Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын мэргэжилтэн Г.Эрдэнэбаясгалантай ярилцлаа.
-Уурхай нээсэн компаниуд нөхөн сэргээлт хэр хийдэг юм бол. Жилд 100 га газар нөхөн сэргээгдэлгүй орхигддог гэсэн тоо байна. Ер нь жилд ямар хэмжээний төсөв нөхөн сэргээлтэд шаардлагатай байдаг юм бэ?
-Уул уурхайн нөхөн сэргээлт нь ашигт малтмалын төрөл, олборлолтын арга, хэмжээнээс хамаараад харилцан адилгүй хийгддэг. Тухайлбал, алтны шороон орд, нүүрс, жонш гээд өөр. Мөн тухайн жилдээ ашиглаад бараг бүрэн нөхөн сэргээх боломжтой ордууд ч бий. Жишээлбэл, алтны шороон ордын хувьд дотоод овоолгоор бүрэн нөхөн сэргээх боломжтой. Тухайн жилдээ нөхөн сэргээх боломжгүй ордууд ч байдаг. Тэгэхээр нөхөн сэргээлтийг шууд утгаар нь ойлгож болохгүй. 100 жил ашиглах уурхай байлаа гэхэд жил бүр байгаль орчныг хамгаалах болон нөхөн сэргээлтийн бэлтгэл ажлаа хийх ёстой. Ер нь уурхайн нөхөн сэргээлтийг хаалтын төлөвлөгөөний дагуу хийдэг. Уурхайн хаалтаар ашиглагдсан талбайг ямархуу байдлаар үлдээх нарийвчилсан дүр зураг гаргадаг юм. Гэтэл сүүлийн жилүүдэд нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг ашигт малтмалын уурхай жилд олборлосон газартаа нөхөн сэргээлт хийгээд явах боломжгүй орд олноор нээгдэж байна. Энэ нь эвдрэлд орсон газрын хэмжээг нэмэгдүүлсэн. Тэгэхээр нөхөн сэргээлгүй орхигдсон газар гэж үзэх боломжгүй яагаад гэвэл тухайн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байнга үйл ажиллагаа явуулж байгаа юм. Одоогоор Ашигт малтмалын тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу олборлолт хийж буй орд газрууд жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж хэрэгжилтийн тайланг нь хүлээн авдаг. Одоогоор 2012 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын тайлан ирүүлэх хугацаа болоогүй байна. Ер нь, жилд хэчнээн хэмжээний зардал гарах вэ гэдгийг хэдэн гектар талбайд олборлолт явуулаад хэдэд нь нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж байна гэдгээс нь хамааруулж тооцдог. Жил бүр тэд гэсэн тогтмол тоо хэлэх боломжгүй.
-Нөхөн сэргээгдээгүй хэдий хэмжээний газар байгаа бол. Үүнд хэдэн төгрөг зарцуулах бол?
-2011 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд уул уурхайн хайгуул, олборлолтод 20401.3 гектар талбай өртсөн. Үүний 4630.3 га газарт техникийн, 4587.6 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн тойм судалгаа бий. Жил бүрийн нөхөн сэргээлтийг тухайн жилийн олборлолтод өртсөн газартай харьцуулахад 80 хувьтай байгаа. Харин улсын хэмжээнд нөхөн сэргээлтийн хэмжээ 22.4 хувьтай байна. Энэ нь тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээлэл юм. Харин уул уурхайд өртөж, нөхөн сэргээгдэлгүй эзэнгүй орхигдсон газрын судалгааг 2009-2010 онд хийсэн. Гэтэл Хэнтий, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнө¬¬говь, Дорноговь, Дар¬хан-Уул, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Төв, Булган, Сэлэнгэ гэсэн 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт нийт 3984.46 га газар эвдрэлд орж орхигдсон байгааг тогтоосон. Үүнийг Байгаль орчны үндэсний мэдээллийн санд бүртгэсэн байгаа. Уг судалгааг 2011-2012 онд үргэлжлүүлж Ашигт малтмалын газраас хийсэн. Одоогоор тоо баримт хараахан нэгтгэгдээгүй бай¬на. Өртөг зардлын хувьд яг тэдэн төгрөг гэж шууд хэлэхэд хэцүү. Гэхдээ бидэнд алтны шороон ордын талаар холбогдох аргачлалын дагуу жишиг зардал гаргасан. Энэ нь байгалийн бүс бүслүүрийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг. Гэхдээ хамгийн багадаа дунджаар нэг га газрыг нөхөн сэргээх ажлын зардал зургаан сая төгрөг байдаг.
-Монгол Улсын нутаг дэвсгэрийн 15 хувь нь тусгай зөвшөөрөлтэй гэдэг. Эдгээрээс жилд улсын төсөвт хэчнээн төгрөгийн орлого ордог вэ?
-2011 оны мэдээгээр уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг эзэлсэн. Өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны байдлаар ашигт малтмалын 3647 тусгай зөвшөөрөл эзэмшигч 21 381 324.17 гектар талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан байгаа юм. Энэ нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн 13.2 хувийг эзэлж байгаа л даа. Тэгэхээр ашиглалтын 12226 тусгай зөвшөөрөлд 841 342.04 га, хайгуулын 2421 тусгай зөвшөөрөлд 20 539 982.13 га талбай бий. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нь 200 гаруй аж ахуйн нэгж байгууллага байна. Тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын тооцоог Ашигт малтмалын газар хийдэг юм.
-Энэ онд хаана, хаана хэдэн га талбайд улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийх вэ?
-Манай яам Уул уурхайн яамтай хамтран улсын төсвөөс нэг тэрбум гаруй төгрөгөөр 300 орчим гектар талбайд нөхөн сэргээлт хийнэ. Нөхөн сэргээлт хийх талбайн ихэнх нь нөгөө л нинжа нарын ухсан газар.
-Уул уурхайд өртөөд хариуцах эзэнгүй орхигдсон талбай нэлээд бий гэдэг. энэ газрыг яах вэ. Эздийг нь олж нөхөн сэргээлгэж болдоггүй юм уу?
-Уг нь хууль, дүрмээр бол бохирдуулагч буюу байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэгчид хариуцлага тооцох ёстой. Орон нутгийн засаг захиргаа хуулийн байгууллагатай хам¬тарч эзэн холбогдогчийг тогтоож байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг авахуулахаар заасан бай¬даг. Манай яам, Ашигт малтмалын газар хамтран улсын хэмжээнд орхигдсон газрын тооллого хийсэн. Энэ судалгаагаар 4200 орчим гектар талбай орхигдсон байгааг тогтоосон. Тэгээд энэ талбайн 60 орчим хувь нь тодорхой эзэн хариуцагчтай байгаа тул Улсын мөрдөн байцаах газарт өгсөн. Мөн ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулаад нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбайд учруулсан хохирлыг төлүүлэхээр ажиллаж байна. Нөхөн сэргээлгэх арга хэмжээг зөвхөн манай яам хариуцна гэвэл өрөөсгөл юм. Байгаль орчны асуудал бүх нийтийнх тул түүнийг хамгаалах үүрэг нь иргэд, аж ахуйн нэгжид ч бий шүү дээ.
-Нөхөн сэргээлт хийж байгаа нь энэ гээд ургамлын үр цацаад орхидог тул сайн ургадаггүй, дараа жил нь тоос шороо бужигнаад л үлддэг гэсэн шүүмжлэл нэлээд гардаг. Нөхөн сэргээлтийг хэр чанартай хийж байна вэ?
-Нөхөн сэргээлтийг холбогдох норм, стандартын дагуу хийвэл ийм асуудал гарахгүй. Тухайн байгууллагын байгаль орчныг хамгаалах ажлын чанар, бас боловсон хүчний хангамж, нийгмийн хэр хариуцлагатай аж ахуйн нэгж вэ гэдгийг тодорхойлох хэмжүүр гэж хэлж болно. Манайхан нөхөн сэргээлт гэхээр л буруу ойлгодог. Учир нь, нэг хэсэг уул уурхайн байгаль хамгааллын асуудал хоцрогдож байсантай холбоотой. Гэвч манай сал¬барынхан өнгөрсөн онд байгаль орчны багц хуулийг батлуулахдаа нөхөн сэргээлтийн ажлыг шинэ төвшинд гаргахаар төлөвлөж өөрчлөлт оруулсан. Тухайлбал, техникийн, биологийн нөхөн сэргээлтээс гадна тухайн ордын ашиглагдаж байсан байгууламжийг эдийн засгийн эргэлтэд оруулах олон хувилбар бий. Бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах агуулах болгох, дэд бүтцийн байгууламжид ашиглах түү¬гээр ч зогсохгүй соёл, ам¬ралтын парк, газар доорхи байгалийн музей гэх мэтээр ашиглах юм. Гэхдээ хамгийн гол нь аюулгүй ажиллагаа, хүрээлэн буй орчиндоо үзүүлэх нөлөөллийг зөвшөөрөгдөх хэмжээнд нь хүртэл бууруулах ёстой. Үүнд бас биологийн олон янз байдлыг дүйцүүлсэн хамгааллын асуудал орно. Энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж байгаа. Энэ чиглэлээр тухайн газар оронтой төстэй экосистемийн адил орчинд биологийн олон байдлыг нөхөж хамгаалах арга хэмжээ авна. Иймээс газрын тос олборлогчидтой тулж ажиллаж байна.
-Жилд улсын төсөв болон хувийн хэвшлийнхэн хэдэн төгрөг нөхөн сэргээлтэд зарцуулж байна вэ?
-Аж ахуйн нэгжүүд байгаль орчин хамгаалах төлөвлөгөө, орчны шинжилгээний хөтөлбөрт тусгагдсан зардлын тал хувийг тусгай дансанд баталгаа болгож байршуулдаг. Өнгөрсөн оны байдлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 250 гаруй компани дөрвөн тэрбум орчим төгрөг баталгааны тусгай дансанд хийсэн. Өмнө нь нөхөн сэргээлтэд улсын төсвөөс бараг мөнгө гаргадаггүй байсан гэж хэлж болно. Энэ жилээс эхэлж л төсөв баталсан. Гэхдээ тухайн жилийн уул уурхайн ажлын төлөвлөгөө, үйлдвэрлэл, банк санхүүгийн чадавхи, экспортын хэмжээнээс шалтгаалж төслийн цар хүрээ өөр өөр байдгаас нөхөн сэргээлтийн ажилд зарцуулах хөрөнгө мөн янз бүр байгаа. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэх томоохон ажлын тоонд орхигдсон эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн асуудал орсон. Иймд энэ жил 12 аймагт нөхөн сэргээлтийн ажил хийнэ.
-Өнөөдөр нүүрсний ил уурхай олноор нээгдэж байгаа. Нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийг хэрхэн хийх стандарт бий юү. Манай улсын нөхөн сэргээлтийн стандарт зөвхөн алтны уурхайд тохирсон гэдэг. Энэ талаар ямар ямар арга хэмжээ авч байгаа юм бол. Цаашид уран, газрын ховор элмент гээд олон ашигт малтмал олборлоно. Тэгэхээр энэ бүгдэд тохирсон нөхөн сэргээлтийн ямар бодлого баримтлах вэ?
-Өнөөдөр уул уурхайн байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудлаар зургаан стандарт, мөн адил журам, аргачлал мөрдөгдөж байна. Урьд нь, 2002 он хүртэл нөхөн сэргээлтийн аргачлал, журмууд зөвхөн алтны шороон ордуудад тохирсон байсан. Үүнийг 2009-2010 онд шинэчилж ерөнхий стандарт аргачлалуудыг гаргасан юм. Энэ жилээс дахин сайжруулж олон улсын төвшний стандартууд гаргахаар төлөвлөж байгаа. Тэгээд өндөр хөгжилтэй орны нөхөн сэргээлтийн стандарт, арга аргачлалыг судлан шинээр стандарт боловсруулах мөн шинэчлэх ажлыг зохион байгуулж байна. Мөн уран, газрын тос, занарын хайгуул, ашиглалтын үеийн байгаль орчны стандарт, аргачлалыг шинээр гаргахаар ажиллаж байна.
-Алтны шороон ордууд хаагдаж эхэлсэн. Тэгэхээр уурхайн хаалтын стандартын талаар ямар бодлого баримталж байгаа вэ?
-Шинээр мөрдөгдөж буй хуулиар уул уурхайн хаал¬тын журмыг манай яам боловсруулан батлуулахаар болсон. Хаалтын журмын төслийг МХЕГ-ын дэргэд ХБНГУ-аас хэрэгжиж байгаа “BGR” төслийн хувилбарыг бид эцэслэн боловсруулахаар ажиллаж байна. Мөн АНУ-аас туршлага судална. Одоогоор далд уурхайн хаалт, нуруулдан болон овоолон уусгах үйлдвэрийн хаалтын чиглэлээр стандарт мөрдөгдөж байгаа.
-Уул уурхайгаас гадна цөлжилт нэмэгдсэн. Цөлж¬сөн нутгийн хэмжээ хэд вэ. Нөхөн сэргээлт хийж байгаа юу?
-Монгол орны газар зүйн байршил, уур амьсгалын нөхцөл, газар нутгийн гадаргын хэв шинж, экологийн тогтолцооны хувьд нэн эмзэг, чийг дутмаг, хуурай байдаг. Иймээс нийт газар нутгийн 90 орчим хувь нь цөлжих магадлалтай юм. Одоогоор нийт нутаг дэвсгэрийн 44.7 хувь буюу 700 мянган ам.км талбай эзлэх говь, цөлийн бүс нутаг цөлжих аюулд илүү өртөж байна гэсэн судалгаа гарсан байдаг.
2000 оны байдлаар монгол орны нутаг дэвсгэрийн 33.8 хувийг эзлэх хээрийн бүсийн бэлчээрийн экосистем хүний үйл ажиллагааны улмаас доройтсон. Түүний 11.6 хувь нь их доройтон, хоёр хувь нь маш их доройтсон зэрэглэлд орсон юм. Ер нь, 2006 оны байдлаар цөлжилтөд нэрвэгдсэн нутаг 72 гаруй хувьтай болсон судалгаа бий.
Манай орны цөлжилтийг хурдасгахад байгалийн хүчин зүйлээс гадна хүний олон талт үйл ажиллагаа ихээхэн нэрмээс болж байна. Тухайлбал, бэлчээр буруу ашиглаж байгаагаас усан хангамж муудсан, талхлагдсан юм. Иймд Монгол орны бэлчээрийн 126.6 сая га талбайн 70 гаруй хувь нь талхлагдаад байна. Нөгөө талаар малын бүтцэд ямааны эзлэх хувь ихэслээ. Бас заган ойг сүйтэгснээс болж 125 мянган га газрын заг бүрэн устсан. Одоо ч говирхог аймаг, сумын төв зэрэг хүн амын төвлөрөл бүхий нутагт ойр орчмын модлог ургамал, бут сөөг, шаваг, харгана зэргийг түлшинд хэрэглэсээр байна.