УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралдаж, Уул уурхайн яамнаас нөхөн сэргээлтийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаархи Д.Ганхуяг сайдын мэдээллийг сонслоо. 1992 оноос хойш 540 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн үйл ажиллагаа явуулж 19292 гаруй га талбайг эвдрэлд оруулжээ. Үүнээс өнгөрсөн хугацаанд техникийн нөхөн сэргээлтийг 9541.5, биологийн нөхөн сэргээлтийг 4476.2 га газарт хийсэн байна. Энэ ажилд улсын төсвөөс 51 гаруй тэрбум, байгаль орчныг хамгаалах зардалд 26.9 тэрбум төгрөг зарцуулжээ. Одоогоор нөхөн сэргээлт хийгээгүй 9751 га газар байгаа аж. Улсын хэмжээнд нийт 20 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 703 нэгж талбай бүхий 4320.5 га талбай эвдэрч орхигдсон гэсэн. Дээрх газруудын эзэн холбогдогчийг тогтоохоор Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ажиллаж эхэлжээ. Энэ оны улсын төсөвт уул уурхайн олборлолтоос эвдрэлд орж эзэнгүй орхигдсон талбайд нөхөн сэргээлт хийхээр тэрбум төгрөгийг Уул уурхайн сайдын багцад тусгасан байна. Энэ дагуу эзэнгүй орхигдсон тооллоготой талбайнуудын аль хэсэгт хэчнээн хэмжээний талбайд нөхөн сэргээлт хийвэл оновчтой болох талаар БОНХЯ-наас санал авч, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Баруунбаян-Улаан болон Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр зэрэг сумын нийт 150 га газарт нөхөн сэргээлт хийхээр болжээ. Энэ талаар гишүүд БОНХ-ийн болон Уул уурхайн сайдаас сонирхсон асуултдаа хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд “Уул уурхайн компаниуд байгаль орчинд харгис хандаж байна. Төв аймгийн Заамар сум өмнө нь Монгол Улсыг тэжээж байсан. Одоо ямар байдалтай болсныг хүн бүр мэдэж байгаа. БОНХЯ, Уул уурхайн яамд нэг нь байгалиа хамгаалдаг, нөгөө нь уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг ч бие биенээ хянадаг баймаар юм. Уул уурхайн салбар илүү хариуцлагатай, мэргэжлийн хүмүүсийг энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байхад онцгой анхаарах хэрэгтэй” гэхэд БОНХ-ийн сайд С.Оюун “Уул уурхайн салбар өнгөрсөн 20 жилийн хугацаанд ямар ч хяналтгүй эмх замбараагүй нөхөн сэргээлт хийлгүй явж иржээ. Өмнөх Засгийн газрууд энэ тал дээр тодорхой ахиц дэвшил гаргаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, манайд 2008 он хүртэл нөхөн сэргээлтийн стандарт байгаагүй юм билээ. Харин саяхнаас олон улсын стандартад нийцүүлэн эрдэс баялгийн төрөл, ашиглалтын стандартын хэм хэмжээг шинэчлэхээр ажиллаж байна. 20 жил замбараагүй явж ирсэн байдлыг наймхан сарын хугацаанд цэгцэлнэ гэдэг амаргүй юм билээ. Нөхөн сэргээлтийг тодорхой эрх авсан компаниуд хийдэг. Гэтэл компаниуд нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө гаргачихаад түүнийгээ гүйцэд хийдэггүй. Иймд тухайн компани нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит оруулдаг, түүнийг төр нь хянадаг зарчимд шилжиж байгаа” гэв.
Энэ жил анх удаа улсын төсөвт байгаль орчны нөхөн сэргээлт хийхээр мөнгө тусгасан аж. Тухайн компани нөхөн сэргээлт хийсний дараа орон нутаг нь хүлээж авдаг юм байна. Гэтэл орон нутаг нь сайн, муу нь хамаагүй нөхөн сэргээсэн л бол боллоо гээд хүлээж авдаг тогтолцоог өөрчлөх ёстойг С.Оюун сайд хэлж байлаа. Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж болохгүй газар нутгийн хил заагийг гаргахаар болжээ. Одоогийн байдлаар Тусгай хамгаалалттай газар нутаг манай улсын нутаг дэвсгэрийн 17 хувийг эзэлдэг байна. Мөн урт нэртэй хуулийн хүрээ заагууд болох экологийн хамгийн чухал бүсийн зураг зүүн болон говийн бүс нутгийнх гараад байгаа аж. Одоо баруун бүсийн зургийг гаргахаар ажиллаж буй гэнэ.
Ингээд уг асуудлаар гишүүд Байнгын хорооноос тогтоолын төсөл гаргаж Засгийн газарт үүрэг чиглэл өгөх нь зүйтэй гэж үзлээ.