдөр байдал газар дээрээ эсэргээрээ байгаа гэнэ. Угтаа бол энэ зургадугаар сард ашиглалтад оруулах тухай Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас үүрэг өгсөн байдаг аж. Гэвч ажил нь дуусаагүй л байгаа гэх. Тус компанийнхан Говь-Алтайд бүтээн байгуулалт хийж орон нутгийн иргэдэд ажлын байраар дэмжлэг үзүүлэн амжиргааг нь дээшлүүлдэг, улсад татвараа үнэнчээр төлдөг гэдэг ч өнөөдөр байдал ийм л байна. Тиймээс зөрчил дутагдлаасаа ангижирдаггүй энэ компанийг холбогдох яам, албаныхан анхааралдаа авах хэрэгтэй болжээ.
1. 2010 онд тус компанийн Норд Бенц маркийн хоёр машин мөргөлдөж, нэг хүний амь нас эрсджээ. Тус хэрэгт 2010 оны нэгдүгээр сарын 19-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг байна.
2. Мөн 2010 онд Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг Шар сайр гэдэг газарт “Алтайн Хүдэр” компанийн хоёр машин мөргөлдөж 2010 оны есдүгээр сарын 28-нд эрүүгийн хэрэг үүсч байжээ.
3. 2011.07.27-нд Бугат сумын нутагт “Алтайн Хүдэр” ХХК-ийн 69-20 УНН улсын дугаартай 2206 /пургон/ маркийн автомашин онхолдож, их хэмжээний хохирол учирсан.
4. 2011.09.05-нд Дэлгэр сумын баруун талын шороон зам дээр “Алтайн Хүдэр” ХХК-д ажиллаж байсан “Моннис” компанийн ниссан пикап маркийн автомашин онхолдож нэг зорчигч нас барсан.
5. 2011.09.03-нд Бугат сумын нутаг Алаг нуурын говь гэх газар “Алтайн Хүдэр” ХХК-ийн 58-09 УБЭ улсын дугаартай зогсч байсан автомашины араас 40-32 УНР улсын дугаартай Норд Бенц маркийн автомашин мөргөж нэг жолоочийн хөл хугарсан.
6. 2012 онд Бугат сумын нутагт “Алтайн Хүдэр” ХХК-ийн Норд Бенц машин чиргүүлийн араас мөргөж Г-ийн хөл хугарсан, 2012 оны нэгдүгээр сарын 30-нд эрүүгийн хэрэг үүссэн.
7. Есөнбулаг сумын “Сайн яваарай” хаалганы дэргэд “Алтайн Хүдэр” ХХК-ийн ачааны хоёр машин мөргөлдсөн, 2012 оны гуравдугаар сарын 14-нд эрүүгийн хэрэг үүссэн.
8. Алтай сумын нутагт Алтайн хүдэр ХХК-ны ачааны хоёр машин мөргөлдсөн, 2012 оны гуравдугаар сарын 23-нд эрүүгийн хэрэг үүссэн
9. Цээл сумын Алаг нуурын говьд машин мөргөлдөж О-ын хөл хугарсан, 2012 оны долоодугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн 215.2 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүссэн.
10. “Алтайн Хүдэр” ХХК-ийн Хонхор заг дахь ШТС-аас дизель түлш алдагдсан, энэ хэрэгт 2012 оны наймдугаар сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг байна.
11. Цээл сумын Таян нуурын уурхайгаас 41 км зайд Патрол машин машины араас мөргөсөн, 2012 оны 9 сарын 11-нд эрүүгийн хэрэг үүссэн.
12. 11-76 УНК дугаартай Норд Бенц машины араас мөргөж А гэгч нас барсан, Эрүүгийн хуулийн 183.1 дэх заалтыг үндэслэн 2012 оны 10 дугаар сарын 14-нд эрүүгийн хэрэг үүсчээ.
13. 2012 оны 10 дугаар сард хоёр машины дунд хавчуулагдаж гэмтэл авсан, энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг байна.
14. “Алтайн Хүдэр” ХХК-ийн ажилтан Ө гэгч кран, төмөр хоёрын завсар хавчуулагдаж хөлөө гэмтээсэн, эрүүгийн хуулийн 97.1, 183.1 дэх заалтаар 2012 оны 10 дугаар сарын 17-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн
15. Алтай сумын нутагт Тулга толгой гэх газар “Алтайн Хүдэр” ХХК-ийн Ланд 200 маркийн машин ачааны машинтай мөргөлдөж хоёр хүн нас барсан, Эрүүгийн хуулийн 215.4 дэх заалтыг үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 17-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн.
16. 2013.03.05-нд “Алтайн Хүдэр” ХХК-д ачаа тээвэрлэж явсан машины жолооч кабиндаа дарагдаж нас барсан, Эрүүгийн хуулийн 215.3 дахь заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэсэн.
17. Төгрөг сумын нутагт “Алтайн Хүдэр” ХХК-ийн Ланд 200 маркийн машин 12-77 ГАА дугаарын hailux маркийн машинтай мөргөлдөж нэг хүн нас барсан, нэг хүн хүнд гэмтэл авсан тул 2013 оны гуравдугаар сарын 07-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн баримтууд цагдаагийн газарт хадгалагдаж байна.