Туул голын лусууд өнгөрсөн долоо хоногт ахин амиа “хорлосон” нь олныг цочирдуулсан. Эл мэдээллийн мөрөөр Туул голын сав газрын захиргаа, ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн загас судлаач, доктор Б.Мэндсайхан, эрдэм шинжилгээний ажилтан Б.Сэнжим нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан байна.
Тэдний дүгнэлтээр Маршалын гүүр орчмын Туул голын ёроол, гольдролыг ухаж 25-30 м радиуст 1.8-2.5 м гүнтэй цүнхээл үүсгэсэн нь загас болон мэлхий үхэх гол шалтгаан болсон гэнэ. Учир нь, цүнхээлийн ёроолд урсгалгүй тогтонги орчин буй болсноос ус нь бохирдож, амьтад гарч чадалгүй тэндээ хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн байх магадлалтай гэж ажлын хэсэг үзжээ. Нөгөөтэйгүүр, хүний үйл ажиллагаатай холбоотойгоор тус голын хэмжээ олон жилийн дунджаас багассан нь загас байтугай мэлхийний ч амьдрах орчинг устгаж үгүй болгож буйг харуулна.