Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо “Таван толгой”, “Энержи ресурс” компанийг байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуул хэмээн нэхэмжлэл гаргаж Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан билээ. Тус дүүргийн шүүх өчигдөр эл нэхэмжлэлийг хэлэлцсэн юм. Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны тэргүүн Ц.Туяацэцэгийн хэлснээр дээрх хоёр компаниар Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрч буй Гашуунсухайт Таван толгой чиглэлийн 235 км сайжруулсан шороон зам дагуу байгаль орчинд учирсан хохирол болох 57 тэрбум төгрөгийг төлүүлж, Төрийн санд төвлөрүүлэхийг нэхэмжлэлдээ дурджээ. Хариуцагч компаниудаас энэ мөнгийг гаргуулж, эргээд байгаль орчныг нөхөн сэргээхэд зарцуулах ёстой гэнэ. Шороон замаас үүдэж байгаль экологид учирсан хохирлыг 57 тэрбум төгрөг гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас томилогдсон ажлын хэсэг тогтоосон байна.
“Таван толгой”, “Энержи ресурс” компани 2004 оноос тусгай зөвшөөрөл эзэмшиж, нүүрс олборлож эхэлсэн аж. Тэд “Уурхайн амны нөхцөлөөр нүүрсээ борлуулдаг болохоос тээвэрлэдэггүй” гэж хариуцлагаас зугтахыг оролдож байгааг ч дээрх холбооны тэргүүн хэлж байв. Гэтэл эдгээр компанийн охин компаниуд болон Хятадын хөрөнгө оруулалттай зарим аж ахуйн нэгжид асуудлаа бухахыг оролдож буй гэнэ.