Монгол Улсын иргэн учраас би Өмнөговь аймгийн Таван Толгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцаа эзэмшдэг. Тэгэхдээ ганц хоёрхон ч биш. Бүр 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхийг улс олгосон. Монгол хүн бүр адил тэгш эрх, үүрэгтэй байх Үндсэн хуулийн зарчмаар бид 1072 ширхэг хувьцаа эзэмшигч. Одоохондоо хувьцаа маань “амь ороогүй” байгаа ч ирээдүйд том хөрөнгө оруулалт болно гэж эдийн засагчид тайлбарладаг. Таван Толгойн ордын Зүүн Цанхийн талбайд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааны тухай нэг хэсэг шуугиад байсан бол одоо төдий л авч хэлэлцэхгүй, нэг л тоохгүй байх шиг. Магадгүй, УИХ-ын сонгуулийн өмнөх улс төрийн намуудын шоуны нэг сэдэв болж хэсэгтээ олны анхаарлын төвд орсон байж болох. Гэвч одоо энэ талаар эргэж хөндөх болсон нь учиртай. Төрийн өндөр албан тушаалтнууд 2012 онд хэдий хэмжээний хөрөнгө хуримтлуулсан тухай тайлан нийтэд ил болоод удаагүй байна. Тэр дундаас нэг зүйл дээр нүд гүйгээд өнгөрсөнгүй.
Зарим албан тушаалтан бидэнд олгосон тэнцүү хүртэх зарчмаас гажиж “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг илүү хэмжээгээр авчээ. Чухам ямар аргаар ингэж олон тооны хувьцаа олж авсан нь сонирхолтой биш гэж үү. УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд, агентлагийн дарга нарын дунд “Эрдэнэс Таван Толгой”-н маш олон ширхэг хувьцаатай хүн цөөнгүй байна.
Маш олон гэдгийг 1072 ширхэг буюу улсаас үнэ төлбөргүйгээр эзэмшүүлсэн тооноос хавьгүй олон гэж тодотгох нь зөв байх.
УИХ-ын гишүүн А.Бакей 3752 ширхэг, УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2144 ширхэг, УИХ-ын дэд дарга М.Энхболд 2144 ширхэг, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 5360 ширхэг, УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Гантөмөр 5360 ширхэг, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 2144 ширхэг, УИХ-ын гишүүн Я.Содбаатар 4288, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар 2144 ширхэг, УИХ-ын гишүүн Н.Энхболд 1512 ширхэг хувьцаатай гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичжээ. Харин УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаатай боловч тоог нь нарийвчлан бичээгүй байна. Зарим гишүүн тоо ёсоор 536 эсвэл 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ. Дэд сайд нараас ҮХАА-н дэд сайд Ц.Туваан 3192, Б.Цогтгэрэл 2812 ширхэг хувьцаа эзэмшдэг юм байна.
Мөн агентлагийн дарга нарын дунд ч гэсэн олон тооны хувьцаатай хүн цөөнгүй харагдлаа.
УИХ-ын 2010 оны долдугаар сарын 7-ны өдөр баталсан 39 дүгээр тогтоолд “Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 10 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлнэ” гэж заасан. Эхний ээлжинд гэж байгаа боловч дараагийн ээлжийн ажил эхлээгүй байгааг онцлох хэрэгтэй биз ээ.
Монгол Улсын Үндсэн хуульд ч гэсэн хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна хэмээн тусгасан байдаг. Гэтэл албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд ямар арга, замаар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг илүү олноор нь эзэмшээд байна вэ. Худалдаж, шилжүүлэх ямар ч эрх нээгдээгүй байхад зарим нь бүр 5360 ширхэг хувьцаатай болсон байх юм. Харин дугаар хорооны иргэн Дугар гуай 1072 ширхэг хувьцааныхаа дансыг ч нээлгээгүй, “нөгөөх маань дашийн шог болсон байх даа” гэж яваа.
Юу юугүй хөрөнгийн зах зээлийн таатай боломжоо бүрдүүлчихээд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжиж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар холбогдох албаны хүмүүс бэлтгээд завгүй байгаа энэ үед 1072 ширхэг хувьцаа чинь байна уу, үгүй юү гэдгийг шалгаад үзэхэд гэмгүй болов уу. Магадгүй, зарим нэгийнх нь авах эрхийн урдуур өөр хэн нэгэн хөндөлсөөд өөрийн болгочихсон юм биш байгаа. Нэгж үнэ нь 933 төгрөгөөр үнэлэгдсэн энэ хувьцаа чинь ирээдүйд томоохон капитал болох ч юм бил үү.
Мэдээлэлд ойр байдаг албан тушаалтан, эрх мэдэлтнүүд ингэж олноор нь хувьцаа авсныг харахад зүгээр ч нэг цуглуулга төдий биш байж мэдэх юм.
Хэдийгээр одоо өр ширэнд баригдаж, зутруухан ажиллаж байгаа ч “Эрдэнэс Таван Толгой” ХК удахгүй хөл дээрээ босоод ирэхийн цагт хувьцаагаа хав дарж, хадгалж байхыг эдийн засагчид ч зөвлөж байна шүү, та минь ээ.