Оросын эрдэмтэн Пасынский, АНУ-ын эрдэмтэн Миллер нарын өөр газар, нөхцөлд хийсэн туршилтын ажлын дүн ус амьд эсийг бий болгоход юугаар ч орлуулж үл болох орчин, амьдралыг жинхэнэ тэтгэн бойжуулагч болохыг нотолсон тухай хэвлэлд нийтэлсэн байдаг. Хүний биеийн 2/3 хувь уснаас бүрэлдэн тогтдог учир хоолгүй 40 хоног амьд явах чадвартай атлаа усгүйгээр дөрвөн хоног бамьд байж чаддаггүй. Амьд организм биеийнхээ шингэний 10.0 хувийг алдахад зовиуртай байдалд шилждэг. Дэлхийн нийт усны 2.5 хувийг цэнгэг ус эзлээд зогсохгүй, авч ашиглахад хялбар бус мөсөн гол, хөрсний ус, чийг зэргийг хасвал хүн төрөлхтөн бид дэлхийн усны нийт нөөцийн 0.003 хувьтай тэнцэх цэнгэг уснаас ундаалахад хүрч байгаа нь айдас төрүүлнэм.
Амьд явахыг хүсвээс усыг шүтэх нь аливаа бие махбодийн заяа
1980 оны эхээр гаргасан Ус ашиглалт, хамгаалалтын улсын албаны тайлангийн нэгтгэлээс үзэхэд нэг тонн ноос угааж боловсруулахад 132 шоо метр нэг тонн өнгөт металлыг хүдрээс ялган авахад 106 шоо метр, 1000 кВт цахилгаан энерги үйлдвэрлэхэд 51 шоо метр, 1000 шоо метр шир элдэж боловсруулахад 83 шоо метр ус шаардагдаж байсан тоо гарч байна. Манай эрдэмтдийн судалгаагаар малын биеийн чийглэг чанар хангагдаагүйгээс ноосны гарц 10.0 хувь, сүүнийх 30-35 хувь, амьдын жин 25.0 хүртэл хувиар буурдгийг тогтоожээ. Дэлхийн хүн амын 16.9 хувь нь өлсгөлөн, хагас өлсгөлөн байгаа тул хүнсний хангамжийг сайжруулахын тул хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 60-аас багагүй хувиар нэмэгдүүлэхэд хүргэж байна. Гэтэл нийт тариалах талбайн 17.0 хувь нь усалгаатай атал нийт ургацын 40.0 хувийг өгч байна. Олонх орны байдлаас харахад, усны нөөцийн 90-ээс илүү хувийг хөдөө аж ахуйд зарцуулсан тоо баримт бий.
Ус - ундаалагч, хооллогч, үйлдвэрлэгч хэрэгсэл мөн
Нэгэн дээвэр дор бор өдөр, хоногийг эвтэй найртай, зөрчил тэмцэлтэй өнгөрүүлж байгаа хүн төрөлхтөний 30 орчим хувь нь усаар гачигдаж хугацаанаас өмнө ертөнцийн мөнх бусыг үзэж байгаа, өвчлөгчдийн үхлийн шалтгааны 80 орчим хувь нь бохир уснаас үүдсэн халдварт өвчин болж байна. 1992 онд Рио-де-Жанейро хотноо болсон “Усны арван хоног”-ийн мэдээллээс үзэхэд, дэлхийн нийт хүн амын 33 хүрэхтэй үгүйтэй хувь стандартад тохирсон ундны цэвэр усаар хангагдсан дүн гарчээ.
Ус - хүн төрөлхтөний аврал. Эрүүлийг хүсвэл усыг дээдлэх
1990 оныг 1955 онтой харьцуулахад, нэг хүнд ногдох цэнгэг ус Энэтхэг улсад 54 хувиар буурч, 2025 он гэхэд энэ бууралт 69 хувьд дөхөх хандлагатай байна. Ийм дүр зураг эдийн засгийн хөгжлөөрөө бусдыгаа давамгайлж байгаа Хятад оронд ч ажиглагдах боллоо. Афганистаны нэг хүнд ногдох ус одоо байгаагаас 2025 оны төвшинд 70 орчим хувиар багасч зарим нутаг, бүсэд нэг хүнд хоногт 900 грамм ундны ус хуваарилахад хүрлээ. Уур амьсгалын харьцангуй таатай нөхцөлтэй, хөгжингүй, бат бэх, тогтвортой эдийн засагтай, жилд 40.0 тэрбум шоо метр ус хэрэглэдэг Герман оронд энэхүү хэрэглээнийхээ 63 хувийг дулааны цахилгаан станцын хэрэгцээнд, 25 хувийг аж үйлдвэрт, 12 хувийг нийгмийн бусад зориулалтаар зарцуулж байна. Энэ оронд өдөрт нэг хүн дундажаар 135 литр ус хэрэглэдгийн 30 хувийг ариун цэврийн өрөөний ус зайлуулгад,12 хувийг хувцас угаахад, 30 хувийг усанд ороход, зургаан хувийг сав суулга угаахад, зургаан хувийг хувийн ариун цэвэр сахихад, зургаан хувийг автомашин угаахад, дөрвөн хувийг унд, хоол бэлтгэхэд, зургаан хувийг бусад зориулалтаар ашиглаж байгаа мэдээтэй байна. Экологичид, эдийн засагчид энэ мэдээг сонсоод “Бид ундныхаа усанд умбаж, шумбаж байна уу” гэж халаглан алмайрсан удаатай. 1998 онд гаргасан олон улсын байгууллагын судалгаа нийт хүн амын 92 хувь усыг хамгийн бага хэмжээгээр, гурван хувьд бүрэн хүрэлцэх хэмжээгээр нийлүүлж таван хувьд нь ус хүрэлцэхгүй байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн бол 2050 оны төвшинд хамгийн бага хэмжээгээр ус хэрэглэгчдийн тоо 58 хувь буурч, бүрэн хүрэлцэх хэмжээгээрээ ус хэрэглэгчдийн тоо 18 хувь, усаар гачигдагсдын тоо 24 хувь хүртэл өсөх хандлагатай байгаа юм. Нэг талаас усны нөөцийн нэг хүнд ногдох хэмжээний хомсдол, нөгөө талаас хяналтгүй хэрэглээ нь ухаан саруул хүн бүхний сэтгэл санааг ихэд хирдхийлгэх боллоо.
Ус - ухаалаг, арвич, хямгач хэрэглээг өдөр ирэх тутам илүү хүчтэй шаардах боллоо
Африкийн оронд эмэгтэйчүүд 20 литрийн багтаамжтай хавчигтай (торх) усыг толгой дээрээ авч одох нь хэвийн үзэгдэл байхад онгоцоор нэг зорчигчийг 20 кг ачаа авч явахыг зөвшөөрч байгаа. Ийм хүнд хөдөлмөр байнга эрхэлж байгаа, ядарсан эхээс төрсөн үр, бие бялдрын чийрэгжилт муутай, эрүүл саруул бус багачуудын оюун санааны хөгжил сул, тэрчлэн тэр газар насанд хүрээгүй хүмүүс хар багаасаа биеийн хөдөлмөр эрхэлдэг нь нууц биш боллоо.
Ус - хөдөлмөрийг хөнгөвчлөгч, боловсролыг дэмжигч
Дэлхийн банк хаягдал усны 95 хувь нь гол болон усны бусад эх үүсвэрт орж зөвхөн таван хувь нь л цэвэрлэгдэж байдгийг тэр тусмаа Буэнос Айрес хотод хаягдал усны зөвхөн хоёр хувь л цэвэрлэдгээ тайлбарлаж байна. Токио, Бомбей, Шанхай, Даккар, Манила, Банкгог, Сөүл зэрэг 1950-иад оны Лондон, Нью-Йорктой адилтгаж болох олон хот бий болжээ. Гэтэл ийм томоохон хотуудын хүн амын тал хувь нь гудамж, ус дамжуулах хоолой болон сувагжуулалтгүй нөхцөлд амьдарч байна. Энэ хэмжээ зарим газар тухайлбал, Аддис-Абебад 79 хувь, Луандад 70 хувь, Калькуттад 67 хувьд хүрээд байна. НҮБ-ын тооцоогоор 2010 онд 3,1 тэрбум хүн, 2030 онд дэлхийн хүн амын тэн хагас нь хотод амьдрах болж байна. Нөгөөтэйгүүр, хөдөөд байгалийн эрсдэл ихтэй, усны хангалт муугаас шалтгаалан хот руу ихээхэн нүүдэллэх төлөвтэй болжээ. Ус дамжуулах хоолойн нэг мм голчтой нүх сүвээр сард 15000 литр ус алдагдсанаас буурай хөгжилтэй, хөгжил султай орнуудын олон хот ундны усныхаа 30 орчим хувийг үр ашиггүй алдахад хүрдэг.
Ус нь хот байгуулалт, нутагшилт, суурьшилт, тэнцвэртэй хөгжлийн гол шалгуур юм
Усан цахилгаан станцууд 1996 он байдлаар голлох байгалийн энергийн 2,6 хувь буюу дэлхийн нийт үйлдвэрлэлийн 19 хувийг үйлдвэрлэн гаргаж байв. Энерги үйлдвэрлэлийн хувьд 2015 оны түвшинд наанадаж 20,2 тэрбум тонн нэгж чулуун нүүрс шаардлагатай байгаан дээр ихээхэн хэмжээний нефть, байгалийн хий хэрэгтэй болж байна. Гэтэл ийм хэрэгцээг хангахын тулд ус цэвэрлэх, цэнгэг ус үйлдвэрлэхэд шилжүүлсэн нэгжээр нэг тэрбум тонн нэгж чулуун нүүрс хэрэгтэй болох тооцоотой юм.
Ус хэмнэвэл дулаан, энергийн түүхий эд хэмнэх боломж олдоно
Олонх оронд усыг үнэгүй эсвэл тусламж хэлбэрээр түгээдэг нь ухаалаг биет баримтлалттай зөрчилдөж байна. Гэхдээ зарим газар тодорхой хувиар төлбөр өсч байна. Тухайлбал, усны жинхэнэ бодит үнийн тухайд, Пакистаны тариачин 13 хувийг, Калифорнийн фермер хоёр хувийг төлж байна. Гэтэл Германд нэг тонн ус хэрэглэсэн, ашигласанд 2,2 ам.доллар төлж байгаа мэдээ бий. Хөдөө аж ахуйд “ногоон хувьсгал” хийх, аж үйлдвэрт ус их шаарддаг технологийн хандлага дэлхийн өнцөг булан бүрт байгаагийн дээр ус гэдэг “ховор бүтээгдэхүүн”-ийг хуваарилах, ашиглалтад тавих төрийн хяналтыг өндөржүүлэхэд хүргэж байна. Гэтэл усыг төлбөртэй болгосон нөхцөлд хүн бүр санхүүгийн ачааллыг даахгүй нь тодорхой байна. Гэвч төрийн зохицуулалттайгаар усыг үнэтэй болгохоос өөр арга замгүй болж ”Зэлтэрийн гацаа”-нд орох төлөвтэй.
Ус бол мөнгөнөөс үнэтэй, хөнгөлөлттэй үнээр ашиглалт, хэрэглээний төвшин, соёлын уялдан борлуулагдах бүтээгдэхүүн болж байна
Ус хэдий ийм олон хүний амьдрал, хөгжлийг дэмжих сайн талуудтай “ховор бүтээгдэхүүн” боловч бас савнаасаа халиад ирэхээр аюул эрсдэл дагуулж асар их хэмжээний материаллаг хохирол учруулж байгаль эхийн хишиг болох ургамал, ан амьтад, экологи орчинг эвдэн сүйтгэж байдгийг тэмдэглэхгүй өнгөрч болохгүй юм. Иймээс ч олон орныг эдийн засгийн сульдаанд хүргэдэг гашуун сургамж түүхэнд бишгүй олон бий. Хүчтэй үер, цасны нурангаас шалтгаалан гол, усны давхар аюул нөмөрдөг тал бий. Хятад улсын Байгаль, орчныг хамгаалах алба 1996 онд голын усны төвшин 78 хувь дээшилж эрэг, хашлагаа халин хот усанд автахад ундны усны бүх эх үүсвэр хэрэгцээ хангахгүй болдгийг тогтоожээ. Энэ бохирдол зарим үед арилахгүйгээс гадна нэн ялангуяа гол, мөрний дагуу байрласан олон мянган үйлдвэр, аж ахуйн газар хаалгаа барьснаар нийгэмд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх нэг шалтгаан ч болдог. Үүнийг дагалдан нийгмийн чанартай олон асуудал шил шилээ даран бий болж төр, засгийн зохицуулалтыг хүндрүүлээд зогсохгүй үй олон иргэдийн амьдрал, аж ахуйд сүйрэл авчирдаг. Үүнээс ч илүү гай гамшиг бий болгодогийг үгүйсгэх аргагүй юм. Мерилен дахь NASA төвийн эрдэмтэд дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт 88 томоохон ус хадгалуурт суулт гарахад дэлхийн эргэлтийн өнцгийн хурд нэмэгдэх, тодруулбал 40 жилийн өмнөхөөс өдөр бүр секундын найман саяны нэг эгшингээр хурдасдагийг тогтоожээ. Энэ нь улмаар дэлхийн бөмбөрцгийн тэнхлэгт нөлөөлөхийг үгүйсгэхгүй байгаа юм. Зарим талаар өндөр далан барих арга өргөн нэвтэрсэн ч тэр нь экологи-газарзүйн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй гэх баттай нотолгоо алга байна. Дэлхий даяар усны хор хөнөөлөөс хамгаалах, усны аливаа барилга, байгууламж барих ажилд илүү иж бүрнээр хандахыг чухалжилж байгааг гадаадын хэвлэлүүдэд тэмдэглэн үлдээжээ.
Ус - чандмань эрдэнээ дээдлэн түүнийг танин мэдэж ухаалгаар хэрэглэж ашиглах, хамгаалж арвижуулах нь аюул занал, эрсдэл, эндэгдлээс хамгаалах шалгарсан арга
Нефтиэс чухал, алтнаас үнэтэй дэлхийн зах зээлд нефть, алтны адил арилжигдаггүй, дамын наймааны объект болдоггүй ч хүн төрөлхтөний хэрэглээний хамгийн чухал түүхий эд нь ус юм. Одоо, дэлхийд улс орнуудыг дамнан урсдаг 214 гол, мөрөн байдгаас 155 нь хоёр улсын, бусад нь гурваас 12 улсын нутгаар урсдаг. Цэвэр усны хүрэлцээ муу, аль эсвэл илүүдэл нь улс хоорондын зөрчилдөөн, мөргөлдөөн, үл ойлголцлын анхдагч үндэс болж байна. Үүнийг Сараево, Сомали болон Нил мөрний дагуу оршдог Эфиопи, Судан, Египет бусад Ойрхи Дорнодын орнууд, Балба, Энэтхэг, Бангладеш, Тайланд, Камбож, Вьетнам, Ботстван, Намиб зэрэг оронд болсон хэрэг явдлууд тодоос тод гэрчилж байгаа юм. Зарим жишээг тодруулбал, Иорданд байгаа усанд хяналт тавих үүднээс Израйль улс Голанийн өндөрлөгийг эзэлж авсан. Холбооны Бүгд Найрамдах Герман улсын гадаад яамны сайд асан Кинкель “Ус улам улам стратегийн бүтээгдэхүүн болж байна. XXI зуунд хэн хамгийн их итгэлийг усанд өгч байна тэр улс төр, аж ахуйн болон нийгмийн илүү давуу талтай. Ус нефтээс ч чухал” гэж илтгэлээ олон удаа эхэлсэн байдаг. 1991 онд Египетийн Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Бутрас Галид “Ойрхи Дорнод дахь дараагийн дайн улс төрийн шалтгаанаас бус усны нөөцөөс болж гарна” гэж мэдэгдэж байжээ. Эдгээр хүмүүсийн түүхэнд тэмдэглэн үлдээсэн үгс оргүй бишээ. Өнөө хүртэл олон оронд “Усны эх үүсвэр эзэмшигч нь улс төр, нийгмийн шийдвэрлэгч байдаг тогтолцоо” байсаар байгааг үгүйсгэж болохгүй юм. Устай холбогдсон тоо, баримтаас түүвэрлэн жишээ татахад дээрх дүгнэлтүүдэд хүрч байна. Усны өмнөөс ухвар миний бие уншигч танд өчил өргөн баримуй. Унган байгалиа сэргээж тордох, усны нулимсыг хатаан арчих нь эгнэгт хүмүүний ёсон, эх оронч үзэл санааны эхлэл бөлгөө.
Усыг эв эеэ олж зохистой үр дүнтэй ашиглах нь энх тайвнаар зэрэгцэн оршихын тулгуур, зөрчилдөөн, тэмцэл, үл ойлголцлын нурмыг бөхөөгч, аюулын галыг найдвартай унтраагч манаач юм.
Ус намайг чандлан дээдэлвээс
Уярч, ургуулж, ундаалж
Ус намайг гарзанд орхивоос
Уурлаж, хонзогнож хохироож ч чадна
“Монгол-Ус” ТӨҮГ-ын Зөвлөх Т.Норовжав