Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганхуяг: “Чалко”-тай байгуулсан гэрээний асуудал хүнд байгаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч, ярилцсан юм.


-БНХАУ-аас ний­лүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүн ямар стандарттай байгаа вэ. Газрын тосны газар Петро Чайна Дачин там­агт хэрхэн хяналт тавьж бай­на вэ?
-Эрэлт , нийлүүлэлтээр аливаа зүйл зохицуулагддаг. Зах зээлийн ханштай холбоотой гэсэн үг. Газрын тосны бүтээгдэхүүнийг нэмж буй ашиг нь ил тод байлгах зорилгоор ийм гэрээг хоёр хөрштэйгээ хийж байна. Газрын тос олборлож буйтай холбогдсон янз бүрийн шүүмжлэл бий. Бүтээгдэхүүн хуваах гэрээнд Газрын тосны газар хяналт тавьж ажилладаг. Ер нь олборлолтын өртгийн хяналтыг сайжруулж, ил тод болгох шаардлагатай байгаа. Худалдах, худалдан авах гэрээг бид харилцан хамтарч ажиллана. Роснефтиас авч буй шатахуун евро-2 стандартыг хангаж байгаа бол Хятадаас евро-3 стандартын шатахуун нийлүүлэхээр болсон.

-Стратегийн орд газруудаас хэчнээнийг нь улсын төсвөөс санхүүжүүлэх  вэ. Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хурлын үйл явц ямар шатандаа явж байна вэ?
-Стратегийн ач холбогдол бүхий 30 орчим орд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул лиценз эзэмшиж байгаа. Тус компанийн удирдлагуудтай уулзах уулзалт ид явагдаж байна. Оюу толгойн ТУЗ хуралдаж байгаа. ТУЗ-ийн хурлын дараа хувь нийлүүлэгчдийн хурал болно. Хөрөнгө оруулагч талыг Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлж ажиллах талаар яриад байгаа. 

-Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулахаар болсон. Хуульд гар аргаар ашигт малтмал олборлогчдын асуудлыг хэрхэн тусгаж өгч байгаа вэ?
-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн хувилбарыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхгүй, түр хугацаагаар хойшилсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ямар бодлого барьж ажиллах нь тодорхой бус явж ирсэн асуудал бий. Тиймээс Уул уурхайн яам болон бусад яамны төлөөлөл багтсан ажлын хэсэг ажиллаж байна. Бичил уурхайчдын нийгмийн асуудал хүнд байгаа. Энэ салбарт 70 гаруй мянган хүн ажиллаж байгаа. Уг хуулийн шинэчлэн найруулсан төсөлд бичил уурхайчдын тухай асуудал огт тусгагдаагүй байсныг эргэж харж байгаа. Урт нэртэй хуулиар гарсан шороон ордуудыг зогсоосны дараа  тэр газар руу бичил уурхайчид орсон явдал бий. Энэ тал дээр зохицуулалт хэрэгтэй байгаа. Нөгөөтэйгүүр уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд бичил уурхайчидтай хамтарч ажиллахаар болж байгаа нь сайшаалтай.

-“Чалко”-тай хийсэн гэрээ юу болж байна вэ. БНХАУ-д нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүнээ тонн тутмыг нь ямар үнэтэй худалдаж байгаа вэ. Өмнө нь 480 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн гаргасан гэсэн. Үүнийгээ ямар үнэтэй гаргасан байдаг юм бол?
-“Чалко”-тай байгуулсан гэрээний асуудал хүнд байгаа. Гэрээнд хоёр улсын төрийн өмчийн компанийн захирлууд гарын үсэг зурсан юм билээ. Хоёр орны төр засгийн зүгээс гэрээтэй холбоотой маргааныг хоёр талд харилцан ашигтай, ил тод болгохоор ажиллаж байна. Энэ асуудлаар Ерөнхий сайдтай болон манай яаман дээр байнга уулзаж, гарц эрэлхийлж байгаа. “Эрдэнэс Оюутолгой”, “Чалко” компанийн захирлууд хоорондоо уулзаж буй. “Чалко” компани нүүрсийг аваад өөрийн улсынхаа төмөрлөгийн үйлдвэрт ашигладаг. Тэгэхээр гэрээний ил тод байдал бас л байхгүй. Хятад улсын ямар төмөрлөгийн үйлдвэрт, хэдэн төгрөгөөр нийлүүлж буй эсэх нь тодорхойгүй. Урд хөршийн хувьд дэлхийн эдийн засаг дахь нөлөөлөл, нэр хүнд маш их өсч байгаа. “Чалко” компани төрийн өмчийнх. Тиймээс Эрдэнэс Оюутолгой асуудлаа зөв зохистой шинжлэх ухааны үндэслэлтэй тавих ёстой. Энэ гэрээнд монголын талыг зур гэж тулган шаардаагүй нь ойлгомжтой. Манайхан аливаа гэрээнд гарын үсэг зурчихаад дараа нь бөөн хэрүүл болдог.

-Манай улс гурван талбайд хоёр компани газрын тосны бүтээгдэхүүний олборлож байгаа. Өнгөрсөн хугацаанд 13.2 тонн баррель нефть экспортод гаргасан гэж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар газрын тосны хэдий хэмжээний нөөц батлагдаад байна вэ?
-Олборлолт хийж буй хоёр компани 332.6 сая тонн нөөцийг өмнөх Засгийн газрын үед ЭБЭХЯ-аар оруулж батлуулсан. Өнгөрсөн хугацаанд 1998 оноос хойш өнөөг хүртэл 1.3 сая тонн газрын тос олборлосон. Одоо 41 сая тонн газрын тосны олборлох нөөц бий. “Петро Чайна Дачин тамсаг”-аас олборлож буй газрын тос Сингапурт тонн тутам нь 100-110 ам.доллараар худалдаалагддаг. Борлуулалтын орлого сар бүрээр хийгддэг, үнэ нь өдөр бүр харилцан адилгүй байх тохиолдол бий. 

-Оюу толгой 220 сая ам.долларын татвар төлсөн гэсэн яриа байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-2012 онд 280 сая ам.доллар төлсөн гэсэн мэдээ бий. Энэ асуудлаар Оюутолгой ХХК, Сангийн яамнаас тодруулсан. Мэдээлэл нь зөрүүтэй байгаа. Өөрөөр хэлбэл, 2012 онд Оюу толгойн төлсөн татвар нь 125 сая ам.доллар юм билээ. Гэхдээ 280 сая ам.доллар дээр хоорондоо учир зүйгээ олох шаардлагатай байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан