Уул уурхайн компаниуд хөдөлмөрийн аюулгүй байдлыг дутуу хангаснаас болж осол аваар байсхийгээд л гардаг. Ослын ихэнх нь багаж хэрэгсэл муутайгаас үүдэж гардаг бөгөөд компаниуд өртөг өндөртэй учир авч чадаагүй гэсэн шалтгаан хэлдэг аж. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хамгаалах хэрэгсэл нь хамгаалах бүс, нүдний шил, амны хаалт төдийхнээс хэтэрдэггүй байна. Уг нь, тухайн ажилтны оршин сууж байгаа газрын халуун, тоосжилт, агаарын найрлага нь ямар байгааг хэмждэг багаж зайлшгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл, олон улсад хөдөлмөрийн аюултай орчин бүрдэхээс хамгаалж хамгийн түрүүнд хэмжих хэрэгсэл тавьдаг. Хэдэн жилийн өмнө Чилид уурхайд осол гарч газрын гүнд 33 уурхайчин 69 хоног байсан. Энэ нь манайх шиг уул уурхай хөгжиж буй оронд асар том сургамж болсон ч бид хүнийхээ аюулгүй байдлыг хангах талаар хайхрамжгүй хандсаар л. Манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уурхайнууд ямар ч хамгаалах хэрэгсэлгүй байдаг нь нууц биш. Мөн 16 аймгийн 80 гаруй суманд 1000 гаруй гар аргаар ашигт малтмал олборлогч өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Тэд хөдөлмөр хамгааллын аюулгүй байдалд анхаарал тавих нь байтугай энэ талаар сонсохыг ч хүсдэггүй учраас осол аваарыг нэмэгдүүлдэг байна. Хамгийн энгийн жишээ дурдахад, уул уурхайн компаниуд экскаватор хэдий хэмжээний доргилттой байгааг тодорхойлох багажгүй. Түүнийг нь холбогдох албаныхан очоод хэмжихээр “Та нар маш өндөр хэмжээний багаж тоног төхөөрөмж шаардаж байна” гэдэг аж. Харин “Бороо гоулд”, “Эрдэнэт”, “Бор-Өндөр”-ийн уурхай хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангажээ. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр нэн түрүүнд хүнийхээ аюулгүй байдлыг хамгаалахыг чухалчилдаг учир олон улсад энэ талаараа нэрд гарсан гэсэн.
Уул уурхайн яамны Уул уурхайн аврах албаны зөвлөх Ц.Жанчивтай ярилцлаа.
-Уул уурхайн ханган нийлүүлэгчид хувцас, нүдний шил гэх мэтийн зүйлд анхаарч техник технологио хайхрахгүй байна гэж байсан. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах талаар цаашид ямар бодлого барьж ажиллах вэ?
-Уул уурхайн салбарт ашиглаж буй техник хэрэгсэл хөдөлмөр хамгаалллын аюулгүй байдлыг хангасан, олон улсын төвшинд нийцсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, Европын болон олон улсын стандартад нийцсэн техник технологи хэрэглэх нь хаа хаанаа хэрэгтэй. Нөгөөтэйгүүр уул уурхайн ханган нийлүүлэлтэд ямар чиглэлээр юунд анхаарахаа тодорхойлох ёстой. Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн III форумд дэлгэн тавьсан зүйлээс харахад ажлын байрны аюулгүй байдал, хүнийхээ эрүүл мэндэд анхаарч буй газар алга. Компаниуд энэ талаар ярихгүй байна. Уг нь, тухайн уул уурхайн компани нэн тэргүүнд ажилтнаа аюулгүй ажиллах нөхцөлөөр хангах ёстой. Гэтэл манай компаниудад наад захын агаар, дуу чимээ, гэрэл, салхи хэмждэг багаж алга. Үүнийг зайлшгүй анхааралдаа авч бодлогоор гаргаж тавих ёстой. Ингэж байж ажилтны аюулгүй нөхцөлд ажиллах орчин хангагдана.
-Уул уурхай манайд шинэ тутам хөгжиж байгаа салбар учраас хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хангуулах талаар төдийлэн мэдлэг муу байгааг судлаачид хэлж байсан.
-Гадаадын хөрөнгө оруулалттай уурхайд ажиллаж буй мэргэжилтнүүд багаж техник хэрэгсэл муутайг мэдэж байгаа. Манай уурхайчид ч саяхнаас энэ талаар ойлгож эхэлсэн ч чухам хаанаас авах талаар мэдлэг дулимаг байна. Нөгөөтэйгүүр техник хэрэгсэл авлаа ч ямар ашигтай талаар мэдээлэл муу төдийгүй хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах багаж хэрэгсэл үнэтэй зэрэг нь нөлөөлдөг. Үнээс шалтгаалан хүний амь насыг хамгаалах багаж хэрэгслээ авахгүй байгаа нь учир дутагдалтай л даа. Танд нэг тонн алт, нүүрс, төмрийн хүдэр хэрэгтэй л байгаа бол эхний ээлжинд ажиллах хүнийхээ амь насыг хамгаалах багаж хэрэгслээ бүрдүүлэх ёстой шүү дээ.
-Манайд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн хэчнээн компани байна вэ. Үүнээс хэд нь хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллаж байгаа бол?
-Монголд хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан тэргүүн туршлагатай Эрдэнэт, Бор-Өндөр гээд нэлээд уурхай бий. Хятадын хөрөнгө оруулалттай уурхайнууд хүнээ хамгаалах, тоног төхөөрөмжөө сайжруулах талд учир дутагдалтай байгаа нь үнэн. Бид зөвлөгөө өгч, шаардлага тавьж байгаа ч хэрэгжилт нь төдийлэн хангалтгүй байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа учраас хууль дүрмийн хүрээнд ажиллах ёстой.
-Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах талаарх хууль эрхзүйн орчин манайд ямар байдаг вэ?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 2008 онд батлагдсан. Хамгийн гол нь, хуульд хэн удирдагч байх, хэн мэдээ тайланг нь нэгтгэх зэрэг тогтсон зүйлийг тодорхой тусгаж өгөөгүй. Харин Хөдөлмөрийн яам байгуулагдаад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбарт гарсан аваар ослын тоог авдаг болсон байна. Уул уурхайн мэргэжлийн хяналтыг хариуцсан яам нь тавих ёстой. Тэгэхгүй бол МХЕГ-т мэргэжлийн бус хүн байхыг үгүйсгэхгүй. Мэргэжлийн төвшинд удирдвал хяналт тавих, зөвлөгөө өгөх, аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн тохиолдол тэр бүр байхгүй. Нөгөөтэйгүүр хууль эрхзүйн орчноо улам боловсронгуй болгох шаардлагатай байгаа.
-Уул уурхайн салбарт гарч буй осол аваарт өртөгчдийн ихэнх нь гар аргаар алт олборлогч байдаг. Тэгэхээр тэдэнд хэрхэн анхаарал тавих ёстой вэ?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал нэг л хууль дүрмээр явах ёстой. Хувиараа ашигт малтмал олборлож буй иргэд Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухайн хуульд захирагдах юм. Манай салбарт гарч буй нийт осол аваарын ихэнх нь гар аргаар алт, жонш, нүүрс олборлож буй иргэдийн дунд гардаг нь үнэн. Гэхдээ Монгол Улсын уул уурхайн салбарт гарч буй эдгээр зүйлд Засгийн газраас дүгнэлт гаргаж аюултай орчинд хүн ажиллуулахгүй байх зорилго тавиад байгаа.
-Хөдөлмөр хамгааллын нэгдсэн стандарттай болоход Уул уурхайн яам ямар бодлого барьж ажиллаж байгаа бол?
-Салбар бүр бодлогоо тодорхойлоод явж байгаа. Уул уурхайн салбарын аюулгүй байдлыг хангах мэргэжлийн төвшний бодлого алдагдаад байна. Үүнийг асуудал болгож тавих ёстой. Олон улсын жишигт нийцсэн загварыг өөрийнхөө улсад хэрхэн нэвтрүүлэх талаар эрдэмтэд ярилцах хэрэгтэй байх. Ил, баяжуулахын, бичил уурхайн аюулгүй ажлыг хангасан дүрмүүдээ нэн түрүүнд боловсруулах ёстой. Бид уул уурхайн салбарт олон улсад мөрдөгдөж байгаа 18001 стандартыг Монголд нутагшуулахаар ажиллаж байна.